Малчид, малчдын байгууллагын Ногоон зээлийн шалгуур үзүүлэлтүүд

Үндэслэл

Монголын нийт газар нутгийн 8 хувийг ойн экосистем эзэлдэг ба үлдсэн хэсэг нь тал хээрийн экосистем буюу үетэн өвст тал хээр нутгийн экосистем эзэлдэг. Энэ 110 сая га тал хээр нутгийг бүхэлд нь мал ахуйд бэлчээр, хадлангийн талбайн зориулалтаар ашигладаг. Малын тэжээлийн хэрэгцээний 99 хувийг бэлчээрээр хангадаг ба өвлийн улиралд багахан хэмжээний хадлан тэжээл бэлдэнэ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн системд шилжсэн сүүлийн 30 гаруй жилийн туршид малчин өрх болон мал сүргийн тоо огцом нэмэгдсэн нь бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглах улмаар талхагдах, цөлжих үндсэн шалтгаан болжээ. 1990 – оноос өмнө малчин өрхийн тоо 90 000 гаруй байсан бол 2021 оны байдлаар малчин болон малтай өрхийн тоо нийлээд 240 000 гаруй болж малын тоо мөн 25,0 сая толгой байснаа өдгөө 2021 оны байдлаар 67,0 болж өслөө. Эрдэмтэдийн судалж тогтоосноор Монголын нийт 110,0 сая га бэлчээр нутаг 25,0 орчим мал тэжээх даацтай атал түүнээс даруй 3 дахин их мал сүрэгтэй болжээ.

Энэхүү малын тоо ийнхүү огцом нэмэгдсэн хэд хэдэн үндсэн шалтгаанууд байна. Юуны өмнө бэлчээр нь нийтийн өмч, мөн ашиглахад үнэ төлбөргүй учраас хайр гамгүй ашиглах хандлага газар авч байна. Энэ нь бэлчээр нутгаа амрааж сэлгэн ашиглахгүй, нэг газраа удаан хугацаагаар талхагдтал мал бэлчээх, бэлчээр үнэ төлбөргүй учраас малчид өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд малаа хэт их өсгөсөн байна. Тухайлбал ямааны тоо сүүлийн 20 жилд 3.00 сая толгой байснаа 27,0 сая хүртэл 9 дахин өсчээ. Бэлчээр дундын өмч учраас малчид бэлчээрийн даац хэтрүүлэн ашиглах, талхласны төлөө ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй. Өөр нэг шалтгаан бол малын гаралтай бүтээгдэхүүний зах зээл сүүлийн жилүүдэд их хумигдсан учраас малчид малаа борлуулахыг хүсэвч зах зээл хязгаарлагдмал байдаг. 1990 оноос өмнө үед жилдээ тухайн жилд авах төлийн тоотой тэнцэх хэмжээний малыг дотоод болон гадаадын голдуу Оросын зах зээлд нийлүүлдэг байсан учраас малын тоог өсгөхгүй бэлчээрийн даацдаа тохируулж байжээ. Зах зээлд шилжсэнээс хойш Оросоос өөр шинэ зах зээлүүд нээхэд хугацаа орж, мөн малын эрүүл мэндийн тогтолцоо нурж шинээр байгуулах хугацаанд малын гаралтай халдвар өвчний тархац нэмэгдэж олон улсын малын эрүүл мэндийн шаардлага хангах боломжгүй байв.

