Малчны хотноос үйлдвэрийн хаалга хүртэлх сүү бэлтгэн нийлүүлэлтэд цахим системээр хяналт тавьдаг боллоо

Антибиотикийн үлдэгдэлтэй сүү ууж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ. Бид үнэхээр органик, эрүүл, аюулгүй хүнс хэрэглэж чадаж байна уу? Иргэдийн дунд эргэлзээ төрүүлдэг энэхүү асуудал шийдлээ олжээ. Шийдэл нь Швейцарын хөгжлийн агентлагийн “Хариуцлагатай нүүдэлчид” төслийн хүрээнд хийгдсэн малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийг хянах цахим систем юм. Монголчуудын уламжлалт хүнс, сүүний чанар, аюулгүй байдал хэрхэн баталгаажсан талаар дараах зочдын ярианаас та уншаарай.

 

Малын гаралтай түүхий эдийг баталгаажуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой

“Ногоон алт-малын эрүүл мэнд” төслийн мэргэжилтэн Ч.Баярмаа:

“Ногоон алт-малын эрүүл мэнд” /НАМЭМ/ төслөөс “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг хянах цахим системийг 2018 оноос эхлэн Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Дижитал медик компанитай хамтран хөгжүүлж байна. 

Системийн гол зорилго нь малын гаралтай түүхий эдийн гарал үүсэл, чанар, түүхий эд нийлүүлэгч малчид, фермерүүдийн хариуцлагатай байдал, тэдний ашиглаж буй бэлчээрийн төлөв байдал, малын эрүүл мэнд, тавлаг байдал, байгаль орчинд ээлтэй байдал зэрэг мэдээллийг түүхий эд худалдан авч буй боловсруулах үйлдвэрүүд, худалдан авагчдад баталгаажуулах юм.  Ингэснээрээ монгол малын гаралтай түүхий эдийн үнэлэмжийг гадаад, дотоодын зах зээлд нэмэгдүүлж, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд оршиж байна.  

Энэ системийн нэг модуль болох сүү бэлтгэлийн мөшгөх системийг сүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг баталгаажуулахад ашиглах зорилгоор ХХААХҮ-ийн Судалгаа хөгжлийн төв, Витафит милк ХХК-тай хамтран хөгжүүлж ХХААХҮЯ-нд хүлээлгэн өглөө. Системийг хөгжүүлж, хэрэгжүүлэхэд оролцож хамтран ажилласан бүх оролцогч талуудад төслийн хамт олны өмнөөс талархал илэрхийлж байна. 

 

Урамшууллын систем нэвтэрснээр сүү бэлтгэлийн ажил илүү тодорхой болж байна

ХХААХҮЯ, ХҮБХЗГ-ын дарга Л.Чой-Иш:

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-ээс энэ оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл малчдад сүүний урамшуулал олгосон. Ингэхдээ техникийн зохицуулалтын шаардлага хангасан өөрөөр хэлбэл стандартын шаардлага хангасан үйлдвэрт сүү нийлүүлдэг малчдад уг урамшууллыг эхэлж олгосон юм. 

Энэ төсөл дээр Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-малын эрүүл мэнд” төслийн хамт олонтой хамтарч ажиллалаа. Төслийн гол ач холбогдол нь хаанаас хэн гэдэг хүн хэзээ, хэдий хэмжээний сүүг аль үйлдвэрт өгсөн бэ гэдэг мэдээллийг иж бүрэн шууд татах боломжтой болсноороо онцлог. Мөн урт хугацааны бодлого гаргахад энэ системийн ач холбогдол тун өндөр. Эхний ээлжинд нийт найман үйлдвэрт уг системийг нэвтрүүлээд байна. 

Том, жижиг үйлдвэрийн аль алинд нь энэхүү систем хэдийн нэвтэрчихлээ. Энэ бол зөвхөн урамшууллын хүрээнд ажиллуулж буй зүйл биш гэдгийг онцлон хэлэх ёстой. 

Тухайн аж ахуйн нэгжүүд цаашдаа системийг байнга ашиглаад явна гэдгээрээ давуу талтай. Урамшуулал нь уг ажлыг үр дүнтэй болгох ердөө нэг алхам шүү дээ. Малчид заавал урамшуулал гэлтгүй цаашдаа малын түүхий эд нийлүүлэхдээ чанарын шаардлага хангасан, тодорхой стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээл дээр бий болгох зорилготой. 

