Ц.Оюун: Малчид бид ирээдүйн төлөө нэгдмэл, эх оронч байх хэрэгтэй

ШХА-ийн Ногоон алт төслийн ажлыг хийж эхэлсэн түүхээс хуваалцвал?

-Манай Өндөрширээт суманд 2007 оноос эхлэн “Ногоон алт” төсөл хэрэгжиж эхэлсэн. Миний хувьд 2008 онд “Ургамлын мэргэжилтэй хүн ажилд авна” гэсэн зарын дагуу анх очиход намайг аваагүй. Дараагийн удаа нь “35 аас доош насны судалгааны  мэргэжилтэй хүн ажилд авна” гэсэн. Би 45 хүрчихсэн байсан болохоор бас л аваагүй. Тэгтэл “Гэрээгээр судалгааны ажилтан авна” гэхээр дахиж анкет өгсөн. Яагаад ч заавал энэ ажилд орох гээд зүтгээд  байсан юм. Гэхдээ хичээл зүтгэл минь талаар болоогүй.

Удалгүй манай сумын Ногоон алт төслийг хариуцаж байсан Дорлигсүрэн дарга “2-3 удаа анкет өгөөд байгаа тэр эмэгтэйг аваад ир” гэсэн юм билээ. Намайг хөдөө байхад минь дуудаж, судалгааны ажилтнаар анх ажилд орсон. Судалгаа хийж эхлээд гурван сар гаруй болж байтал  “Улаанбаатар хотод очиж сургалтанд суу” гэж байна. Гэтэл компьютер гэдэг зүйлийг огт мэдэхгүй. Ганц удаа ч дарж, асааж ч үзээгүй яг л “Сэрэлт” киноны Бумаа гуай шиг л нөхөр явж очсоноос хойш өнөөдрийг хүртэл энэ төслийнхөө шугамаар ажиллаж байна.

2014 он хүртэл Ногоон Алт бэлчээрийн төсөл хэрэгжүүлж дуусгавар болж 2018 оноос Ногоон Алт малын эрүүл Мэнд төсөл хэрэгжиж байна. Эдгээр төсөл маань хөрөнгө оруулалтын төсөл биш хөгжлийн төсөл учраас малчдын сэтгэхүйд буюу болохгүй байгаа асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх одоо хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд яаж зохицуулахын тухайд гаргалгааг нь гаргаж өгч байдаг юм. Төв аймгийн 5 суманд “Ногоон алт, малын эрүүл мэнд” төсөл хэрэгжих болж, манай сум Загвар сумаар сонгогдсон тул малчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөд л ажиллаж байна.

Хамгийн анх Ногоон алт төслийн ажлыг хийж эхлэх үед МБАНХ–ны зүгээс 10 сая төгрөг өгсөн юм. Түүгээр нь хадлангийн тоног төхөөрөмж иж бүрнээр нь авч, түүнийхээ үр шимээр жил бүр энэ байгууллагаа улам бүр бэхжүүлэхийн төлөө хичээж ажиллаж ирлээ. Тухайн үед мөн 100 эм хонь авч, ашиг шимээ өгч үржсээр 2016 онд 500 гаруй толгой хонь, 10 гаруй үхэртэй болсон. Тэр хугацаанд Өндөрширээт сумандаа нилээд хэдэн айл өрхийг малжуулах ажил хийсэн. Малыг маань өсгөж байгаа айлд жил бүр гарсан төлийнхөө 50 хувийг өгдөг байсан. Жилдээ 250 орчим  толгой мал төллөдөг байсан ч цаашид энэ ажлыг үргэлжлүүлээд явах боломжгүй болсон доо.

-Яагаад?

-Ядарсан хүнд “Мал маллаад өгөөч” гээд өгөхөөр сайхан арчлаад явчихаж чаддаггүй юм билээ.  Үнэндээ ядарсан хүн гэдэг ядуу сэтгэлгээтэй, авах сэтгэл нь их болчихсон, чанартай юмыг чанаргүй болгочихдог гэдгийг харж, мэдэрсэн. Хавар жинхэнэ тураал болчихсон хэдэн малаа буцааж аваад бүгдийг нь борлуулаад  мөнгө болгоод хадгалья гэж шийдсэн. Тэр мөнгө маань эрсдэлгүй өсөж байгаа. Хадлан өвс ургахаа байж хол газар өвс хадаж авна гэдэг тэр тусмаа жил бүр нэг эзэнтэй байдаг тоног төхөөрөмж  маань урагшлахгүй болсон тул  тоног төхөөрөмжөө зарсан.

