Үйлдвэрлэгч болон малчдын хамтын ажиллагаа бэхжиж байна

Дэлхий нийтийг хамарсан короновируст халдварт өвчин гарсантай холбоотойгоор ноос ноолуурыг урд хөршид импортлох боломжгүй болсон нь дотоодын үндэсний үйлдвэрлэгчдэд түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлэх боломжийг олгож байна. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг,  “Малчдын Ногоон Алт” Малчдын дундын хоршооны дарга С.Жамбалдорж, Монгол текстайл ХХК-ний захирал Р.Энхболд, Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн С.Гүррагчаа нар Завхан аймгийн Баянтэс, Тэс, Асгат сумдад ажилласан юм.

Энэ үеэр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “Ногоон алт малын эрүүл мэнд” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар, мөн 2020 онд төсөл дуусахад гарсан үр дүн юу байх талаар онцлон мэдээлэл өгсөн. Түүнчлэн малчид хэсэг бүлэг болсноор бэлчээр нутгаа хамгаалж, малчдын хоршоогоороо дамжуулан түүхий эдээ ямар нэгэн дундын дамжуулагчгүйгээр үндэсний үйлдвэрүүдэд шууд нийлүүлснээр дотоодын эдийн засгаа дэмжиж эргэх холбоо үүснэ гэдгийг онцолсон юм.

Баянтэс, Тэс, Асгат сумдын малчид жил ирэх бүр үнэгүйдсэн ноосоо хяргаж, сумдынхаа малчдын хоршоодод тушааж, үнийн дүнгийн тодорхой хувьд нь Үндэсний үйлдвэрлэгч Монгол текстайл компанийн бүтээгдэхүүнээс сонгон авах боломжтой болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Тус компанийн хувьд 1934 онд байгуулагдсан “Нэхмэлийн  үйлдвэр”-ийн үйл ажиллагааг дахин сэргээн ажиллаад 20 орчим жил болохдоо гадаад улсад болон дотоодын зах зээлд зориулсан маш олон төрлийн ноосон бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байгаа юм.

Завхан аймагт өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг, зундаа ч сэрүүвтэр байдаг тул малчид дулаан ноосон цамц, дээл гуталтайгаа зуныг өнгөрүүлдэг онцлогтой. Тиймээс Тэс, Баянтэс, Асгат сумдыг сонгон гарал үүсэл нь баталгаатай түүхий эдийг нь худалдан авч, оронд нь малчдын хэрэгцээ хэрэглээнд тохирсон өвөлд дааруулахгүй, зунд халууцуулдаггүй монгол дээл, ноосон цамц, малгай, ороолт, өвдгөвч, орны бүтээлэг /одяаль/ зэрэг бүтээгдэхүүнүүдээ санал болгосон.

Малчид ноосны урамшуулалд хамрагдахаас гадна өөрсдийнх нь бэлтгэн нийлүүлсэн ноосоор хүний хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн хийж байгаа нь маш сайхан ажил болжээ. Улаанбаатар хотоос 1000 гаруй км алсад учраас ченжүүд тэр бүр ноос худалдан авахаар зорин очдоггүй тул бөөгнүүлээд шатаачихдаг байсан гэдгээ ч хэлж байв.

Малчид үндэсний үйлдвэртээ бэлтгэсэн ноосоо тушааж, хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ авах боломж нээгдэж, хамтын ажиллагаа бэхжихийн хэрээр түүхий эдийн нийлүүлэлт тогтмолжиж, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үнэ ч буурах боломж нээгдэнэ гэдгийг Монгол текстайл ХХК-ний захирал Р.Энхболд хэлж байлаа.  

Монгол текстайл компанийн хамт олон өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ танилцуулах үеэр сумын малчид хөдөө хээр задгай салхинд морьтой, мотоциклтой явахад дулаан хувцаслах нь маш чухал,  та бүхэн бидний хэрэгцээнд яг тохирсон хувцас хийж байгаа юм байна. Малчин бидний дээл хувцасны материалыг өмнөд хөршөөс оруулж ирдэг, синтефон нь хүйтэнд жиндүүлж хайрдаг, халуунд салхи нэвтрүүлдэггүй, галд шатамхай чанарын хувьд муу байдаг. Харин одоо байгаль орчиндоо ээлтэй аргаар эрүүл аюулгүй баталгаатай түүхий эдээр чанартай, хэрэгцээтэй бүтээгдэхүүн хийж байна. Энэ бол хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжсэн маш сайхан ажил болж байна гэсэн юм.