Урамшууллын систем нэвтэрснээр сүү бэлтгэлийн ажил илүү тодорхой болно. Энэ үр дүн л төслийн гол үнэ цэнэ юм. Нөгөө талаас мөн мал эмнэлгийн системтэйгээ ч давхар уялдаж байна. Ингэснээр тухайн мал эрүүл эсэх, ямар эмчилгээ, тарилга хийснийг илүү тодорхой болгож байна. Урамшуулал 2025 оны 6 дугаар сард дуусгавар болно. Ердөө жил гаруйн хугацаанд л 2500 гаруй малчин, фермерүүд, найман үйлдвэр хамрагдсан байна. Тухайн жилийн 11 дүгээр сараас ирэх оны 4 дүгээр сар хүртэлх хугацаа юм. Энэ нь өвлийн сүүний нийлүүлэлтийг илүү сайн нэмэгдүүлэхэд нөлөөлнө. Манай улс жилдээ үйлдвэрийн дамжлагаар 45 сая литр гаруй сүү үйлдвэрлэдэг. Үүнээс өвлийн улиралд нийлүүлэгдэж байгаа нь 10 сая орчим байдаг. Тэгэхээр энэхүү 10 сая литр сүүний 9,8 саяд нь урамшуулал өгсөн гэсэн үг. Хуурай сүүний хэрэглээг багасгаж, малчдыг идэвхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Манай систем дээр Монгол Улсын малтай бүх айлын мэдээлэл бий

Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрсдэлийн үнэлгээний газрын дарга П.Болдбаатар:

Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баталсан.

Сүүнд тавигдах шаардлага гэдэг дээр мөн ялгаагүй мал эмнэлгийн гэрчилгээтэй байна гэж заасан. Мөн Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу тухайн малчны мал эрүүл байвал зах зээлд чөлөөтэй нэвтрэх ёстой. Хуулиар хариуцлагын тогтолцоог бий болгосон гэдгээрээ давуу талтай.  Ний нуугүй хэлэхэд өмнө нь малаа турж үхсэн гэж мэдээлснээс шүлхийтэж үхүүлсэн нь дээр гэдэг үг хүртэл малчдын дунд байлаа. Нууц биш шүү дээ. Одоо бол 24 цагийн дотор малын эмчдээ заавал мэдэгддэг болсон. “Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль” хэрэгжүүлэх зорилготойгоор Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулсан. Мал эмнэлгийн ерөнхий газраас дээрх хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мал амьтны шилжих хөдөлгөөнийг нарийвчлан тогтоох, малын гаралтай бүтээгдэхүүний ариун цэвэр гарал үүслийн баталгааг хангах зорилгоор ШХА-ийн НАМЭМ төсөл хөтөлбөртэй хамтран ажиллаж, орон нутгаас ирэх мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг цахимжуулж, эцсийн бүтээгдэхүүнийг ариун цэврийн баталгаажуулалтай бар кодтойгоор худалдаалах системтэй боллоо.

Ногоон алт-малын эрүүл мэнд төслийнхөн мал эмнэлгийн нэгдсэн гэрчилгээний системийг хийж өгсөн. Энэхүү систем Малын эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд асар их дэм болсон гэдгийг онцлон хэлэх ёстой. Манай систем дээр Монгол Улсын малтай бүх айлын мэдээлэл бий. 

Сүү өгсөн бол гэрчилгээ нь өдөр, цаг минуттай нь гарч ирдэг. Малчин нүүж нутаг сэлгэхэд эсвэл мах сүүгээ тушаахад тухайн регистрээр нь шүүхэд боомын вакцин, туулга хэзээ хийгдсэн нь шууд харагдана. Өөрөөр хэлбэл малын эмч тухайн айлын малд авсан арга хэмжээ дээр үндэслээд тэрхүү айлаас гарсан сүү эрүүл аюулгүй гэдгийг баталж гэрчилгээ олгож байгаа юм. Тухайн жилд малчин айлын хэдэн малд яг ямар арга авах вэ гэдгийг системд оруулдаг.  Сумын мал эмнэлгийн тархвар судлаач нь тухайн нутаг дэвсгэр дээр ямар өвчний эсрэг арга хэмжээ авч, хэнийх гэж айлын малыг вакцинжуулахаа маш нарийн төлөвлөдөг. 