Манай суманд Ногоон алт төсөл 2014 он хүртэл хэрэгжээд, түүнээс хойш бид “Ширээт хөгжил” хоршоог бие даан хөгжүүлж байна. Хоршооны маань гишүүдийн үнэт зүйл бол бидний бүртгэлийн дэвтэр. “Ширээт хөгжил” гишүүдийн бүртгэлийн дэвтэр дээр түүхий эд өгсөн гишүүн бүр бүртгэлээ хийлнэдэг. Байгуулагдаад 9 жил болсон “Ширээт хөгжил” түүхий эд бэлтгэлийн хоршоо маань идэвхитэй, тогтвортой ажиллаж байна. Хоршоонд маань 244 малчин өрх бүртгэлтэй байдгаас 150 малчин нь үнэ өссөн ч, буусан ч түүхий эдээ өгч  байдаг. Тэд маань үнэнчээр үлдсэн учраас хоршоо маань хөгжсөөр л явна. Манай хоршоо ХХААХҮЯ-наас 5 жилийн хугацаатай 45 сая төгрөгийн зээлийг авч түүнийгээ төлж дууссан. Тэрний  үр дүнд өөрийн гэсэн хашаа, агуулахтай  болсон.

-“Ширээт хөгжил” хоршооны хөгжил хаанаас эхэлсэн гэж хардаг вэ? 

-Хөгжихөд хөрөнгө биш сэтгэл л хэрэгтэй. Хүн итгэсэн хүндээ юуг ч өгдөг. Хүнийг гэсэн сэтгэлээр аливааг хийж чадвал мөнгө чухал биш. Яагаад Бэлчээр ашиглагчдын холбоо, Түүхий эдийн хоршоо, Хадгаламж зээлийн хоршоо нэг дор байгаа юм. Бэлчээр ашиглалт, байгаль хамгаалах, бусад ижил төстэй байгууллагатай хамтарч ажиллах, гишүүн малчдыг мэдээлээр хангах зэрэг ажлыг ТББ нь хариуцаж, бэлчээр ашиглах гэрээг Сумын Засаг даргатай байгуулж, 2017 онд Бэлчээр ашиглалтыг зохицуулах журам боловсруулж, сумын ИТХ-аар батлуулж малчдын дуу хоолой болон ажиллаж ирлээ.

Түүхий эд бэлтгэлийн хоршоо маань ерөнхийдөө санхүүгийн суурь тулгуур минь. Харин Хадгаламж зээлийн хоршоо нь малчдаа  хуримтлалтай болгож, тэднийг санхүүгийн асуудлаас бага боловч гаргах зорилготой эдгээр байгууллага маань нэгдэж малчдын байгууллага буюу тулгын гурван чулуу  болж байна. 2010 оноос хойш гишүүдийнхээ төлөөллийг явуулаагүй аймаг, сум гэж бараг байхгүй. Тэд бусдаас суралцдаг. Түүхий эдийн хоршооныхоо идэвхитэй малчдаа гадаад, дотоодоор аялуулдаг.

Орон нутагтаа хэрэгцээтэй мэдлэг боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдэд сургалтын төлбөрөөр дэмжлэг үзүүлдэг. Сумын цэцэрлэг, сургууль, эмнэлэгээс уралдаан тэмцээн зэрэгт оролцоход дэмжлэг, хүн эмнэлгийн хувьд улиралд нэг удаа манай малчдад маань эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байхад нь дэмжлэг үзүүлдэг. Сургууль, цэцэрлэгийн хувьд манай хоршооны малчдын хүүхдийг сурах боломжоор хангаж өгөхийг хүсч, дотуур байрны нэг өрөөг тохижуулж өгч байсан. Мөн бусад байгууллагатайгаа хамтран ажиллах тал дээр анхаарч, 3 байгуулагынхаа бүх гишүүдийг Төрийн банканд данстай байхыг шаардаж бүх байгуулага маань Төрийн банканд дансаа байршуулж, ижил төстэй хоршоодтойгоо хамтран тэднийг дэмжиж тусалж ажилладаг.

