“Бэлчээрийн менежментийг сайжруулахад малын тоо толгойн албан татварын нөлөө” цахим хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Их хурлын чуулганы 2020 оны арваннэгдүгээр сарын 13 –ний хуралдаанаар баталсан “МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ” хууль 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс эхэлж хэрэгжихтэй холбоотойгоор Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос санаачлан “Бэлчээрийн менежментийг сайжруулахад малын тоо толгойн албан татварын нөлөө” цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын Бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл, бэлчээр ашиглалт, зохион байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бямбадорж, ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын Бэлчээрийн ургамал хамгаалал, нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн  Ц.Мөнхнасан, Аймаг дундын Отрын бэлчээр ашиглалтын захиргааны ахлах мэргэжилтэн Ц.Наранбаатар, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Д.Цэвээндорж, Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газар ССМХэлтэс ахлах мэргэжилтэн  Б.Дөл, Тогтвортой амьжиргаа-3 төслийн Ахлах мэргэжилтэн М.Энхбат, сургалт хариуцсан мэргэжилтэн П.Нэргүй, Бодлого судлалын төвийн тэргүүн А.Энх-Амгалан, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг дарга Б.Цэвээндорж, ИТХ-ын дарга Л.Даваахүү, Ихтамир сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Л.Нэргүйбаатар, Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга А.Даваа-Очир, ИТХ-ын дарга Ц.Сампилноров, Өндөрширээт Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Ц.Оюун, МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, тус холбооны МАА-н Зөвлөх Б.Мэнджаргал, Малын үржил, удам зүйн зөвлөх Ч.Арилдий,  Малчдын байгууллага хариуцсан мэргэжилтэн Л.Ганцогт, Бэлчээрийн зөвлөх У.Будбаатар, Хэвлэл мэдээллийн зөвлөх П.Нарандэлгэр нар оролцлоо.

Цахим хэлэлцүүлгийг нээж МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг хэлэхдээ “Бэлчээрийн менежментийг сайжруулахад малын тоо толгойн албан татварын нөлөө” цахим хэлэлцүүлэгт цаг заваа зарцуулан оролцож байгаа та бүхэнд баярлалаа. Төр анхаарлаа хандуулж, Малын тоо толгойн албан татвар авах хуулийг баталлаа. Тус хуулинд сумын ИТХ-аас татварын хувь хэмжээг тогтоож, бүрдүүлсэн төсвөө зарцуулах зарчмыг баримталсан байна. Үүнтэй холбоотойгоор Орон нутгийн хөгжлийн сангийн холбогдох журмуудад өөрчлөлт орж байна. Тиймээс малын тоо толгойн татвар тогтоох, бүрдүүлсэн төсвийг бэлчээрийн менежментед зарцуулах, хяналт тавихад ИТХ, Засаг дарга, Орон нутгийн хөгжлийн сан, Сумын бэлчээр ашиглагчдын холбоодийн үүрэг оролцооны талаарх талуудын санал бодлыг сонсох зорилгоор энэхүү цахим уулзалтыг зохион байгуулж байна.

Цахим хуралд сонгож урьсан Архангай аймгийн Ихтамир сумынхан маань Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлээд эхэлчихсэн. ИТХ нь хуралдаад малын тоо толгойн албан татвараа тогтоосон ба үүнтэй холбоотойгоор сургамжтай, мэдэх ёстой асуудлаар санал бодлоо хуваалцахыг хүссэн. Харин Төв аймгийн Өндөрширээт  сумын хувьд бэлчээрийн асуудал нь хүнд нөхцөлд байдаг. Отор нүүдлийн олон зам тус сумаар дайрч өнгөрдөг. Малын тоо толгойн албан татварыг тогтоох шатандаа буюу иргэдээсээ санал авч байгаа. Орон нутагт тулгамдаад байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх асуудлуудынхаа талаар ярьж өгөхийг хүссэн.

Мөн Тогтвортой амьжиргаа 3 төслийн багаас оролцож байгаа. Энэ баг нь ОНХСангийн үйл ажиллагааг зөв зүйтэй чиглүүлж, хэрэгжүүлэхэд олон жил анхаарч ажиллаж ирсэн. Малын тоо толгойн албан татвартай холбоотойгоор Орон нутгийн хөгжлийн сангийн журманд өөрчлөлт оруулахад санал авч байгаа тул анхаарах шаардлагатай зүйлсийн талаар мэдээлэл өгөхийг урьсан юм. Үндсэн гурван чиглэлд мэдээлэл сонссоны дараа нь холбогдох асуудлуудаар санал солилцоод явья гэж бодож байна” гэлээ.

