Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өмөнө хөлцөөт БАХ хадлангийн талбайтай болжээ

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өмөнө хөлцөөт БАХ-ийн “Түнгэт” хэсэгт хадлангийн талбайтай болох төсөл хэрэгжүүлж, тус хэсгийн малчдын хадлангийн талбайг өргөжүүлэн бэлчээрээ өнжөөж, хамгаалсан малчдын амьжиргааг дэмжих ажлыг хийжээ. Сумын төв орчмын багийн малчдын хадланг бод малын хөлнөөс хамгаалж хэсэг, бүлгээр нийлж хашиж, хамгаалж болдог  гэдгийг харуулсан нь бүтээлч ажил болсон тул бусад хэсгийн малчид санаа авч хийж болох үлгэр жишээ загвар болж чадсан байна. 

Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Төслийн үр шим хүртэгч:

“Түнгэт” БАХ-ын ахлагч Ахайн Майра: Манай Түнгэт БАХ-ын малчдын хадлангийн талбай сумаас 5-8 км зайтай ойрхон байршилтай тул сумын төвийн айлын бод мал орж, хадлан сайн авч чаддаггүй байлаа. Хадлангаа хамгаалж зарим малчид зусландаа хугацаандаа ч гардаггүй байлаа. Тус 1га хадлангаа хашиж хамгаалсанаар 6 малчин өрх хашаалсан хадлангийн талбайтай болохын хамт, зусландаа цаг хугацаандаа гарч, өвөлжөөний бэлчээрээ эрт өнжөөж амраах боломж гарч, эдийн засгийн хөшүүрэг болсон оновчтой хөрөнгө оруулалт болсон байна. Тус талбайг цаашид өргөжүүлэхийн тулд хамтрахыг БАХ-н малчиддаа урайлан дуудаж байна. Тус төслийг хэрэгжүүлэхэд дэмжиж тусалсан аймгийн болон сумын Бэлчээр ашиглагчдын холбоо, Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хамт олонд маш их баярлалаа, ажлын амжилт хүсье. 

“Түнгэт” БАХ-ын малчин Хамшыбайн Дилдаш: Тус сумын 2-р багийн Түнгэт БАХ-ын мал цөөтэй  6 малчин өрхийг хашаалсан хадлангийн талбайтай болгож, өвс тэжээлийн найдвартай эх үүсвэртэй болгосонд малчин бид туйлын баяртай байна. Хадлангаа бид өөрсдийн хүч хөрөнгөөр хамгаалах ажлыг санаачлан эхлүүлсэн боловч хөрөнгө, мөнгөний бололцоогүйгээс үр дүнд хүрч чадахгүй байсан. Харин Сумын малчдын байгууллагад хүсэлт гарган төсөл бичиж оруулсанаар бидний санаачлагыг бодит ажил болгон дэмжиж хөрөнгө оруулалт олж өгч зохион байгуулж тусалсанд талархаж байна. Хамгийн гол нь малчид хэсэг бүлгээр нэгдэж, хамтран ажиллаж, хүч хөрөнгөө нэгтгэж зохион байгуулалтанд орох нь чухал юм байна гэж ойлголоо. Мөн буцалтгүй хөрөнгө мөнгөөр дэмжлэг үзүүлсэн, санхүүжүүлэгч болох Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хамт олондоо баярлалаа.