Орон нутгийн хөгжлийн сангаар бий болсон талх нарийн боовны цех, арьс ширний цех, цайны газар зэрэгт тоног төхөөрөмжийн болон түүхий эд авах хүүгүй буюу бага хувийн хүүтэй зээлийн дэмжлэг үзүүлдэг. Манай байгууллагын бас нэг сайн тал маань санхүүгийн мэргэжлийн хүн нягтлан, бүх санхүүгийн тайлан тэнцэл аудитын ажлыг маань хариуцдаг.  Бидний олон талаас нь асуудлыг харж хийдэг бүхэн маань малчдын сэтгэлийг татдаг гэж боддог.

Хүний сэтгэлийг татахын тулд СБАХ өөрөө чадавхижих хэрэгтэй. Чадавхижихын тулд  бизнес хийх  ётсой. Бизнес хийхийн тулд хүнд итгэл үзүүлэх ёстой. Хүний итгэлийг хүлээж, хүнээс авсанаа марталгүй бүртгэлжүүлж,  авсан шиг авдаг, өгсөн шиг  өгдөг байх хэрэгтэй. Хавар манай хоршооны малчид ноолуураа  авчираад шуудайн дээр нь нэрээ бичээд л орхидог. Манай нярав тэр бүхнийг нь нэг бүрчлэн бүртгэж авдаг. Хэдний өдөр хэн гэдэг малчин хичнээн кг ноос, ноолуур авчирч өгсөн юм гэдгийг нь бүртгэж аваад, тухайн өдрийнх нь ханшаар хэдэн төгрөг болсоныг нь давхар бүртгээд явчихдаг.

Түүхий эдийг тээвэрлэх шаардлагатай болоход “Оюун эгчээ тонн болчихлоо” гээд нягтлан нярав хэлнэ. Авч яваад зарна 3-7 хоногт л мөнгийг нь гаргаж өгдөг. Яаралтай мөнгө хэрэгтэй  гэвэл дансыг нь авч, яаралгүй гэвэл хугацааг нь бичээд явдаг. Хоршоо маань тийм ч их мөнгөтэй биш. Гэхдээ илүү ашиг олсоноо хадгалж, намартаа түүхий эдээ аваад илүү гарсан хэдэн төгрөгөөрөө шинэ жилээ тэмдэглэж, аялуулдаг. Хүнд итгэл үзүүлж, хүний төлөө явах нь их чухал. Гаднаас хүн орж ирээд юм асуухад “Яах гэж яваа юм” эсвэл “Танд юу хэрэгтэй вэ” гэж асуух хоёр өөр үр дүн авчирдаг. Энэ утгыг мэдэж харьцаж сурах нь амжилтын гол үндэс гэж боддог.

-Ногоон алт төслийг эхэлсэн цагаас таны амьдралд гарсан өөрчлөлтийг хэрхэн дүгнэх бол?

-Би бусдын л адил ажиллаж, амьдарч явна. Ажлын үр дүнгийн хувьд өнгөрсөн 7 жилийн хугацаанд сумынхаа малчдыг нэгдмэл санаатай болгохоор мэрийж явна. Хүний сэтгэхүйг хөгжүүлсэн ажлууд хийдэг учраас бидний хийсэн бүхэн тэр бүр хүний нүдэнд шууд харагдахгүй л дээ. Тиймээс манай хоршооны алдаа онооноос суралцаж, бэлчээр нутгаа хайрлан хамгаалахаар зорьж ирсэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын малчдад талархаж байна. Бид адилхан л малчин хүмүүс.

