Байгалийн гэнэтийн аюулын өмнө хүчин мөхөстсөн малчиддаа туслая

Цонхны цаана бороо шиврэн орж байна. Хотын гудмаар алхах хүмүүс өвлийн хүйтэн жавар, утаанд хордон амьсгалж байсан өдрүүдээ мартан нүүрэндээ инээмсэглэл тодруулан алхацгаана. Энэ жилийн хавар онцгой хүйтэн жиндүүхэн өдрүүд олон тохиосон ч бороон дусал бүгдийг угаах мэт таатай мэдрэмж төрүүлэх ажээ. Ийм л мэдрэмж хүн бүрийн сэтгэлийн гүнд мэдрэгддэг бол амьдрал илүү сайхан байхсан. Гэвч өнөөдөр та инээж байвч, хаа нэгтээ хэн нэгэн уйлж суугаа гэдэг амьдралын үнэнг мартаж боломгүй. Хүн өөрт ирээгүй жаргалыг хүсдэг бол өөрт ирээгүй зовлонг “муу юм холуур” хэмээн бодох нэгэн ч байдаг. Хэдийгээр хүний баяр хөөр, гуниг харуусал хэн нэгэнд очоод наалдчихгүй ч та бид бусдын төлөө гэсэн сэтгэлийг зүрхэндээ тээж, өөрөөсөө илүү бусдыг хайрлах ухааныг сануулах шиг үдэш... 

Жил жилийн хавар та бидний хамгийн их сонсдог нэгэн мэдээлэл бол ой хээрийн түймэр. Хичнээн га газар, ой мод түймэрт өртөж, байгаль орчинд хор хохирол учруулсаныг дурьдаад баршгүй. Хамгийн харамсалтай халуу төөнөн улайссан түймэр харсан бүхнээ хүрсэн бүхнийг хуйхалж, халуун амийг зогсоож орхидог нь гунигтай үнэн. Байгаль цаг уурын нөхцөл, хаврын хуурайшилт, хөрш орнуудаас хил даван түймрийн аюул орж ирдэг ч ихэнхдээ та бидний санамсар болгоомжгүй үйлдэл, хэнэггүй зангаас эхлэлтэй юунд ч үл захирагдах хүчтэй ой хээрийн түймрийн хор хохиролыг нүдээр үзэж, биеэр мэдэрсэн минь хэзээ ч үл мартагдах гунигт дурсамж сэтгэлд минь үлдээсэн юм.

Түймэртэй холбоотой олон харамсалтай түүхийг тоочиж болох ч хэдхэн хоногийн өмнө Дорнод аймгийн Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот сумдыг хамран  2023 оны 5 дугаар сарын 2-нд гарсан хээрийн түймэрт 20 гаруй айлын гэр, хашаа саравч өртөж, түймэр унтраахаар ажиллаж байсан 10 алба хаагч галын улмаас гар сарвуу түлэгдэн, хайрагдаж сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Аав, ээжээс минь ялгаагүй хоёр буурай түймрээс үлдсэн хэдэн малаа хараад, “Орон гэр маань шатчихсан, хоёр хүү түлэгдээд аймгийн эмнэлэгт хүргэгдсэн, хүүхдүүд маань л амьд мэнд байгаа нь яамай” гээд өмссөн хувцастайгаа зогсох нь уужуу сайхан сэтгэлтэйнх ажээ.

Хэн нэгэн хариуцлагагүй этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж байгаль орчин сүйдэж, ан амьтан, мал сүрэг үрэгдэж, хотоо харлуулж, голомтоо сүйтгүүлсэн айлуудын тухай зураг бичлэгийг харах бүр үнэхээр их харамсал төрж байна. Өнчин ишигний хорогдолгүй өвлийг давж чадсан ч өсгөж үржүүлсэн мал сүрэг нь хормын төдийд амьдаараа тарчилж, амь тасарсан байхыг харах малчин хүний сэтгэлд ямар их харуусал харамсал төрж байгаа бол. Хэлж ирдэггүй харуусал гэлтэй.