Архангай аймгийн Ихтамир сумын ИТХ-ын дарга Л.Даваахүү “Архангай аймгийн Ихтамир сумын ИТХ-ын малын тоо толгойн албан татвар тогтоосон туршлага, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, бэлчээр ашиглалтын тулгамдсан асуудал” сэдвээр мэдээлэл өгсөн.

Маш чухал, цаг үеэ олсон цахим хэлэлцүүүлэгт оролцуулсанд баярлалаа. УИХ-ын 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан Малын тоо толгойн албан татварын тухай хууль нь 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжинэ гэж заасан. Архангай аймгийн Ихтамир сумын хувьд сумын ИТХ-аар хэлэлцүүлж  шийдвэрлэхэд цаг хугацааны хувьд их давчуу байсан. Учир нь Ковид-19 цар тахлын улмаас манай сум 12 дугаар сарын 12 хүртэл Бүх нийтийн  бэлэн байдалд шилжсэн үе таарсан тул Захиргааны хэргийн хуульд заасны дагуу нөлөөллийн шинжилгээ хийх буюу Захиргааны арга хэмжээний актын эдийн засаг нийгмийн амьдралд нөлөөлөх үр дагаварыг урьдчилан  судлах, тооцоолох цогц үйл ажиллагаа хийхэд хүндрэл үүссэн. Гэхдээ бид орон нутгийн онцлог, хүн амын амьжиргааны түвшин, орон нутгийн бэлчээрийн даац түүний нөхөн сэргээлтийн судалгаанд үндэслэн малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох ажлыг хийсэн.

Сумын Засаг даргын захирамжаар байгуулсан энэ ажлын хэсэгт ЗДТГ-ын ХАА-н мэргэжилтэн, Өндөр уулын бүсийн МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн докторууд, Сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн, хувийн мал эмнэлгийн ажилтнууд зэрэг салбар тус бүрийн төлөөллийг оролцуулан “Малын тоо толгойн албан татвар авах нь зөв үү?’ гэсэн судалгаа явуулахад 85% нь ЗӨВ гэж үзсэн. 

Ихтамир сумын хувьд нийт малчдын

45% нь 200 хүртэлх малтай

27% нь 201-500 малтай

18% нь 501-999 тооны малтай

10 %1000 аас дээш малтай.

“Татварын хэмжээ нь хэд байх вэ?” гэдэг санал асуулгад –Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад 100 иргэнээс цахимаар авсан.  Энэ нь 4 хувилбартай.

Саналуудыг авч сумын ИТХурал  2 дугаар хуралдаанаараа хэлэлцээд тэмээ, адуу, үхрийг 800 төгрөг, хонь 400 төгрөг, ямаа 600 төгрөг байхаар татварыг тохирсон. Мөн нэг малчинд 10 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр заасан. Өөрөөр хэлбэл 5 ам бүлтэй өрх 50 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Цаашид шинээр баталсан хуулийн дагуу Малын тоо толгойн албан татварыг Орон нутгийн сангийн бүрэлдэхүүн хэсэг болгож, дараах ажлуудад зарцуулахаар төлөвлөсөн. Үүнд:

  • Бэлчээрийн менежмэнтийг сайжруулах, усан хангамжийг  нэмэгдүүлэх,
  • Малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх,
  • Малын эрүүл мэндийг хамгаалах,
  • Халдварт  өвчнөөс урьдчилан сэргийлэх,
  • Малын чанарыг сайжруулах, 
  • Малын тэжээлийн ургамал тариалах,
  • Хортон мэргэчидтэй тэмцэх,
  • Малчдад зориулсан сургалт сурталчилгааны ажилд зарцуулахаар төлөвлсөн.