Үзэж харж сонссоноороо, бэлчээргүй болсон нутагт зорьж ирсэнээрээ сэтгэл санаагаа нэг болгох хэрэгтэй. Ингэж чадвал Цагаан-Овоо суманд отор оруулна гэвэл оруулж, оруулахгүй гэвэл оруулдаггүй болох юм. Мөн өөрийн сум орон нутгийн онцлог, давуу талаа судалж, ямар стандартай хонины нэхий, ноос, ноолууртай байх юм гэдгээ тодорхойл. Тэрнийхээ хойноос яв. Олон болгож, үнэтэй зарах гэж хөөцөлдөх хэрэггүй гэдгийг би амьдралын замналаасаа ойлгосон.

Би малчин удамтай, Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг 1983 онд төгсөж 1984 онд ирээд Өндөрширээт сумынхаа Газар тариалангийн үйлдвэрлэлд 13 жил  ажилласан. Зах зээлийн нийгэмд шилжих үед хувьцааны 10 ямаа, 5 хонь, 1 тугалтай үнээгээ авч, 10 гаруй жил энэ тууврын замд мал маллаж амьдарсан. 2007 хүртэл адууны хомоол, батгана шавж, отор тууврын зам болсон энэ л нутагтаа үлдэж байлаа.

Отор нүүдлээр зүүн тийшээ явсан мал малчныхаа туусан замаар л явж таарна. Хавар нутаг буцах болоход турж эцсэн морь мал нь замдаа үхээд үлддэг. Хэзээ ч ядарч зовж яваа улс үхсэн малынхаа сэг зэмийг устгахгүй. Нутагт минь үлдсэн тэр сэг зэмийг бид устгаад ч дийлдэггүй. Түүнийг дагаад батгана шавчихдаг тул мэдээж цэвэрлэж л таарна. Тиймээс баян хангайгаа хайрлан хамгаал. Та бүхэн үнэндээ хожуу хөдөлж байна. Харин ч төсөл хэрэгжиж, ажил хэрэг болгоно гээд явж байгаа нь том амжилт. Хамгийн гол нь эхлээд санаагаа нийлүүл хамтарч ажилла.

-Санаа сэтгэлээ нэгтгэх гэдгийг илүү тодруулж өгөөч?
 

-Хөрөнгө мөнгө босгох амархан. Гол нь хамтран нэгдэж босгосон байгууллагынхаа үйл ажиллагааг чанартай тогтвортой байлгаж, яавал гишүүд нь эх оронч байх вэ гэдгийг хаа хаанаа бодох нь хамгийн чухал асуудал. Тухайлбал, нэг өдөр л махаа 7 хоног зарахгүй гэхэд л бүх малчид зардаггүй байх хэрэгтэй. Бүх малчид ноолуураа дотоодын үйлдвэрүүдэд өгнө гэвэл адилхан л санаатай байх хэрэгтэй. Тэгж байж л бид монголын уламжлалт аж ахуйгаа авч үлдэнэ. Тэгтэл “Тэнд арай үнэтэйгээр авч байна” гэж хэдэн биенээ дагуулж, хэн нэгнийг унагаж урд хөршийнхөнд зарсаар байгаад өөрсдийнхөө үнэтэй хөрөнгөө үнэгүйдүүлчилээ. Тэрэнд 76 ямар ч хамаа байхгүй. Харин ч дэлхийн зах зээлд юм юмыг нь гаргах боломж олгочихлоо. Хууль зүйн орчинг сайжруулахыг л төрөөс шаардах хэрэгтэй.

-Монголын ард түмнийг сайн сайхан амьдруулах үүрэгтэй төр засгийн удирдлагууд ажлаа хийж чадахгүй байна гэж шүүмжлэх хүмүүс олон байдаг?

