“Эрүүл Бэлчээр-Эрүүл Мал-Эрүүл Хүнс” Бүсийн зөвлөгөөнд оролцож байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй "Ногоон алт-малын эрүүл мэнд" төслийн хүрээнд “Эрүүл Бэлчээр-Эрүүл Мал-Эрүүл Хүнс” Бүсийн зөвлөгөөн өнөөдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд зохион байгуулагдаж байна.

Тус зөвлөгөөнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Монгол дахь Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал Стефани Бурри, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Ногоон алт малын эрүүл мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан тэргүүтэй төслийн холбогдох мэргэжилтнүүд, ХХААХҮЯамны болон Архангай, Өвөрхангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, сумын хувийн мал үржлийн ажил үйлчилгээний аж ахуйн нэгжийн мал зүйч, мал эмнэлгийн эмч мэргэжилтнүүд оролцож байна.

Хоёр өдөр үргэлжлэх тус сургалт зөвлгөөнөөр бэлчээр, мал аж ахуйн талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг явагдаж зөвлөмж гаргаж, үзэсгэлэн худалдаа дэлгэгдэнэ. Мөн малыг бүртгэлжүүлэх, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, мал сүргийн ашиг шим, тэсвэрт чанарыг сайжруулах, малыг сүргийн эргэлтийн тооцооллын дагуу бэлчээрийн даацад тохируулах чиглэлээр Ихтамир суманд малчны хотонд үзүүлэх сургалтыг зохион байгуулах юм.