Орон нутагт төсөл хөтөлбөрүүд хамтарч ажиллана

Орон нутагт хэрэгжиж буй Олон улсын төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Ховд аймгийн Дарви суманд үйл ажиллагаа нь явуулж буй Дэлхийн байгаль хамгаалах сан, TNC буюу Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал хөтөлбөр болон “Ногоон алт, Малын эрүүл мэнд”  төслүүд хамтран “Малчдын  байгууллагуудыг хөгжүүлэх  замаар байгаль орчноо хамгаалж малчдын орлогыг тогтвортой нэмэгдүүлэх боломж” сэдэвт сургалтыг өнгөрөгч хоёрдугаар сард зохион байгуулжээ.

Сургалтын үеэр малчид эрх ашгаа хамгаалах, өөрсдийн өмнө тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлох, шийдвэрлэх  талаар өөрийн дуу хоолой холбогдох хүмүүст хүргэх, МАА-н гаралтай бүтээгдэхүүнээ борлуулах, зах зээлээс үйлчилгээ авах болон бэлэн мөнгөний хомсдолоо шийдвэрлэх, хуримтлалтай болох гэсэн гурван нийтлэг хэрэгцээ байгааг хэлж байв.Энэхүү хэрэгцээг хангахад чиглэсэн малчдын байгуулага зайлшгүй байх хэрэгтэй бөгөөд түүгээр дамжуулан малчдад туслах шаардлагатай байдаг.

Нэг үгээр хэлбэл, байгууллага гэдэг бол хүний капиталыг нийгмийн капитал болгон хувиргадаг капитал үйлдвэрлэгч билээ. Ингэхдээ малчдын ТББ /Бэлчээр ашиглагчдын холбоо, Байгаль хамгаалах нөхөрлөл/, Малчдын анхан шатны хоршоо, Хадгаламж зээлийн хоршоо гэсэн байгууллагууд тулгын гурван чулуу шиг бие биедээ түшиг тулгуур болж хөгжснөөр малчдын орлого тогтвортой нэмэгдэж амьдралын чанарт нь өөрчлөлт дэвшил гарах суурь  боломж бүрдэнэ.

Сургалтын үр дүнд  Ховд аймгийн Дарви суманд  Бэлчээр ашиглагчдын холбоо болон  Байгаль хамгаалах нөхөрлөлийн малчид нэгдэж “Хөгжилд тэмүүлэх Сутай” Хадгаламж зээлийн хоршоог үүсгэн байгуулж, хуулийн этгээдээр бүртгүүлэн “АРД ИРГЭДИЙНХЭЭ “БАНК”-ыг байгуулахаар  ажиллаж байна.

Н.Баасанхүү