-Монголчууд бидний уламжлалт нүүдлийн мал аж ахуйг авч үлдэх ганц зам бол бид гэж нэг цөм болж  нэгдэх. Баруун, зүүн, төвийн аймаг гэж ялгарах хэрэггүй, бид адилхан л монгол хүн, малчин хүн. Тэгвэл нэгдэхийн тулд бид яах ёстой юм. Нэхийний үнэ хямд байна гээд арьс шир, гэдэс доторыг нь  гудамжинд хаяад, 76 гишүүн муу, муухай амьдруулж байна гээд муулж суугаад яах юм. Яах гэж 5000 төгрөгөөр дотоодынхоо үйлдвэрт өгч эцэсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  байсан нэхийг 7000 төгрөгөөр гадны хүнд өгсөн юм. Эх оронч  сэтгэлгээ бидэнд байхгүй учраас дотоодын үйлдвэртээ өгч  байсан нэхийгээ үнэгүйдүүлсэн. Хэдэн үйлдвэрүүдийнхээ хаалгыг барьчихаж дээрээ тулсан нь 76 –ын буруу юу, бидний буруу юм уу. Бодоод үзэхэд бид эх оронч сэтгэлгүй байгаагийн л жишээ.

Ноолуур дээр ч ийм асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Өмнөд хөрш  маань дэлхийн номер нэг чанартай ноолуур гээд гаргачихсан байна. Дотоодын үйлдвэрүүд 120 мянгаар авна гэхэд ахиу мөнгөөр гээд гадныханд 150 мянгаар өгсөн. Дээр дооргүй хэдэн төгрөгийн илүүг харсан энэ сонголтоос болж эх орон минь байхгүй болж, үндэсний үйлдвэрүүд зогсохдоо тулаад байна. Бид ч өөрсдөө амьдрахад хэцүү болно. Дэлхийн зах зээлд үнэлэгдэх бараа бүтээгдэхүүнгүй бол хэр удаан оршин тогтнох юм. Хэн нь хэнээсээ авах юм. Тиймээс ирээдүйн төлөө бид бүгд нэг санаатай,  нэгдмэл байж, эх оронч сэтгэлээ сэрээмээр байна. 200 мянгаар авна гэж хэлсэн ч хамаагүй  монголдоо, дотоодын үйлдвэрүүдээ өгөх хэрэгтэй.

Үнэндээ урд хөршийнхөн манайхаас авсан ноолуураасаа 1 дүгээр зэргийг нь ялгаж үнэ хүргээд, 2-3 дугаар зэргийнх нь ноолуурыг бидэнд утас болгоод аль эсвэл бүтээгдэхүүн болгоод хямдхан  буцаагаад өгч байна. Харин малчид ноолуурыг нь өндөр үнэтэй аваад байгаа учраас 300 гр гардаг ямааныхаа ноолуурыг 700 гр болгох гээд эрлийзжүүлэх ажил хийгээд явна. Биднийг ингэж будилж байх хооронд тэнд алсын төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тиймээс Монголын малчдыг нэгтгэсэн НАМЭМ төсөл, МБАНХ биднийг хооронд нь танилцуулж байгаа нь бодол санаагаа нийлүүл гэсэн утгатай гэж би харж байна.

-Хүмүүсийг нэгтгэхийн тулд баримталсан гол зарчим нь юу байсан бэ?

-Бэлчээр хамгаална гэдэг нүүгээд суугаад, буугаад буудаллаад буусан суусан газраа хог тариад явахыг хэлдэггүй. Нэг буусан буйран дээрээ 1 сар болно гэвэл нэг зүгт нь 7 хоног, нөгөө зүгт дахиад 7 хоног гэж 4 зүгт хариулаад явахад эхний 7 хоногийн идсэн өвс 3 долоо хоноод ирэхэд дахиад л ургаж төлжсөн байдаг. Малыг хариулагатай байлгана гэж хөгшчүүл яридаг нь энэ.  Анх энэ талаар сумынхаа малчдад ярихад “Энэ маань юугаа яриад байгаа юм” гэдэг байсан.

Мэдээж өөрөө тэр аргаараа малаа өсгөхөөр “Эдний л мал тарган. Ногоон алт төслийн  мөнгийг идээд  ийм болж байгаа юм” гэж хардах үе байсан. Хэн яаж, ямар арга хэрэглээд байна гэж судалж суралцахаасаа түрүүлж, хов ярьж, хардах сэтгэлээр аливааг харахгүй байхад л гол анхаарлаа чиглүүлээрэй гэдгийг хэлмээр санагддаг. Ер нь хүн муу талыг их харж, сэтгэх тусам амьдрал нь улам их асуудалтай болоод байх шиг санагддаг.

