“Тэсийн голын Монголчууд” аялал жуулчлалын төслийн нээлт боллоо

Монгол ахуй, ёс заншил, өв соёлыг дотоодын аялагч болон гадаадын жуулчдад сурталчилан таниулж, байгалийн үзэсгэлэнт газарт ая тухтай амрах боломж олгох “Тэсийн голын Монголчууд” аялал жуулчлалын төслийн нээлт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд /2020.08.12/ боллоо.  Цэцэрлэг сумын нутагт орших Булнайн нуруунаас эх аван урсдаг Тэсийн гол нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Завхан аймгийн Асгат, Баянтэс, Тэс, Увс аймгийн Тэс, Баруунтуруун, Зүүнговь сумдын хүн ардыг ундаалж, ОХУ-ын нутгаар урсдаг ч эргэн Увс нуурт цутгадаг тул “Эх оронч гол” хэмээн нэрлэгдсэн гэдэг.

Тэсийн голын эхэнд болсон уг арга хэмжээнд Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны дарга М.Анхбаяр, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал С.Гүррагчаа, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга Д.Цогт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг дарга Д.Түмэнбаяр, Увс аймгийн Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн зохицуулагч Д.Тогтохбаяр, Завхан аймгийн Баянтэс сумын ИТХ-ын дарга Д.Баатарболд, Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Т.Лхагвасүрэн, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Г.Энхболд тэргүүтэй Хөвсгөл, Завхан, Увс аймгийн 8 сумын төлөөлөл оролцсон юм. 

Нээлтийн үеэр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг хэлэхдээ “Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Тэсийн голын хөвөөнд төрж өссөн нэг голын хүүхдүүд болсон Хөвсгөл, Завхан, Увс аймгийн 8 сумын ахан дүүс та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэсийн голын эхэнд та бид цуглан “Тэсийн голын Монголчууд” аялал жуулчлалын төслийг цаашид хэрхэн үр дүнтэйгээр хөгжүүлэх талаар ярилцаж, малчид сум орон нутгийнхаа хөгжилд энэ төслийн хувь нэмрийг хэрхэн зөв хүртээх вэ гэдгийг хэлэлцэх юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд Завхан аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Увс нуур-Тэс голын сав газрын захиргаа хамтран ажиллана. Санхүүжүүлэгч нь Швейцарын хөгжлийн агентлаг байх юм. Нутгаа гэсэн сэтгэлтэй маш олон хүмүүсийн хичээл зүтгэлээр хэрэгжих энэ төсөл маань та бидэнд үр шимээ өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолж байлаа.  

Д.Цогт: Бид энэхүү эко аялалыг маш ихээр дэмжиж байна /Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга/

Манай сумын нутагт байрлах Тэсийн голын эхэнд цоо шинэ төслийн нээлт болж байгаад Цэцэрлэгчүүд бид баяртай байна. Манай сум 5000 гаруй хүн амтай, 328 мянга гаруй таван хошуу малтай томоохон сум юм. 7 багтай, үүний 6 багаар нь Тэсийн гол урсдаг. Манай суманд Хөвсгөл аймаг дахь хоёр уурхайн нэг нь болох Могойн голын нүүрсний уурхай байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд  Австралийн Аспайрн Майнинг гэдэг уул уурхайн компани орж ирэх гээд байгаа. Бид сум орон нутгаараа энэ асуудлыг эсэргүүцдэг.  Тиймээс бид уул уурхайгаас ангид байж хөгжих нь маш чухал асуудал тул бид энэхүү эко аялалыг маш ихээр дэмжиж байна. Учир нь манай сум далайн түвшнээс дээш 2000м-ээс дээш байрладаг. Өвөлдөө энгэр газраа 10-30 см, зарим хэсэгтээ 1м гаруй цасан бүрхүүл тогтож, 40 -50 хэм хүртэл хүйтэрдэг тул мал аж ахуйгаар дагнан хөгжинө гэдэг маш эрсдэлтэй. Цэцэрлэг суманд түүхийн маш олон дурсгалууд хадгалаатай байдаг, байгалын үзэсгэлэнтэй газрууд ч олон бий. Тиймээс зун, өвлийн улиралд аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой гэж харж байна.