Олон улсын уур амьсгалын өөрчлөлтийн гэрээ хэлэлцээрт Монголын хүлээх үүрэг бэлчээрийн талхагдал цөлжилтийг бууруулах, тал хээрийн экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ялангуяа ургамлан нөмрөгийн хамгаалах замаар хүлэмжийн хийн шингээлтийг хэвийн хадгалах юм. Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний комисс болон Парисын 21 дүгээр хурлаар хүлэмжийн хийг бууруулах үүрэг амлалттай улс орны нэг. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн чухал хүчин зүйлийн нэг бол цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн талхалгдлыг бууруулах явдал юм. Парисийн хэлэлцээрээр Монгол Улс 2030 он хүлэмжийн хийн ялгаруулалтыг 27.2 хувиар бууруулна гэсэн зорилт тавьсан байна. Хээрийн экосистемд ургамлан нөмрөг агаар дахь нүүрстөрөгчийн хийг үндсэндээ шингээж хөрсөнд хуримтлуулдаг. Дэлхийн  хуурай газрын бараг 40 гаруй хувийг тал хээрийн экосистем эзэлдэг ба нийт ялгаруулж байгаа нүүрстөрөгчийн 30 гаруй хувийг хуримтлуулж шингээдэг. Манай орны хувьд тал хээрийн бэлчээрийн ургамал талхагдан цөөрч, халцгай газрын хэмжээ тэлж, цөлжиж байгаа нь хүлэмжийн хий шингээх чадварыг бууруулах хандлага ажиглагдаж байна. 20 гаруй жилийн өмнө ойролцоогоор бэлчээрт 12-20 зүйлийн ургамал байдаг байсан бол одоо 4-10 болж цөөрсөөр байна.

Шийдвэрлэх арга замууд

Швейцарын хөгжлийн агентлагын Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хүрээнд Шинжлэх ухааны академийн Ургамал хамгаалал ботаникийн хүрээлэн, ХААИС-ийн зарим эрдэмтэд, Ус цаг уур байгаль орчны шинжилгээний газар, Газрын харилцаа, геодози зураг зүйн газар, ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлсэн Монгол орны бэлчээрийн төлөв байдлын төлөв байдлыг тодорхойлох, шилжилтийн загваруудыг (State and Transition Models) боловсруулан гаргасны дүнд Монгол орны бэлчээрийн төлөв байдлыг үнэлэх, хандлагыг тогтоох боломжтой болсон билээ. Энэ судалгааны дүнгээс үзэхэд нийт бэлчээрийн 57% доройтсон ч үүний 90% ашиглалтын ачааллын бууруулбал буцаад байгалийн аясаараа аажмаар нөхөн төлжих чадвараа хадгалан үлдсэн байна. Хээрийн экосистем бусад экосистемтэй харьцуулахад харьцангуй тогтвортой. Хэдий аливаа хүчин зүйлд өртөх ч эргэн сэргэх чадавхи өндөртэй тул монголын уламжлалт сэлгэн ашиглах, өнжөөн нүүдэллэх аргууд хээрийн экосистем богино хугацаанд сэргэх боломжийг бүрдүүлнэ. Харин нэн хүчтэй доройтсон хээрийн экосистемд өнжөөх хугацаа 2-3 жил ба түүнээс илүү хугацаа шаардана.

Мөн сүүлийн 15 гаруй жилийн турш хэрэгжүүлсэн доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх технологийн туршилтуудаас үзэхэд хамгийн оновчтой, хөрөнгө зардал багатай арга зам бол уламжлалт бэлчээрээ сэлгэж амраан ашиглах нь арга технологи гэсэн дүгнэлт гарсан байна.

Энэ туршлага дээрээ үндэслэн дараахь арга хэмжээнүүдийг нийт 18 аймгийн 150 гаруй сумын малчид болон, хоршоодтой хамтран хэрэгжүүлэхэд 8 жилийн дотор 5 сая талхагдсан бэлчээр байгалийн аясаараа буцаан сэргэж унаган төлөв байдалдаа шилжсэн.

Малчин өрх:

  1. Одоогийн мөрдөгдөж байгаа Газрын хууль болон Байгаль орчин хамгаалах хуулиудын хүрээнд малчдыг уламжлалт дөрвөн улирлын бэлчээрийн хил заагийн дагуу бэлчээр ашиглалтын хэсгийн зохион байгуулалтад (БАХ) оруулж бэлчээр ашиглалтын гэрээ (БАГ) сумын засаг даргатай байгуулж, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих. Үүнд бэлчээрийн төлөв байдал, доройтлын түвшинд ачааллын тохируулах, улирлын сэлгээ нүүдлийг сумын мэргэжлийн зөвлөлгөөний дагуу хэрэгжүүлэх
  2. Бэлчээрийн даацын өнөөгийн хэмжээг тогтоож БАХ-ын гишүүд аажмаар малын тоогоо цөөрүүлэх замаар бэлчээрийн даацдаа тохирсон малтай болох төлөвлөгөө гаргах, жил бүрээр малын тоогоо бууруулах, нэг малаас авах ашиг шимээ нэмэгдүүлэх
  3. Малын эрүүл мэндээ сайжруулж зах зээлийн боломжуудаа нэмэгдүүлэх үүднээс сумын мал эмнэлэгтэй гэрээ байгуулах мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдах
  4. Арилжааны зориулалтын бүх малыг гарал үүсэл, чанарын цахим системд бүртгүүлэх замаар гарал үүсэл, чанарыг баталгаажуулах, цахим үнэмлэх авах

