Чанартай цөөн малаас илүү их ашиг хүртэх боломжийг олгож байна

Монголын Унаган байгалийн хүлцэл, тогворжилтыг хангах нь төслийн “Малын чанар сайжруулах, генетик нөөцийг хамгаалах” бүрэлдэхүүн хэсэгт  “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ, “ Тогтвортой хөдөө аж ахуйн судалгаа, хөгжлийн төв” ТББ хамтран зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа юм. 2020 оны эхний хагас жилд Биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын доройтлыг бууруулах ажлын хүрээнд малын үүлдэр угсааг сайжруулах замаар бэлчээрийн даацад тохирсон сүргийн бүтэц бий болгох, бэлчээрийг хамгаалах арга хэмжээг төслийн бүс нутагт зохион байгууллаа.

Мал сүрэг, бэлчээрийн даац, сумдад мал үржүүлэг,технологийн ажил үйлчилгээний нэгж байгуулах бааз суурь, хүний нөөцийн боломж, одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хүний нөөц, материаллаг баазын суурийг харгалзан үзээд

  • Бөхөн шарын нурууны бүсэд хамаарах Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Хайрхан, Эрдэнэмандал,
  • Тарвагатайн нурууны бүсэд хамаарах Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл,
  • Улаан шалын хоолойн бүсэд хамаарах Говь-Алтай аймгийн Чандмана, Баянхонгор аймгийн Баянцагаан, Баацагаан,
  • Зармангийн говийн бүсэд хамаарах Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст, Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ гэсэн 4 аймгийн 13 суманд ажиллав.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Шинэжинст суманд үржүүлдэг “Залаа жинст-Эдрэн” үүлдрийн цагаан ямааны, Говь-Алтай аймгийн Бугат суманд үржүүлдэг “Говь-Алтай” үүлдрийн Бугат үүлдрийн хонины, Булган аймгийн Бүрэгхангай суманд үржүүлдэг “Бүрэгхангай” үржлийн хэсгийн хонины  болон “Эрчим” үүлдрийн ямааны цөм сүргээс хурган хуц 110 толгой, ухнан ишиг 140 толгой, бүгд 250 толгой өсвөр хээлтүүлэгч шилэн сонгож, худалдан авах гэрээ байгуулаад байна. Мөн тухайн сумдын малын чанар сайжруулах ажилд шаардагдах зарим багаж, хэрэгслийг хүлээлгэж өгөв. Энэ ажлын үр дүнд зорилтот гурван сумын цөм сүрэгт тэнцсэн 1913 хээлтэгчийг өндөр ашиг шимт хээлтүүлэгчээр хээлтүүлж, өсвөр хээлтүүлэгч бойжуулах технологийг чанд мөрдөж, ажиллаж, жил бүр 350-аас доошгүй өсвөр хээлтүүлэгчийг бойжуулан сүргээ сэлбэх нөхцөл бүрдэж байна.

Төсөл хэрэгжиж буй 4 аймгийн 13 сумын мал аж ахуйн салбарын 2020 оны статистикийн шинэ үзүүлэлтийг гарган авч, харьцуулсан судалгааны материалыг үндэслэн дээрх сумдын мал аж ахуйн үйлдвэрлэлийг бэлчээрийн даацад тохируулан хөгжүүлэх, энэ ажлыг Биологийн олон янз байдлыг хамгаалахтай уялдуулах стратеги төлөвлөлтүүдийг хийж эхэллээ. Зорилтот сумдад мал сүргийн нөхөн үйлдвэрлэл ямар түвшинд байгааг малын төрөл бүр дээр нь хээлтэгчийн сүрэгт эзлэх хувийн жин, зохистой тохирооны алдагдал зэргээр үнэлгээ өгч, малын чанар сайжруулахад ашиглах нөхцлийг бүрдүүлэв.

Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 2019-2020 оны өвөл, хаврын (2019 оны 11 сарын 09-нөөс 2020 оны 03 сарын 09 хүртэл 180 хоногт) бэлчээрийн даацыг төслийн зорилтот экологи, газарзүйн бүс нутгийн сум бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдэээлэлд үндэслэн тооцож үзэхэд бэлчээрийн даац Архангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийн Эрдэнэмандал, Батцэнгэл, Өлзийт, Цогт, Эрдэнэ, Чандмань, Баян-Өндөр, Баацагаан сумдад 2-5.4 дахин, үлдсэн сум болох Завхан, Архангай Баянхонгор аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Хангай, Шинэжинст, Баянцагаан сумдынх олон дахин буюу 8.3-23 дахин хэтэрсэн байдалтай байна. Иймд малын тоо толгойн өсөлтийг хязгаарлаж, мал сүргийн төрлийн бүтцийг зохистой болгоход онцгой анхаарч, малын чанарыг сайжруулж, ашиг шимийн нэмэгдүүлэх чиглэлд оновчтой бодлого, зохицуулалт, үйл ажиллагааг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх  шаардлагатай болж байна.

Үүний дагуу төсөл хэрэгжиж буй Архангай аймгийн Өлзийт, Баянхонгор аймгийн Баянцагаан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумдад шинээр байгуулах “мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж”  (МҮТАҮН)-ийг тухайн суманд үйл ажиллагаа явуулж буй малчдын хоршоо, сумын бэлчээр ашиглагчдын холбоо (СБАХ), малчдын бүлэг буюу бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ) зэрэг ТББ-уудын аль нэгийг сонгон түшиглэж үйл ажиллагааг эхлүүлэх зарчим баримтлан орон нутгийн удирдлагатай хамтран зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэжээ.

Үүний үр дүнд:

1. Бөхөн шарын нурууны бүсэд хамаарах Архангай аймгийн Өлзийт суманд мал эмнэлэг, үржлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж Оюун Хангай” ХХК-ийг түшэглэн “мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж”-ийг байгуулж, уг нэгжийг мал зүйч мэргэжилтэй Б.Гомбодорж хариуцан ажиллахаар тогтжээ.

2. Зармангийн говийн бүсэд хамаарах Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд малын гаралтай түүхий эд бэлтгэн зах зээлд нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг “Бүлээн ус эрдэнэ” хоршоог түшэглэн “мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж”-ийг байгуулж, уг нэгжийг мал зүйч мэргэжилтэй Ч.Дорж хариуцан ажиллахаар тогтжээ.

3.Улаан шалын хоолойн бүсэд хамаарах Баянхонгор аймгийн Баянцагаан суманд Дэлгэрэх багийн “Индэрт” БАХ-ийг түшэглэн, “мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж”-ийг байгуулж, уг нэгжийг БАХ-ийн ахлагч П.Эрдэнмөнх хариуцан ажиллаж Б.Гомбодорж хариуцан ажиллаж, сумын Хөдөө аж ахуйн тасгаас мэргэжил арга зүйн удирдлагаар хангахаар тогтжээ.

Төсөл хэрэгжиж буй дээрх 3 суманд “мал үржүүлэг,  технологийн ажил, үйлчилгээний нэгж” байгуулагдсанаар малын чанар сайжруулах ажил үйлчилгээг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн удирдлагаар хангаж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн малын гаралтай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нэмэгдэх юм.