|
Цөлжилт Монгол орны хувь тавилан биш
Монгол орон зах зээлийн эдийн засагт амжилттай шилжин ардчилсан нийгэмтэй болж, даярчлагдсан дэлхийд байр сууриа бэхжүүлэн яваа орон. Эдийн засгийн өсөлтийн өндөр түвшин, сүүлийн хэдэн жилийн төсвийн илүүдэл, зарим экспортын бараа бүтээгдэхүүний, ялангуяа зэс, алт, ноолуурын үнийн өсөлт зэрэг хүчин зүйлс нь энэ таамаглалыг улам бүр баталгаажуулах боловч дэлхийн зах зээл дэх эрдэс бодисын үнийн хэлбэлзэл, бэлчээрийн талхагдал, цөл, цөлөрхөг газрын нүүдэл тархалт зэрэг нь Монгол орон гадны хүчин зүйлсд хэрхэн эмзэг байдгийг харуулж, хөгжлийн зөв чиг хандлагыг богино хугацаанд төвөггүй хувиргах эрсдэлтэй.
Иймд төр засаг гадны түншүүдийн дэмжлэгтэйгээр Монгол орон байгаль орчны болон гадны аливаа дайрлага нөлөөнд тэсвэртэй, нийгэм, уур амьсгалын өөрчлөлт хэлбэлзэлийг сааруулах механизм бүрдсэн орон гэсэн байр суурийг улам бүр бэхжүүлэх шаардлагатай байна. Цөлжилт, газрын доройтол нь Монгол орны зөвхөн байгаль экологийн нөөц, эд баялагийг сүйрүүлээд зогсохгүй түүний нүүдлийн эртний соёл уламжлалыг хоосруулан, үгүйрүүлэх аюултай.

Дээрхи нөхцөл байдлаас хамааран цөлжилттэй тэмцэх асуудал нь Монголын хөгжил, дэвшлийн тэргүүлэх чиглэлийн асуудал яах аргагүй мөн болсон тул МУ-ын ЗГ Монгол улсын цөлжилттэй тэмцэх хүчин чармайлтыг дэмжих хүсэлтийг Швецйарийн хөгжлийн агентлагт тавьсаны үр дүнд 2007 оноос Цөлжилтийг сааруулах төслийг хэрэгжүүлэхэд техник, санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.
Төслийн зорилго
Монголын холбогдох байгууллагуудын цөлжилттэй үр дүнтэй тэмцэх чадавхийг сайжруулж, гандуу, хуурай нутгийн ард иргэдэд тогтвортой амьжиргааг бий болгоход дэмжлэг үзүүлэх.
Монгол орны нийт газар нутгийн 90 гаруй хувь нь цөлжилтөнд өртөмтгийн хуурай, хагас хуурай бүсэд хамрагддаг ба 72.3 хувь нь цөлжилтөнд өртсөн гэж Цөлжилтийн судалгааны төвийн эрдэмтэд тодорхойлсон. Өнгөрсөн 60 жилийн туршид Монголд ган хуурайшилтын давтамж нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас болж бэлчээрийн нийт газрын 70 хувь нь ямар нэгэн байдлаар доройтолд орсон.
Монгол орны хувьд цөлжилт, газрын доройтол нь байгалийн баялаг, улс орны бүтээмжинд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч, монголчуудын нүүдэлчин соёл, аж ахуйд заналхийлсэн асуудлын нэг болоод байна.
Хамаарах холбоосууд:
|