Бэлчээр ашиглалтын тулгамдсан асуудлын хувьд манай сум 5 баг, 13 БАХ-т хуваагдсан. Хэдийгээр бэлчээрийг хуваарьтай ашиглаж байгаа боловч малын тоо толгойг бэлчээртэй харьцуулахад 3-4 дахин  хэтрэлттэй байгаа. Бэлчээрийг зүй зохисгүй ашигласанаас болоод маш их доройтож байна. Өөрөөр хэлбэл жилийн 4 улиралд ээлжлэн ашиглаж, амраах бэлчээр байхгүй болсон. Малчдад олгож байгаа шагнал  урамшууллыг буруу чиглэлд  өгөөд байна. Тухайлбал, 1000-т малчин малынхаа тоо толгойг өсгөсөнд нь шагнал өгч байна. Бусад аймаг сумдаас байгаль цаг уурын нөхцөлтэй холбоотойгоор отор нүүдэл ихээр ирсэн нь бэлчээрийн даацыг нэмэгдүүлж байна. Байгаль цаг уурын шалтгаант буюу хэт дулаарал, ган болох,  сүргийн бүтэц алдагдсанаас бэлчээр доройтож байна. Бэлчээрийг хамгийн их талхалдаг ямаа, адууны тоо манай суманд жил ирэх бүр өсч байгаа. Мал иддэг шимт ургамал цөөрч, горхи булаг шанд нь ширгэж, ургамал чанаргүй болсон нь бэлчээрийг асуудалтай болгож байна.

Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга А.Даваа-Очир “Малын тоо толгойн албан татвар тогтоох талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хэтийн төлөвлөгөө, бэлчээр ашиглалтын тулгамдсан асуудал” сэдвээр мэдээлэл өгсөн.

Манай Өндөрширээт сум нь 2100 гаруй хүн амтай, 260 мянган толгой малтай, Бэлчээр ашиглагчдын 8 хэсэгтэй. Бэлчээрийн даац 4-5 дахин хэтэрсэн. Бэлчээрийг сайжруулах чиглэлд Ногоон алт төслийн хүрээнд нилээдгүй ажил хийж, хэмжээнд гайгүй бариад явж ирсэн. Гэвч өнгөрсөн жил отор ихээр орж ирсэнээр бэлчээрийн даац хэтэрч, бэлчээр доройтсоноос энэ жил ихэнх малчид маань өөр аймаг сумд руу отроор явчихсан байдалтай байна.

Манай сумын хувьд Малын тоо толгойн албан татварыг тогтоогоогүй байгаа ч шинэ оны анхны хурлаар энэ асуудлыг ярина. Юуны өмнө Төрийн албан хаагдчаас “Малын тоо толгойн албан татварыг ямар хэмжээнд тогтоох вэ?” гэдэг судалгааг авч байна. Мөн  мал бүхий иргэдээс “Малын тоо толгойн татварыг хэрхэн авах вэ?” гэдэг судалгаа авч байна. Судалгааны дүнгээр адуу 1500, үхэр 1000, ямаа 500, хонь 300 төгрөг байхаар тооцож, тэмээнээс татвар авахгүй гэж үзсэн. Учир нь манай суманд 40 тэмээ л байдаг.

Бэлчээрт тулгамдаж байгаа гол асуудал нь малын тоо толгойг өсгөсөнтэй холбоотой. Бэлчээр доройтсоноос ургамлын төрөл зүйл  ховордож, зуншлага оройтож, нэг наст ургамал голдуу, таана мангир хөмүүл ургаж, цөлжилт эрчимтэй явагдаж, нэн ховор ан амьтадын тоо нь эрс цөөрч, мал тарга тэвээргээ гүйцэт авч чадахгүй нөхцөл бүрдсэн. Бэлчээр доройтсоноос болж  үлийн цагаан огтоно үржиж байна.

Бэлчээр ашиглалтыг сайжруулах хэтийн төлөвлөгөөг онцолвол:

Нэгд, малчдын сэтгэхүйг өөрчлөх шаардлагатай байна. Малчин хүн мал аж ахуйгаа бизнес гэдэг талаас нь харах хэрэгтэй байна. 1000 малтай айл гэхэд 250 төл авч байна. Үлдсэн мал нь шүд нь ойчихоо шахсан эр хонь, эвэр нь хувхайрах шахсан эр ямаа байх юм. Тиймээс  малчид руу хандсан сургалт сурталчилгааг их хийж, малчдын  сэтгэлгээ хандлагыг өөрчлөх хэрэгтэй.  

