Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд саналаа оруулаарай

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, өнөөгийн нийгэм эдийн засгийн харилцааны олон талт нөхцөлд тохируулах зайлшгүй шаардлага тулгарсан гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн онцолж буй. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хууль нь 2002 онд батлагдсанаас хойш тус хуульд 32 удаагийн нэмэлт өөрчлөлт хийгдсэн аж. Гэвч газартай холбоотой олон талт харилцааг хуучин хуулиар зохицуулахад хүндрэл үүсэж байгаа тул шинэ багц хуулийг Засгийн газраас өргөн барьсан юм. Ингэхдээ газрын харилцаанд оролцогч талуудын саналыг авч, нэгтгэн Хот байгуулалтын тухай хууль болон Геодези, зураг зүйн тухай хуультай уялдаа холбоог нь илүү сайжруулах зорилгоор ажиллаж байгаа аж. 

Газрын багц хуулийн төсөл нь дотроо таван хуультай.

Геодези, зураг зүйн тухай хууль нь хоёр хуультай.

Хот байгуулалтын тухай нэг хууль бий.

УИХ-ын даргын захирамжаар дээр дурдсан найман хуулийн төсөлд 21 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд мал аж ахуйн салбарын гол үндэс болсон бэлчээрийн олон талт харилцааг зохицуулах буюу “отрын нөөц бэлчээр”, “дамжин өнгөрөх бэлчээр”, “бэлчээрийн даац”, “бэлчээр  ашиглагч”, “бэлчээр ашиглагчдын бүлэг", ”малчин өрх” гэсэн үндсэн нэршилийг тодорхой болгохоор оруулсан байна. Мөн бэлчээр ашиглагчдын саналыг үндэслэн аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон сумын тухайн жилийн төлөвлөгөөнд нийцүүлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал улирлын бэлчээр, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр, отрын нөөц бэлчээрийн газрын хил зааг, хэмжээ, байршлыг тогтоох зэрэг олон чухал асуудлыг багтаасан байна. Иймд Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд саналаа өгч, хуулийн төсөл боловсруулахад хувь нэмрээ оруулсанаар малчдын болон орон нутагт тулгамдаад буй олон асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх, хуулиар хамгаалагдах боломж бүрдэх тул саналаа өгч, идэвхитэй оролцохыг хүсэж байна. Учир нь уг хуулийн төсөлд иргэдээс санал авах хугацаа дуусахад хэдхэн хоног үлдсэн бөгөөд УИХ-аар хэлэлцэгдээд эхэлвэл санал өгөх боломжгүй болох юм. 

Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг ЭНД ДАРЖ уншиж танилцах боломжтой. 

Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг ЭНД ДАРЖ татаж авч унших боломжтой. 

Уншиж танилцаад ЭНД ДАРЖ  саналаа өгөөрэй.