Хоршоод:

  1. Сумын бүх малчдын 70%-ийг гишүүнчлэлдээ хамруулсан байх
  2. Бүх малчин гишүүд БАХ-ын гишүүн байх, БАГ байгуулсан байх
  3. Хоршооны засаглал, үйл ажиллагаа хуулийн дагуу явагддаг байх
  4. Үндэсний үйлдвэрүүд, худалдан авагчдадтай түүхий эд бэлтгэн нийлүүлэх гэрээтэй байх
  5. Анхан шатны боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг бол давуу тал болно (тухайлбал, арьс ширийг стандартын дагуу бэлдэж давслах, ноос ноолуурт анхан шатны чанарын ангилан ялгалт хийсэн байх гэх зэрэг)

Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг 2019-2020 онуудад Хас Банктай хамтран хэрэгжүүлсэн “Ногоон бэлчээр” 500.0 сая төгрөгийн 2 жилийн хугацаатай хөнгөлттэй зээлийн төсөл дээр туршиж үзсэн нь амжилттай хэрэгжсэн. Төсөлд хамрагдсан 97 малчин өрхүүдэд дээрх бүх үзүүлэлтийг ханган хөнгөллтэй зээл авч хугацаандаа бүрэн буцаан төлсөн. Төслийн тайланг /хавсралтаас харна уу/

1. Шалгуур үзүүлэлтүүд

Үзүүлэлтүүд

Шалгуур

Баталгаажуулах эх үүсвэрүүд

Малчин өрх:

1

Малчдын хариуцлага

а. БАХ-н гишүүн байх

 

б. БАГ байгуулсан байх

 

в. Газрын нэгдмэл санд БАГ бүртгүүлсэн байх

Хариуцлагатай нүүдэлчид цахим системийн лавлагаа

(Газрын харилцаа геодози зураг зүйн газрын мэдээллийн сан)

2

Бэлчээрийн төлөв байдал

а. Бэлчээрийн төлөв байдал БАГ байгуулсан түвшнээс доройтоогүй байх 

 

б. Бэлчээрийн төлөв байдал БАГ байгуулсан түвшнээс сайжирсан байх

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны бэлчээрийн төлөв байдлын жил бүрийн үнэлгээ (Газрын харилцаа геодози зураг зүйн газрын фотомониторингийн мэдээллийн сан, Ус цаг уурын бэлчээрийн төлөв байдлын шилжилтийн гурван жил тутмын тайлан)

3

Малын тоогоо бэлчээрийн даацад тохируулах төлөвлөгөөтэй байх, жил тутмын төлөвлөгөө хэрэгжсэн байх

а. Жил тутам малын тоогоо 10 хувиас доошгүй бууруулсан байх

 

 

Хариуцлагатай нүүдэлчид цахим системийн лавлагаа

(Мал эмнэлгийн ерөнхий газрын мал эрүүл мэндийн  мөшгих системийн мэдээллийн сан, жил бүрийн борлуулсан малын тоо)

4

Малын эрүүл мэнд

а. Сумын мал эмнэлэгтэй гэрээтэй бүхий л хуваарьт үйлчилгээнд малаа хамруулсан байх

 

б. Бүх малаа сумын малын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх

 

в. Мал эмнэлгийн үйлчилгээ, гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байх

Хариуцлагатай нүүдэлчид цахим системийн лавлагаа

(Мал эмнэлгийн ерөнхий газрын мал эрүүл мэндийн  мөшгих системийн мэдээллийн сан, бичигдсэн цахим гэрчилгээний мэдээллийн систем)