Хоёрт, төр улсаас дорвитой шийдвэр гаргаж малчдын нийлүүлж буй түүхий эдийн үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй байна. Өнөөдөр нэхий 1000 төг, хонь адууны арьс 5000 -10000 төгрөгт зарагдаж байна. Урамшуулал гээд эргээд мөнгө орж ирдэг ч малчдынхаа зах зээлд нийлүүлж буй түүхий эдийг үнэд оруулж өгмөөр байна. Бэлчээрийн  доройтлоос сэргийлэхийн тулд мал аж ахуй, газар тариалан хоёрыг хослуулах нь зайлшгүй болсон тул ногоон тэжээлийг ургуулах, олон настын үр цацах зэргээр бэлчээрийн доройтлыг бууруулна.

Гуравт, малчдыг бүлгийн системд оруулан үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, нийгмийн идэвхийг нь дээшлүүлэх хэрэгтэй. Сумдад өвс тэжээлийн аюулгүйн фондыг нэмэгдүүлж ажилламаар байна. Малын тоо толгойн албан татвар авах нь зөв гэсэн шийдвэрийг малчид дэмжсэн. Малын хөлийн татварын 70 хувийг малчиддаа буюу бэлчээртээ зарцуулж, 30 хувийг сум орон нутгийн бүтээн байгуулалтад зарцуулах боломжтой гэсэн саналтай байна. Малчдын нийлүүлж буй махыг ченжийн гар дамжуулалгүй шууд хэрэглэгчдэд хүргэх, гадаад зах зээлд нийлүүлэх боломжтой. Малчдын аж амьдралыг сайжруулах чиглэлд бодлого бариад явбал тэдний хандлага сэтгэхүй өөрчлөгдөн бэлчээр аяндаа сэргэнэ. Бүлгийн зохион байгуулалтад орсон малчид отор нүүдэл ирэхэд сум орон нутагтаа оруулах эсэхээ өөрсдөө шийдэж бэлчээрийн доройтлоос сэргийлээд явна.

“Тогтвортой амьжиргаа-3” төслийн Ахлах мэргэжилтэн М.Энхбат "ОНХС-ийн үйл ажиллагааны журам"-д оруулах нэмэлт өөрчлөлт, малын тоо толгойн албан татвар анхаарч үзэх асуудал сэдвээр мэдээлэл өгсөн.

Малын тоо толгойн албан татварын хууль 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжихтэй холбоотойгоор Орон нутгийн хөгжлийн сангийн журманд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай тулгарсан. ОНХС-ын хөрөнгөнд Малын тоо толгойн албан татварыг төвлөрүүлээд тухайн сум өөрөө захиран зарцуулах хэлбэрээр хуулинд тусгасан. 2020 оны арваннэгдүгээр сарын 13-нд батлагдсан энэ хуулийг Төсвийн тухай хуультай хамтатгаж хэрхэн хэрэгжүүлэх талаар оруулсан.

.Уг журманд ИТХ нь ОНХС-ийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө баталж байна. Үүнтэй уялдуулж малын тоо толгойн татварын хэмжээг шийдвэрлэж байгаа. Нөгөө талаар тухайн орон нутгийн Татварын алба нь цуглуулж бүрдүүлэх шаардлагатай. Малын тоо толгойн албан татварын хуулинд зааснаар бол тухайн жилд ноогдуулах Албан татварын хэмжээг 0-2000 төгрөг байна гэж заасан.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад Бодлого судлалын төв судалгаа хийж 500 төгрөгөөс эхлэх гэж тавиад Ажлын хэсгийнхэнд танилцуулсан. Гэтэл Сангийн яамны хүрээнд тухайн сум орон нутаг дотооддоо шийдээд явах нь зөв. Тухайн жилийн цаг агаар, орон нутгийн нөхцөл байдалтай уялдуулж, татвар авахгүй байх боломжийг олгох ёстой гэж ярилцаад 0 гэсэн утга оруулсан. Сумдын танилцуулгаас харахад хоёулаа бэлчээрийн даац хэтэрсэн гэж байна. Энэ талаарх судалгааг олон байгууллага хийсэн. Тиймээс сургалт сурталчилгааны ажлаа сум өөрсдөө шийдээд хэнээс ямар мэдээлэл яаж авах вэ гэдгийг зохицуулаад явах хэрэгтэй гэж бодож байна.

