Н.Ганхуяг: Судалгаанд хамрагдсан малчид малын тоо, толгойн албан татвар тогтоохыг зөв гэж үзсэн

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуягтай ярилцлаа.

-Бэлчээрийн даацыг тохируулахын тулд малын тоо толгойн татвар авах нь зөв гэдгийг УИХ-аар батлахаар яригдахтай зэрэгцэн МБАНХ-ноос малчдын дунд санал асуулга явуулсан байна. Санал асуулгын дүн яаж гарсан бэ?

-Манай холбооны зүгээс малчдын дунд санал асуулга явууллаа. Малын тоо толгойн татварыг хэрхэн тогтоовол зөв зүйтэй байж, үр өгөөжөө өгөх вэ гэдэгт Монголын бэлчээр ашиглагчдын  нэгдсэн холбоо санаачлага гарган малчдын дунд судалгаа, санал асуулга явуулсан. Энэ судалгааныхаа дүнг бид  боловсруулаад шийдвэр гаргаж, бодлого боловсруулах түвшний хүмүүст хүргэж ажилласан. Судалгааг 18 аймгийн 100 гаруй суманд Бэлчээрийн холбоодоор дамжуулан цахим хэлбэрээр зохион байгуулсан. Судалгаанд хамрагдсан нийт малчдын 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй малчин байлаа.

Нийт судалгаанд хамрагдснн малчдын

  • 34 хувь нь 200 хүртэл малтай
  • 34 хувь нь 201- 500 хүртэл малтай,
  • 20 хувь нь 501- 999 хүртэл малтай
  • 12 хувь нь  1000 ба түүнээс дээш толгой малтай байсан.

Судалгаанд хамрагдсан малчдын 85 хувь нь малын тоо, толгойн албан татвар тогтоохыг зөв гэж үзсэн. Ер нь сүүлийн жилүүдэд малчид бэлчээрийн ачаалал ихэссэнтэй холбогдуулаад  малын тоо толгойн татвар нь бэлчээрийн даацад ачааллыг тохируулах нэг арга хэрэгсэл мөн гэдэг нэгдсэн байр суурьтай болсон байна. Түүнчлэн мал аж ахуйн салбарт, ялангуяа бэлчээр, хадланг тордоход хөрөнгө зориулж зарцуулаагүй маш олон жил болсон.  Хааяа нэг улсын төсвийн хөрөнгөөр худаг гаргах, бэлчээрт хөнөөлт хортон мэрэгчид ихэссэн нөхцөлд устгалын арга хэмжээнд зориулж багахан хэмжээний төсөв зарцуулж ирсэн. Үүнээс  өөр олигтой хөрөнгө оруулалтыг сүүлийн жилүүдэд хийгээгүй гэж болно.

-Малын тоо толгойн татвар тогтоох нь мал аж ахуйн салбарын хөгжилд ямар өөрчлөлтийг авчирна гэж бодож байна?

-Бидний харж байгаагаар энэ татвар нь мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх, бэлчээрийг доройтуулахгүй байхад тодорхой хэмжээний хөрөнгийн эх үүсвэр болно гэж үзэж байна. Үүнийг ажил хэрэг болгоход орон нутгийн буюу сумын бэлчээрийн менежментийн ажлын хэсэг чухал үүрэгтэй. Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг Сумын Засаг дарга юм уу Засаг даргын орлогчоор ахлуулдаг. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сумын мал аж ахуйтай холбоотой мэргэжилтнүүд, газрын даамлууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл  буюу Сумын бэлчээр ашиглагчдын холбоо, хоршоодын төлөөлөл, тухайн малчдын хэсэг бүлгийн төлөөллүүд орсон байдаг.

Татварыг мэдээж хуулийн дагуу шийдээд явна. Хамгийн гол нь түүнийг хэрхэн үр дүнтэй зарцуулах вэ гэдэг дээр Бэлчээрийн менежмэнтийн ажлын хэсэг анхаарч ажиллах ёстой. Сүүлийн жилүүдэд зарим суманд малчид, орон нутгийн хөгжлийн сан, төсөл хөтөлбөрийн хамтын хөрөнгө оруулалтаар бэлчээрийн эрсдлийн санг бүрдүүлж тухайн жилдээ зарцуулж ашиглах болсон. Малчин өрхүүд жил бүр шаардлагтай ажилдаа хөрөнгө оруулалт авахын тулд төсөл бичээд сангаас түүнд зориулж хөрөнгө оруулалт хийдэг.