Хоршоод

1

Үйл ажиллагааны цар хүрээ

Сумын бүх малчдын 70%-ийг гишүүнчлэлдээ хамруулсан байх

Хариуцлагатай нүүдэлчид цахим системийн лавлагаа

2

Үйл ажиллагааны тогтвортой байдал

Хоршооны засаглал, үйл ажиллагаа хуулийн дагуу явагддаг байх

Хариуцлагатай нүүдэлчид цахим системийн лавлагаа

3

Бэлчээрийн тогтвортой менежмэнтэд оруулж байгаа хувь нэмэр

Бүх малчин гишүүд нь  БАХ-ын гишүүн байх, БАГ байгуулсан байх

Хариуцлагатай нүүдэлчид цахим системийн лавлагаа

(Газрын харилцаа геодози зураг зүйн газрын мэдээллийн сан)

4

Дотооддоо нэмүү өртөг бүтээх ажлын байрууд бий болгоход оруулж байгаа хувь нэмэр

Үндэсний үйлдвэрүүд, худалдан авагчдадтай түүхий эд бэлтгэн нийлүүлэх гэрээтэй байх

Хариуцлагатай нүүдэлчид цахим системийн лавлагаа

2. Шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн баталгаажуулах, тайлагнах тухай

Жил бүр харьцагч банкуудад зээлд хамрагдсан малчин өрхүүд болон хоршоодын үйл ажиллагааны үр нөлөөний талаар хоёр тайланг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо гаргаж өгнө.

а. Бэлчээрийн төлөв байдлын тайлан /сэргэсэн бэлчээрийн талбайн хэмжээ, доройтуулаагүй хэвийн хэмжээнд барьсан бэлчээрийн талбайн хэмжээ, шинээр нэмэгдсэн сайжруулсан хадлангийн талбай, ургац, тэжээл тариалсан хэмжээ)

б.  Жил бүр бууруулсан малын тоо толгой, төрөл тус бүрээр, жилийн борлуулалт

в. Малын эрүүл мэндийн тайлан үүнд: мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан байдал, малын халдварт өвчний статус,

г. Хоршооны жилийн борлуулалт, ашиг, ажлын байрууд бий болгосон тоо хэмжээ

д. Үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн түүхий эдийн тоо хэмжээ, чанарын дундаж үзүүлэлтүүд

е. Тохирсон агуулгын дагуу сайн туршлагын бичмэл эсвэл видео бичлэгээр баталгаажуулсан түүхүүд

Дээрх шалгуур үзүүлэлтүүдийг хэрэгжүүлэхэд сүүлийн үед Их Хурал, Засгийн газраас гаргасан дараахь хэд хэдэн хууль, бодлогын баримт бичиг таатай орчин бүрдүүлж байна. Үүнд:

а. 2020.11.13-ы өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар "Төсвийн тухай хууль"-д 60.2.8 нэмэлт заалт орсон.

Энэ заалтаар "Орон нутгийн хөгжлийн сан"-ийн эх үүсвэрт Малын тоо толгойн албан татварын орлогыг нэмэлтээр тусгаж энэхүү орлогын эх үүсвэрийг бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулна гэж заасан.

Мөн тус хуралдаанаар "Малын тоо толгойн албан татварын тухай хууль"-ийг баталсан. Энэхүү хуульд Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байх ба албан татварын хэмжээг дээрх хязгаарт багтаан сум/дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтоохоор заасан.

Тус хууль 2021 оны 1 дүгээр сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжих ба хуультай холбогдуулан "Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам"-д нэмэлт өөрчлөлт орно.

Хуулийн танилцуулга видео үзэх: http://www.khural.mn/n/9udor

"Малын тоо толгойн албан татварын тухай хууль"-ийн дэлгэрэнгүйг үзэх: https://www.legalinfo.mn/law/details/15729

в. Хоршооны тухай хуульд оруулсан өөрчлөлтүүд   

http://parliament.mn/n/6esyn?fbclid=IwAR35WIBmTFJ7ramI7f5NXDzILnzpFjw_enjrvcW5Tu8DnOO1nyVDDczsVbs

Хавсралт 1. Монголын бэлчээрийн төлөв байдлын тайлан 2018

Хавсралт 2. “Ногоон бэлчээр” – хөнгөлттэй зээлийн туршилтын төслийн тайлан 2019-2021