Журманд малын тоо толгойн татварыг ИТХ-аар шийднэ гэж үзсэн учраас оруулах шаардлагагүй гэж үзсэн. Харин МБАНХ-ны зүгээс сум орон нутгийн ИТХ, ЗДТГ-т зориулан гарын авлага зааварчилгааг бэлтгэж өгөх болов уу. Энэ чиглэлд төлөвлөсөн ажил байгаа. Журам гарсан ч ийм асуудлаа ингэж шийднэ гэж өмнөх Бэлчээрийн менежмэнтийн төлөвлөгөөтэй  уялдуулах нь мэдээж. Гэхдээ Ерөнхий зааварчилгаа нь байвал илүү сайн. Ихтамир сумынхан малын тоо толгойн татварыг баталж, хуулийн хүрээнд юунд зарцуулж болохыг заасан байна.

Сангийн яамтай хэлэлцээд “Сумын Бэлчээрийн  менежмэнтийн төлөвлөгөө буюу бэлчээр, өвөлжилттэй холбоотой асуудлаа тухайн жилдээ өөрсдөө бодлогын хүрээнд хэлэлцэж  байгаа учраас энэ бүхнийг сум нь шийдээд явна. Гэхдээ Бэлчээр ашигалалтай холбоотой асуудал нь хаягдах магадлалтай гэж үзсэн тул ОНХС-ийн малын тоо толгойн албан татварын хөрөнгөөр бус төсвөөс хуваарилж өгсөн хөрөнгийн хүрээнд иргэдийн саналыг авдагаараа авна. Бэлчээр ашиглалт болон мал аж ахуйн чиглэлээр хийх ажлыг Малын тоо толгойн албан татварынхаа хүрээнд шийдэж болно гэж зайлшгүй зарцуулах чиг үүргийг журманд оруулсан.

Цаашид Бэлчээрийн менжмеэнтийн төлөвлөгөө боловсруулахтай уялдуулан сургалт сурталчилгаа явуулах шаардлагатай.  НАМЭМ төсөл, МБАНХ энэ чиглэлд анхаарч байгаа ч Монголын бүх сумдад ажиллаж чадахгүй. “Тогтвортой амтжиргаа 3” төслийн хүрээнд бэлчээрийн менежмэнтийн төлөвлөгөө, бэлчээр ашиглалтын асуудлаар нилээн өргөн хэмжээний сургалт хийгддэг байсан. Тиймээс НАМЭМ төсөл болон МБАНХ-той хамтран бүх сумдаа хамруулж, ямар хэлбэрээр яаж зохион байгуулах вэ гэдэг чиглэлд хамтран ажиллах бодолтой байна. Нөгөө талаар Орон нутгийн удирдлагууд болон малчдад зориулсан сургалт явуулахаар төлөвлөөд байгаа ч цар тахалтай холбоотойгоор нилээн хойшлогдох бололтой. Гэхдээ аймагт амжихгүй бол суманд очиж хийх тул уг сургалтыг МБАНХ-той хамтран шинэ хуулийн хүрээнд татварын цуглуулалт, цугласан хөрөнгийн хүрээнд төслөө батлах, төлөвлөх,  зарцуулах, хяналт тавих, гарын авлага боловсруулах талд тусламж дэмжлэг авах шаардлагатай байна. Бид журмын өөрчлөлтийн талаар Сангийн яамны веб сайтад байршуулсан. Тиймээс 2021 оны нэгдүгээр сарын 7-ноос өмнө өөрсдийн саналаа ирүүлэх боломжтой.

Цахим уулзалтын үндсэн мэдээллийн дараа оролцогчид асуулт хариулт өрнүүлж, санал зөвлөмжөө илэрхийлж, харилцан мэдээлэл солилцлоо, Цаашид татварыг тогтоох, зарцуулахад авч үзэх асуудлаар гарын авлага бэлтгэх, сумын ИТХ-ийн төлөөлөгчид, малчдад сургалт явуулах, ОНХС-ын журманд шаардлагатай саналыг хамтран боловсруулж илгээхээр тогтлоо.

П.Нарандэлгэр