-Бэлчээрийн даацыг тогтоохдоо хонин толгойд шижүүлдэг. Харин малын тоо толгой татварыг хэрхэн ногдуулвал зохистой вэ?

Бэлчээрийн даац ихэссэн гол шалтгаануудын нэг нь сүргийн бүтэц алдагдсан байдаг. Ялангуяа ноолуур үнэтэй байгаагаас шалтгаалж, ойт хээрийн бүсэд ямаа их үржүүлснээр бэлчээр амархан доройтож байна. Тиймээс энэ асуудлыг татвараар зохицуулах боломжтой. Гол нь татварыг хонин толгойд шилжүүлж тооцож болохгүй. Малын төрөл тус бүрээр тооцох учиртай. Тухайлбал: адуу 2000 төгрөг, үхэр 1000 төгрөг, хонь 500 төгрөг, ямаа 600 төгрөг гэх мэтээр төрөл тус бүрд нь оноож тогтоох ёстой. Ингэж чадвал жинхэнэ сүргийн бүтцээ барьж болно. Тухайн бүс нутагтаа тохиромжгүй, ашиг шим бага өгч байгаа малын өсөлтийг хязгаарлахад чиглүүлэх нь зүйтэй.

Харин тухайн бүс нутагтаа тохирсон бэлчээр нутагтаа ээлтэй, эдийн засгийн үр ашигтай, малаа түлхүү өсгөх ёстой. Сумын мэргэжилтнүүд бэлчээрийн даацыг барих, малчдын орлогыг нэмэгдүүлэх, сүргийн бүтцийг барихад чиглэсэн итгэлцүүрийг нь зөв тогтоож  ажиллах ёстой юм.  

-Бэлчээрийн эрсдлийн сангийн талаар дээр дурьдсан. Энэ сангийн талаар тодруулж өгөөч?

Бидний туршлагаар сумдад Бэлчээрийн эрсдэлийн санг хоёр гурван талын оролцоотой байгуулж байна. Эрсдэлийн санг бүрдүүлэхэд Орон нутгийн хөгжлийн сангаас, Олон улсын төсөл хөтөлбөрөөс, малчин өрхөөс тодорхой хэмжээний мөнгө гаргадаг. Сангийн хөрөнгө бүрдэхэд малчид жижиг төсөл бичдэг. Төслийн санаагаа гаргаж өгдөг. Тухайлбал, худаг усаа засварлах, бэлчээрээ хашиж хамгаалах, бэлчээрээ тордож сайжруулах, хог хаягдлаас нь салгах эсвэл үр цацаж  сайжруулах, хашаа саравчаа засах зэрэг санаагаа тооцоолоод  нэг сурагч дэвтрийн тал  хуудас дээр тэмдэглээд өгөхөд л хангалттай байдаг.

Холбогдох ажлын хэсэг бүх саналуудыг авч үзнэ. Үүнээс өмнө малчид хэсэг бүлгээрээ хуралдаж, манайд хамгийн тулгамдаж буй асуудал юу байна гэдгийг хэлэлцэнэ. Энэ жил ийм ажилд сангийнхаа хөрөнгийг зарцуулъя гэдэг ерөнхий асуудлыг яриад тогтчихно. Малчин бүрийн гаргасан санал хүсэлтийг Сумын бэлчээрийн менежментийн ажлын хэсэг эрэмбэлнэ. Жишээ нь, “Хонгор-Овоо” Бэлчээр ашиглагчдын хэсэг бүлэгт нэн тэргүүн шаардлагатай, тулгамдаад байгаа ажилдаа эрэмбэ дарааллын дагуу хөрөнгө оруулна гэсэн үг юм.  Жил бүр хөрөнгө оруулалтыг зарцуулж,  тайлангаа малчин өөрөө гаргаад, ажлын хэсэг нь очиж шалгаад жижиг төслийн ажил амжилттай болжээ гэж үздэг. Тухайн жилийнхээ тайланг хаагаад дараагийн жижиг төсөлдөө орно. Мэдээж цөөн хэдэн хүн байнга аваад байж болохгүй, ээлжтэй дараатай байна. Энэ бүх арга аргачлал, шийдвэр дээр Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг их чухал үүрэгтэй.