Түүний оронд нутагтаа ургаж байгаа ургамлуудаа яаж хамгаалах вэ, яаж дэлгэрүүлэх вэ, яаж сэргээх вэ гэдэгт анхаарч, аль боломжтой газар нь тарьж үржүүлж болох нь уу үгүй юу гэдгийг судалж турших зэргээр хүн болгон л хичээх хэрэгтэй. Миний монголын малчин бүр эрдэмтэн, цаг уурч гэж яридаг.  Нутагтаа одоо ургаж байгаа ургамлаа устахгүй, газрын хөрснөөс авдаг шим тэжээлээ алдахгүй байлгахын төлөө л хичээх хэрэгтэй.

Тэгэхгүй малчин бүр л өөрийнхөө эрх ашгийг тэргүүнд тавьж, “Хаяа хатгахаараа бууна, хамар хатгахаараа иднэ” гээд өрсөж идээд явбал манай нутаг шиг л болно. Бид энэ замыг туулж ирсэн. Малчид одоо л миний үгийг илүү сайн сонсож, ойлгож байна. Бэлчээр хомсдоод ирэхээр малчид НАМЭМ төсөл юу хийж байна. Нөгөө сум хариуцсан Оюун юу хийж байна, аймаг хариуцсан Мягмарсүрэн  юу хийж байна гэх болсон.

-Байгаль цаг уурын өөрчлөлтөөс гадна бэлчээр нутгаа зөв зохион байгуулж ашиглаагүй, малын тоо толгой ихэссэн зэргээс үүдэн малчид отроор явж байна гэж дүгнэж болох уу?

-Манай Өндөрширээт, Лүн сумын заагаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын голдуу малчид  орж ирдэг. Малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдлээс халдварт өвчин орж ирэх эрсдэл гардаг. Тиймээс Өндөрширээт сум маань эрүүл бүс нутаг гэдэг утгаараа ЗДТГ-аас ажлын хэсэг байгуулж отороор орж ирсэн буюу дайран өнгөрч байгаа малчдын малын эрүүл мэндийн дэвтэр үзэх, малын хулгай гарахаас сэргийлэх зэрэгт үзлэг хийж явуулдаг. Энэ нь тийм ч шилдэг арга биш. Энэхүү дэвтэрт бичигдсэн зүйл нь / тарилга туулга хийлгэсэн эсэх, вакцинд хамрагдсан эсэх/ үнэн эсэх нь тодорхойгүй гарал үүсэлийг мэдэх боломжгүй бүрхэг.

Оторыг зун намар хийж тарга хүч авахуулдаг байсан нь одоо өвөл толгой хорогдох газар олохыг хэлдэг болсон үнэн бөгөөд гашуун бодит байдал. ХААЯ-ны Отор зохицуулах газар сая мэдэгдэл хийсэн байсан. Уг мэдэгдэлд отроор орж ирсэн иргэдийг хөөж дарамт үзүүлж болохгүй, өвс тэжээлээр үнэгүй хангана гэснийг нь ойлгохгүй байгаа. Өвс тэжээл өгөх юм бол нутагт нь байлгаж өвөлжүүлээд, хангалтаа хийхгүй өөр газар ирж дахиад малчдыг муудаж сайдуулах шаардлага байгаа юм уу гэх мэт харалган бодлого яваад байгаад л хамаг хэцүү нь байгаа юм.

Гэхдээ энэ их хэцүү асуудал л даа. Өөр нэг аймаг сумаас хэн нэг нь түрүүлж нүүж ирээд дараа нь нутгийнхаа хүнийг дууддаг. Ирсэн хүмүүсээсээ хөлс авдаг. Нэг айлыг өвөлжүүлэхэд тэдэн малтай бол тэдэн төгрөг, услахад услахад тэдэн төгрөг гээд үнэндээ төрөөс илүү ажилладаг. Төр чадахгүй байгаа учраас ард түмэн зохицуулалтыг өөрсдөө хийж байгаа нь тэр. Төр биднийг хуулийн дагуу ажиллах нөхцлийг бүрдүүлээд өгчихвөл отрын малыг нөөц бэлчээртээ байлгаад малчдад нь тодорхой хэмжээний мэдээлэл өгч, орон нутгийнхаа хэмжээнд асуудлыг шийдээд явах юм.