Ц.Энх-Амгалан: Нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлалыг дэмжих төслийн сонгон шалгаруулалтад оролцож шалгарлаа /Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн зохицуулагч/

Би Увс аймгийн Тэс сумын уугуул. Энэ төсөл маань их сайхан түүхтэй. Нэг удаа Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хамт олны уулзалтын үеэр МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг Хөвсгөлийн Цэцэрлэг сумын уугуул буюу Тэсийн голын эхэнд төрсөн, Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал С.Гүррагчаа Завхан аймгийн Тэс сумын уугуул буюу Тэсийн голын дунд хэсэгт төрсөн, харин би Тэс голын адагт төрсөн болохоо мэдсэн. Тэгээд л бид уулзалдахаараа “Тэсийн гол” дууг дуулж, нутгийнхаа төлөө нэг сайхан зүйл хийхсэн гэж ярилцдаг байлаа. Хамгийн эхэнд хандив босгоод “Тэсийн голын Монголчууд” баримтат киног бүтээсэн. Энэ кино маань олон улсын кино наадамд маш сайн үнэлгээ авсан. Нэгэнт эхэлсэн ажлаа цаашид яаж үргэлжлүүлэх вэ гэдгийг бодож, судалж байтал Швейцарын хөгжлийн агентлагаас нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлалыг дэмжих төслийн сонгон шалгаруулалт зарлагдаж Увс нуур-Тэсийн голын захиргаатай хамтран оролцож шалгарсан нь та бүхэнтэй энэхүү нээлтийн арга хэмжээг зохион байгуулах боломж олголоо.

Ус гэдэг хүний амьдралд маш чухал зүйл. ШХА-ийн санхүүжилтээр Ногоон алт малын эрүүл мэнд төсөл сүүлийн 10 гаруй жил Монгол орны бэлчээр, байгаль орчныг хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагааг явуулж ирсэн. Энэ бүхнийг хэрэгжүүлэх явцад усны асуудал ч хурцаар тавигддаг. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цэвэр усны нөөц маш ихээр хомсдож байгаа. Манай Тэсийн гол 40 гаруй мянган айл өрхийн амьдралын эх ундрага болон урсдаг. Олон зуун жилийн  туршид энэ нутагт амьдарч ирсэн монголчуудыг ундаалсан.

Тэсийн голыг хүн бүр хайрлан хамгаалж, үр хойчдоо  үлдээхийн төлөө хамтарч  ажиллах боломжийг нээсэн төслийг эхлүүлж байгаадаа баяртай байна. Энэ төсөл маань 178 сая орчим төгрөгийн санхүүжилттэйгээр 1.8 жил үргэлжилнэ. Төслийг хэрэгжүүлэгч  байгууллага нь Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаа, Завхан аймгийн  Бэлчээр ашиглагчдын холбоо, Увс аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо байх юм. Төслийн хүрээнд Тэс голын сав газарт амьдарч байгаа найман сумын малчид хоорондоо танилцаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар байгалын эко системийг хайрлан хамгаалж, дэлхий нийтэд таниулах, монголчууддаа харуулах зорилготой. Хамгийн гол нь Тэс гол маань Увс нуур, Хяргас нуурыг тэтгэгч гол гэдгийг ойлгуулах юм. Цаашдаа Тэсийн голынхоо тухай олон нийтэд мэдээлэл хүргэх чиглэлээр төслөө үргэлжлүүлнэ.  Та бүхэн маань энэ төсөлд чин сэтгэлээсээ хамтран оролцоно гэдэгт итгэж байна.

С.Гүррагчаа:Тэсийн гол маань үнэхээр үзэсгэлэнтэй, таван тансаг нь бүрдсэн  сайхан нутаг /Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал/

Бид бүгд Тэсчүүд. Тэсийн голын хүүхдүүд. Өсөж төрсөн орон нутгаа олон нийтэд танилцуулах боломжтой болсондоо туйлын их баяртай байна. Тэсийн голын Увс нуурт цутгадаг хэсгээс эхлэн эрэг дагууд нь явсаар эхэнд нь ирлээ. Өмнө нь сайн анзаардаггүй байж. Тэсийн гол маань үнэхээр үзэсгэлэнтэй, байгалийн дөрвөн бүс бүслүүрт хуваагдаж байна. Мөнх ногоон гацууртай таван тансаг нь бүрдсэн энэ сайхан нутгаа үр хүүхэддээ үлдээж, хайрлаж хамгаалах их үйлсийг хийх гэж байгаадаа баяртай байна. Энэ төсөлд та бүхний оролцоо, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Малчдын амьдралд ч үр өгөөжтэй ажил болно. Уул уурхайгаар биш байгалийн үзэсгэлэн, уламжлалт зан заншилаар жуулчдыг татах хүсэлтэй байна. Олон хүний саналыг нэгтгэж илүү үр дүнтэйгээр ажиллах болно.