Бидний авсан судалгаагаар мөн тогтоосон. Тухайлбал, саяын хэлсэн санааны хувьд судалгаагаар малчдын 46 хувь нь Бэлчээрийн эрсдэлийн сан байгуулах нь “ЗӨВ ЗҮЙТЭЙ САНАЛ” гэж үзсэн байна. Мөн нийт судалгаанд хамрагдсан малчдын 49 хувь нь жил бүр малчдаас санал авч, бэлчээр, ус, малын чанарыг сайжруулах ажилд зарцуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ санаачлага  баруун аймгуудад хэдийнэ бий болчихсон, бүтэц зохион байгуулалт нэгэнт тогтсон байгаа. Малчид маань жил бүр жижиг төслүүдээ бичиж өгдөг. Түүнийг нь Сумын бэлчээрийн менежментийн ажлын хэсэг хянаж үнэлээд, эрэмбэлээд санхүүжилтээ өгдөг. Буцаагаад ажлаа шалгуулаад явдаг. Мэдээж ажлаа муу хийсэн бол засаж залруулах, хөрөнгө мөнгийг нь тухайн малчнаас гаргуулах ажлуудыг хийж ирсэн. Санал асуулгад оролцогчдын 56 хувь нь Сумын бэлчээрийн менежментийн хамтарсан ажлын хэсэг төвлөрсөн татварын зарцуулалтыг зөв зүйтэй зохион байгуулж чадна гэж үзсэн байна. Судалгаанд хамрагдсан малчдын 29 хувь нь Сумын бэлчээр ашиглагчдын холбоо нь тодорхой үүрэгтэй байна. Ялангуяа татвар ногдуулах, хурааж төвлөрүүлэх, сан бүрдүүлж эргэн  зарцуулах зэрэг үйл явцад хөндлөнгийн хяналт тавьж малчдын дуу хоолойг хүргэж оролцох нь зөв зүйтэй гэж саналд тусгасан байна.  

-Малчдын санал асуулгыг ажил хэрэг болгоход юун дээр анхаарч ажиллах вэ?

Холбооны зүгээс малын тоо толгойн татварыг тогтоож авах нь их зөв асуудал. Гэхдээ  малчдад дарамт учруулахгүйгээр бэлчээрийнхээ асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх, малын тоо толгой, чанар, сүргийн бүтцээ барих зэргээр сум орон нутаг нь бүрэн хариуцах ёстой гэдэгтэй санал нэг байна. Ялангуяа Сумын бэлчээр ашиглагчдын холбоод, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулах хэрэгтэй. Ер нь цаашдаа бэлчээр, мал аж ахуйн үйлдвэрлэлд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд  малчдын хамтын байгууллага болох сум аймгийн бэлчээр ашиглагчдын холбоодын оролцоог нэмэгдүүлснээр төрийн ачаанаас тодорхой хэмжээгээр хөнгөлөх боломжтой. Төрийн ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх цаг хугацаа нь болсон учраас манай аймаг, сумынхан энэ чиглэл рүү түлхүү анхаарч ажиллах ёстой. Манай холбооноос ч гэсэн арга аргачлалыг нь гаргаж, ялангуяа баруун бүс нутагт хэрэгжүүлсэн тэргүүн туршлагыг шинээр бүрдэж байгаа аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчидтэй хуваалцаж, энэ арга зүйг эзэмшүүлэхэд бэлэн байна. Бид цаашдаа сайн туршлагыг түгээх чиглэлээр хийж бүтээхээр төлөвлөсөн ажлууд олон байгаа. Ээлж дараагаар аймаг суманд ажиллаж, шинээр бүрдэж байгаа Засаг даргын ажлын баг, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тодорхой мэдээлэл өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана.

П.Нарандэлгэр