Мал тооллогыг зөв хийснээр хүлэмжийн хийн ялгарлыг сааруулах боломжтой

Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүнг хэлэлцэх цахим болон танхим хосолсон хэлэлцүүлэг /2021.11.29/ боллоо. Хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газар, ХХААХҮЯ-ны МАА-н хөгжлийн бодлого зохицуулалтын газар, ҮСХ-ны ХААБО Үйлдвэрлэлийн статистикийн хэлтэс, Уур амьсгалын өөрчлөлт судалгаа хамтын ажиллагааны төв, ХААИС-ийн багш судлаачид; ХААИС ийн МААБ-ийн сургууль ба МААЭШХ-ийн Бэлчээр тэжээлийн салбар, Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Бодлого судлалын төв, Жасыл Байгаль орчны ТББ, Монголын тариалан эрхлэгчдийн үндэсний холбоо, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо, НҮБ-ийн ХХААБ-ын CBIT төслийн багийн төлөөлөл оролцов.

Монгол Улс нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын гишүүн орны хувьд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой зорилт, арга хэмжээгээ тодорхойлон Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн баримт бичгийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. ҮТХН-ийн хэрэгжилтээ хянаж, тайлагнахад салбар бүрийн мэдээ, мэдээллийн чанарыг сайжруулах, оролцогч талуудын техникийн болоод хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хэрэгцээ, хэрэгцээ шаардлага байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол улсын үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийг хөдөө аж ахуй, ой, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх (CBIT)” төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна. CBIT төсөл нь ҮТХН-т тусгагдсан Хөдөө аж ахуй, ой, газар ашиглалтын салбарын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээний тайлагналтын ил тод байдлыг сайжруулах, хүлэмжийн хийн тооллогын өгөгдөл, мэдээллийн чанар, урсгалыг сайжруулах, тогтолцоог боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. CBIT төслийн үйл ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хүлэмжийн хийн тооллогын мэдээ, мэдээллийг сайжруулах зорилгоор байгууллагуудтай хамтран гэрээт ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа аж.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, тус холбооны зөвлөх Б.Мандах нар “Хүлэмжийн хийн тооллогын тооцооны 2-р төвшинд шаардлагатай мал аж ахуйн салбарын тооллого, мэдээний үнэлгээ, сайжруулах боломж”-ийн талаар хийсэн судалгааны ажлын талаар болон үр дүнгийн талаар илтгэл тавьсан юм.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг энэ үеэр “Мал сүргийн тоо толгойн өнөөгийн байдал нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаарх манай улсын амлалтыг төдийлөн дэмжихгүй байна. Тиймээс хүлэмжийн хийн тооллогын тооцооны 2-р түвшинд шаардлагатай мал аж ахуйн салбарын тооллого, мэдээний үнэлгээ, сайжруулах боломжийн талаар судалгаа хийлээ. Мал тооллогыг малын төрөл тус бүрийн хүрээнд дэд ангиллыг үхэр, хонь, ямаан сүргийн тухайд нас, хүйсээр зөв тогтоох нь чухал юм.

Малын чанар, менежментийг сайжруулах үржил, селекцийн бодлогыг  зөв томьёолж хэрэгжүүлэх, үржлийн цөм сүрэг бүрдүүлэх, малын үүлдэрлэг байдлыг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж чанарыг сайжруулах, монгол малын тэсвэрт чанарыг бататгах, өндөр арвин  ашиг шимт  мал,  амьтны тоог бодлогоор дэмжих зэргээр бэлчээрийн даацад тохирсон тооны мал сүргийг өсгөн үржүүлэх ажлыг нэн тэргүүн авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Судалгааны дүнгээс үзвэл малын тооны өсөлтийг малын чанарын дээшлэлтээс 5-8%, бог малын хээлтүүлэг, төллөлтийн менежментийг сайжруулснаар наад зах нь 8-10% нийтдээ 12-18%-аар сааруулж тэр хэмжээгээр Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтойг бидний судалгаа тооцоо харуулж байна” гэдгийг онцолж байлаа.

П.Нарандэлгэр