“Мөнгөн мал” хадгаламжийн бүтээгдэхүүн шилдгээр шалгарлаа

Монголын хадгаламж зээлийн хоршоодын холбоо, ХХААХҮЯ, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Хоршоодын үйл ажиллагааг дэмжих, олон нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий “MOCCU EXPO-2017” үзэсгэлэн худалдааг энэ сарын 16-17-нд Мишээл экспо төвд зохион байгууллаа.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү экспод Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй нийт 180 гаруй Хадгаламж зээлийн хоршоод оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан, гишүүдийнхээ өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг экспогийн нэг хэсэг болгон сурталчлан борлуулсан юм.

Энэхүү экспод Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо оролцож, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Хадгаламж зээлийн хоршоодтой хамтран ажиллах, туршлага судлах, тулгамдаж буй бэрхшээлийг тодорхойлох чиглэлээр уулзалтуудыг хийж, зөвлөгөө өгч ажиллалаа. МБАНХолбоо нь “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд малчдын амьжиргааг дэмжих, орон нутаг дахь ардчилсан удирдлагатай бичил санхүүгийн байгууллага, хоршоодыг дэмжих чиглэлээр ажилладаг бөгөөд одоогоор нийт 11 Хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаанд хамрагдаад байна.

Экспод төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Малчны хөгжил” хоршоо үйл ажиллагаагаа танилцуулж, туршлагаа хуваалцсан  бөгөөд бусад хоршоодын хувьд тус хоршооны “Мөнгөн мал” хадгаламж болон хүүхдийн хадгаламжийн үйлчилгээг нь илүүтэй сонирхож байлаа. “Малчны хөгжил” ХЗХоршоо 2008 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 883 гишүүнтэй, 834 сая төгрөгийн нийт хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа тогтмол явуулж буй Монгол улсын шилдэг Хадгаламж зээлийн хоршоодын нэг юм.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн экспо өндөрлөхөд Монголын Хадгаламж зээлийн хоршоодын холбооноос Шилдгийн шилдгийг шалгаруулах шагнал гардуулсан юм. Энэхүү шалгаруулалтад “Малчны хөгжил” хоршооны гаргасан “Мөнгөн мал” хадгаламжийн бүтээгдэхүүн нь “Шилдэг бүтээгдэхүүн” шагналыг гардан авлаа.