Тодорхой хэмжээний төлбөр төлчихвөл ирэх жил дахин ирэхэд нь орхисон сэг зэмийг устгаж, хог шороог нь цэвэрлэж, бэлчээрээ сайжруулах, нөхөн сэргээх зэрэгт зориулна гэвэл өгөх малчид зөндөө байна. Гэтэл сум орон нутгийнхаа бэлчээрийн асуудлыг шийдвэрлэхэд бидэнд мөнгө өгөх, авах хууль эрх зүйн зохицуулалт байхгүйгээс тэднийг дуудсан ганц айлдаа л мөнгө өгч байна. Гэвч манай нутаг ямар байгаад ямар болчихов гэдгийг бид харж байна.

Тиймээс бусад орон нутгийн малчдад хэлэхэд өөрийнхөө онцлогт тааруулаад ямар дүрэм журам мөрдвөл болох талаар ярилцаарай. Бидний хувьд ургамлын чанар гарц муудсанаар малын тарга тэвээрэг ч муудаж байгааг бодитоор мэдэрч байна. Жишээ нь, 5 жилийн өмнө манай нутгийн хурга 20 кг, төлөг 25кг, эм хонь 27 кг-ийн дундаж  татдаг байсан. Одоо 25-27 кг татдаг шүдлэн хонь ч байхгүй болход ойрхон. Энэ бол манай сумын хөрсөнд ургаж байгаа ургамлын витаминлаг чанар багассан гэдгийг харуулж байгаа хэрэг.

Тиймээс бид одоо төлөг болголгүй, хурга байхад нь түлхүү зардаг болж байна. Яагаад гэвэл төлгийг нэг жил ургамал идүүлж байж дундаж жин 17 кг. Харин хавар төрсөн хургыг намар  борлуулахад дундаж жин 15 кг татаж байна. Ердөө л 2 кг-ийн зөрүүн дээр бүтэн жил хөрс эвдүүлж байхаар хургаа намар борлуулах нь илүү ашигтай болсон.

Манай нутагт хадлан авах аргагүй болсон тул Хэнтий аймгийн Хөлөнбуйр суманд сүүлийн 3 жил очиж хадлан хадаж байна. Тэнд очоод хоол авч идэхэд мах нь өөх ихтэй байдаг ч манайхаас ялгаатай нь хар мах алгалсан өөхтэй. Харин манайд хар мах ч үгүй дан өөх байдаг. Энэ бол зүгээр л өөхөн тарга гэсэн үг. Өвлийн хамгийн анхны  цас шуурганд л хавчийгаад эхэлнэ. Хавар ясандаа чөмөг суугаагүй, хий өөхөн тарга авсан малын  чанар ямар байх билээ. Хүн болгон тэрийг мэдэж байгаа мөртлөө яах тухайгаа ярилцдаггүй .

Тэгэхээр Цагаан-Овоо сумын малчид та нар азтай байна. Энэ сайхан төслийн хүчинд газар үзэж бодит амьдралд дээр үүссэн асуудлыг харж мэдэрнэ гэдэг азтай хэрэг. Үнэндээ малд махан тарга хамгийн хэрэгтэй зүйл. Мах нь ямар ч үед шуугдаж хайлахгүй, өөх мах алаглахыг чанартай гэж хэлнэ. Энэ чанарыг мэдсэн урд хөршийнхөн стандарт гаргачихсан байна. Манай мах дэлхийн зах зээлийн энэ стандартад нийцэхийн тулд эмийн үлдэгдэлгүй, цэвэр байгалийн бүтээгдэхүүн гэдгээрээ л ялгарч чадна.

-Малчдад өгөх зөвлөгөө?