Хувийн өмч нь гэж хэлэх нэгэн байж болох ч эх орныхоо өнцөг булан бүрт эрдэнэт малынхаа эзэн нь болж яваа эрэмгий хэдэн малчдаа та бид хайрлах ёстой. Эцэг өвгөдөөс өвлүүлж үлдээсэн өв их соёл, нүүдэлчин монгол түмний ёс заншлыг хадгалж, хамгаалж яваа малчин хүн монголчууд та бидний дэлхийн улс орнуудаас ялгарах үндэсний дархлаа. Жилийн дөрвөн улиралд нар салхинд гандаж гундахыг үл ажран халуун хошуутай мал сүргийнхээ буянд хичээл зүтгэл дүүрэн амьдарч явсан ч нэг л өдөр хотоо харлуулчихаад зогсоно гэдэг үнэхээр харуусалтай.

Анх 2015 оны хаврын энэ л цагт зүүн гурван аймагт ассан ой хээрийн түймрийн нөхцөл байдалтай танилцах Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнд багтан сурвалжлага хийж явахдаа хөл доороос халуу төөнөх түймрийн цогтой нурман дээгүүр алхахдаа, түймэрт өртөөд бөндийсөн хар юм болоод шатчихсан мал сүргийг хараад нулимсаа барьж дийлэхгүй хямарч явсан. Улалзан агсарж, аашилж загнах мэт нүүр цоргин улайсах халуун гал, түүнийг унтраахаар олон хоног нойр хоолоо умартан ажиллах Онцгойгийнхон, орон нутгийн иргэдийн нутгаа гэх сэтгэлийг мэдэрсэн мөч хормууд. Асан дүрэлзэж байгаа тэр ой модон дунд хичнээн ан амьтан үрэгдээ бол, чимээгүйхэн урагшилж, салхинд хүчээ аван улалзах хээрийн түймэрт хичнээн айлын мал хорогдоо бол гэж бодох бүр харамсал төрж явсан өдрүүд. Тэр л өдрүүдийг ой хээрийн түймэр ассан тухай мэдээ гарах бүрт эргэн санадаг. Чойбалсан суманд ассан түймэрт хотонд байсан 1000 гаруй хонио алдсан малчин хүн ямархан харуусал дунд уйлж суугааг бодох бүр  сэтгэл эмзэглэх...

Одоогоор Улсын онцгой комисс болон аймаг орон нутгийн удирдлагууд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, орон нутгийн иргэдийн санаачлагаар галд өртөж, өмссөн хувцаснаасаа өөр юу үгүй үлдсэн айл өрхүүдэд эрвийх дэрвийхээрээ туслаж хандивийн аян өрнүүлээд байна. Нутгийн иргэд түймэрт нэрвэгдсэн айл өрхүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх аянд нэгдэж, хургатай хонь, ишигтэй ямаа, төлөг зэргийг хандивлаад байна. Гэхдээ байгалийн гэнэтийн аюулын өмнө хүчин мөхстөж, үнэ цэнэтэй бүхнээ алдсан хүмүүст чин сэтгэлийн тус дэм багадахгүй. Тиймээс ой хээрийн түймэрт өртсөн айл өрх, хүмүүст туслах аянд нэгдэж сэтгэлийн хандив  өргөхийг та бүхнээс хүсэж байна.

Дашрамд дуулгахад, он гарсаар Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2023.05.02/ Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс зэрэг 10 аймгийн 28 суманд 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 22 гэр, (сууц) 19 хашаа (саравч), 1 автомашин, 3273 мал, ойн 3296 га, хээрийн 356,510га, нийт 359,505га талбай өртөж, ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд Онцгой, Хил, Зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллага болон орон нутгаас нийт 2600 гаруй хүн, 320 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

Гэрэл зургийг Чойбалсан сум зар мэдээ мэдээлэл цахим хуудаснаас авав.

П.Нарандэлгэр 

2023.05.04 01:00