н.Мижиддорж: Уул уурхайн компани ажиллаж эхэлвэл Тэсийн гол устаж үгүй болно /Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 4 дүгээр багийн малчин/

Миний өсөж төрсөн уугуул нутаг минь Цэцэрлэг сум, Тэсийн голын эх. Өвөг дээдэс, ахан дүүсийн минь өсөж төрсөн нутаг. Могойн голын нүүрсний уурхайгаас минь өөр гадаадын уул уурхайн компани орж ирээд үйл ажиллагаа явуулна гээд байна. Хэрэв уул уурхайн компани ажиллаж эхэлвэл Тэсийн гол устаж үгүй болно. Олон мянган малчин, мал амьтан яаж  амьдрах вэ.  би энэ бүхэн санаа зовоод Мөрөн хотоос морьтой давхиж ирлээ. Энэ асудалд анхаарлаа хандуулаач ээ. Нутгийн иргэдтэй нэгдэж тэмцэнэ. Тэсийн голын усаа ууж өссөн 80 гарсан өвгөн би та бүхнийг дэмжиж байна.

М.Анхбаяр: Бид эхний ээлжинд хамгаалалтын бүсэд давхцсан хэсгийн лицензийг цуцлуулна /Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны дарга/

БОАЖЯ-ны сайд Сарангэрэл саяхан Хөвсгөл аймгийн сав газрын захиргаа болон манай Увс нуур-Тэс голын захиргаанаас Австралийн хөрөнгө оруулалттай “Аспайр майнинг”компанийн талаар мэдээлэл авсан. Техник эдийн засгийн үнэлгээ,  байгальд хор хөнөөл учруулах эсэхийг нариийн судалж байгаа. Ямартай ч энэ компанийн лицензийн талбайгаас 9000 га газрын талбай нь манай сав газрын хамгаалалтын бүстэй давхцаж байгаа. Бид эхний ээлжинд хамгаалалтын бүсэд давхцсан хэсгийн лицензийг цуцлуулна. Саналаа боловсруулаад холбогдох байгууллагуудад явуулсан. Цаашдаа үнэхээр байгаль орчинд хор нөлөөтэй нь батлагдаад Тэс  голын байгалын үзэсгэлэнт байдалд сөргөөр нөлөөлөхөөр байвал бид ард түмэнтэйгээ хамтраад тэмцэнэ.

Л.Чинбат: Би энэ төслийн хүрээнд гадаад дотоодын аялагч жуулчид хүлээн авахалд бэлэн байна /Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн малчин/

Тэсийн гол дагуу амьдардаг малчин бидэнд үр өгөөжөө өгсөн маш чухал төсөл эхэлж байгаад баяртай байна. Малчин бид чинь нийслэл хотоос хол амьдардаг, төв суурин газрын хөл хөдөлгөөнөөс зайдуу учраас хавартаа ямааны ноолуур, намартаа хэдэн малаа худалдаж байж л орлого олдог. Манай нутагт өвөл маш хүйтэн ч бид нутаг орондоо буйраа сахиж үлдсэн ард түмэн. Энэ төсөл малчин бидэнд үнэхээр өгөөжөө өгнө. Би энэ төслийн хүрээнд гадаад дотоодын аялагч жуулчид хүлээн авахалд бэлэн байна.

Энэхүү арга хэмжээний үеэр Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал С.Гүррагчаа, Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны дарга М.Анхбаяр, Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Мөн “Тэсийн голын Монголчууд” төслийн талаарх хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдоос санал хүсэлт хүлээн авсан. Оролцогчдын саналыг төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ажил хэрэг болгоно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.

П.Нарандэлгэр