-Болж бүтэж байгаа юмны хойноос хөөцөлдөөд хэрэггүй. Харин болохгүй бүтэхгүй байгаа зүйл юу байна түүн дээрээ л анхаарлаа хандуулж засаж сайжруулж, суралцах хэрэгтэй. Ноос ноолуур самнах  ажлыг хэн ч хийж чадна. Түүний оронд сум орон нутагтаа байгаа хоршоотойгоо нягт холбоотой ажиллах хэрэгтэй. 2007 онд анх бид бүлэг байгуулж, СБАХ болон өргөжиж, түүхий эд бэлтгэлийн Ширээт хөгжил хоршоо, Хадгаламж зээлийн хоршоогоо байгуулсан.

Анх 2009 онд бид Дундын сангаа 35 мянган төгрөгөөр эхэлж, 10 сая гаруй төгрөгтэй болж, Ногоон Алт төслөөс мөнгө нэмж өгсөн тэр цагаас хойш зээлийн үйлчилгээгээр 2 хувийн хүүтэй өсгөж явсаар 2018 оны 1 дүгээр сард хөрөнгө  маань 50 орчим сая төгрөг болсон учраас Хадгаламж зээлийн хоршоо болгосон. Гишүүд маань хадгаламжаа хадгалуулж, зээлийн үйлчилгээ авна. Хоёрхон бүтээгдэхүүн гаргаж байгаа ч малчид маань хуримтлалтай болсон.

Түүхий эдийн хоршоо маань түүхий эд хүлээн авдаг, бэлтгэлийн хашаа, үйлчилгээний газар, агуулахтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Бид хадлан бэлтгэж, хашаандаа ногоо тариалдаг байсанч гарц жилээс жилд муудсаар байна.  Сүүлийн хоёр жил Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд очиж хадлан бэлтгэж, тээвэрлэх боломжгүй учраас тэнд нь зарчихаад мөнгөөр нь эндээсээ ирж тэжээл авдаг. Үнэхээр ийм л болдог юм байна.

Тиймээс өөрийн нутаг орондоо байгаа сайн сайхан бүхнийг хайрлан хамгаалж, арчилж тордож байж, малчид бидний амьдрал хэвийн үргэлжилнэ. Ийм зовлонд унахгүйн тулд байгаа бүхнээ яаж хамгаалах вэ гэдгийг сайн бод. Өвсний сортой, шимтэйг хайж нүүдэл хийж байгаа отроор яваа хүмүүсийг буруутгах аргагүй. Тэдний орхисон нутагт цөөн хэдэн малтай, тэр нь явдлын ая даахгүй, өөр нутагт очоод танил талгүй хүмүүс, өрх толгойлсон хэд нь үлдэж байгаа. Байгаль цаг уурын нөлөөлөл ихтэй өнөө цагт газар нутгаа 1000  харамлаад нэмэргүй. Үнэхээр очих ёстой бол дээрээс шийдээд л оччихно.

Тиймээс цаг алдалгүй өөрийн нутгийн шимт ургамлуудаа яаж хамгаалж, хадгалж, үржүүлж болох талаар мэргэжлийн хүмүүсээс сургалт ав. Малынхаа чанарыг сайжруул. Газрын даамалтайгаа хамтран ажиллаж, фото мониторингийн дүнг ард иргэддээ цаг алдалгүй тайлбарлаж өгч бай. Газрын даамлыг ирэх жилийн бэлчээрийн төлөвлөгөө тусгагдахаас өмнө буюу 11 сарын 20 ноос өмнө нөгөө мониторингоо харж  байгаад ирэх онд хаана ямар газрыг өнжөөж сэлгээх шаардлагатай гэдгийг гаргуулах хэрэгтэй.

Түүнийгээ Багийн Иргэдийн нийтийн  хурлаараа батлуулж, тэр багийн тэр газарт тийм хэмжээний газар өнжөөж амраахгүй бол болохгүй болжээ гэдгийг хэлж ойлгуул. Энд тэдэн жилийн хугацаанд өөрийн малаас гадна,  мал оруулна, оруулахгүй асуудлаа шийдэж баймаар байх юм. Манай хоршооны малчдын хувьд “Хоршиж ажиллаж хөдөлмөрөө хөнгөвчилье – Хамтарч ажиллаж амьдралаа дээшлүүлье” уриа дэвшүүлж түүндээ эзэн болоод явж байна даа.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсье.

П.Нарандэлгэр