Малчид малаа эрүүлжүүлэх үүрэгтэй тул цааргалах зүйлгүй. Хэрвээ малчнаас шалтгаалан алдаа гарвал гарсан зардлыг нь малчин хүлээх хуультай. Төлөвлөснөөр хийгдсэн эсэхийг малын эмч хянаж хөтөлж, байцаагч батална. Гар утас дээрх систем дээр мал эмнэлгийн бүх гүйцэтгэл хийгдсэн малтай айлын нэрс нь ногоон өнгөөр харагддаг, google дээр координатыг заадаг болчихсон. Малын эмч малд вакцин тарихдаа системээ асаахад хаана хийсэн нь автоматаар бүртгэгддэг офлайн системтэй. 

Малд хэрэглэсэн эм бэлдмэлийн түүх ч бас энд бичээстэй бий. Эмийн бүртгэлийн системээс нь аль улсад үйлдвэрлэгдсэн, ямар ААН оруулж ирсэн нь хүртэл харагдана. Хуурамч эм бэлдмэл ашиглах боломжгүй болж байгаа юм. Энэ бол дэлхий нийтийн жишгээр хийгдэж буй ажил. Манайхан малын мах, сүү, эмийн үлдэгдэлтэй гэж янз бүрээр л ярьдаг шүү дээ. Ийм яриа, эргэлзээг мөшгөлтийн систем хязгаарлах аргаар цэгцэлж байна. Жишээ нь, малчин Доржийн малд малын эмч ивомек тарьсан бол сүүний эмийн үлдэгдэл гарах хүртэл 28 хоногийн хугацаанд сүлжээнд сануулаад хадгалчихна. Мэдээж энэ хугацаанд ямар ч гэрчилгээ гарахгүй. Гэрчилгээгүй учраас малын мах, сүү, бүтээгдэхүүнээ борлуулах ямар ч боломжгүй. Ийм хязгаарлалтын ажил эхлүүлсэн.

Яг үнэндээ таны регистрийн дугаарыг хийхэд эрүүл мэндийн түүхтэй холбоотой бүх мэдээлэл гарч ирэх болов уу? Гэтэл энэ системийн ачаар бид тухайн малын эрүүл мэндийн бүхий л мэдээллийг ороод харж болж байна.

Ард нь мөшгөлтийн систем, нарийн үе шаттай ажлууд явагдаж байгаа учраас гэрчилгээтэй бол бүрэн баталгаатай гэсэн үг. Сүү цуглуулалтын системд сүүний компаниудын мэдээлэл бүртгэсэн цаг минутаар орж ирнэ, бүхий л мэдээлэл дата болж үлдэнэ. Үүн дээр гэрчилгээ авах эрх цахимаар үүснэ. Тэгэхээр хэрэглэгчдийг гэрчилгээг нь нэхэж заавал QR кодыг нь ухаалаг утсаараа уншуулахыг зөвлөж байна.

 

Мөшгөх системийн ачаар таны авч байгаа малын сүү, мах баталгаатай болсон

Төв аймгийн Борнуур сумын мал эмнэлгийн тасгийн дарга Ц.Болормаа:

Мал аж ахуйн гаралтай түүхий эд буюу хүнсний бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ авдаг малчдын тоо эрс өссөн. Үүнд төрөөс явуулж буй бодлогын урамшуулал, мал эмнэлгийн нэгдсэн цахим систем нэвтрүүлэлт, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт-малын эрүүл мэнд төсөл, Хариуцлагатай нүүдэлчид малын гаралтай түүхий эдийн мөшгөх цахим систем, Сүү бэлтгэлийн мөшгөх систем нэвтрүүлэлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн.

Бид Витафит ХХК, ШХА-ийн Ногоон алт-малын эрүүл мэнд төсөлтэй хамтран 1000 гаруй саалийн үнээнд бруцеллёзын шинжилгээг гурав дахь жилдээ хийгээд байна. 

Өмнө нь хуц, ухныг л бруцеллёзын шинжилгээнд хамруулдаг эсвэл саалийн үнээнд шаардлагаар шахуу хийдэг байсан юм. Төслийн эхний жилд л гэхэд 1100 орчим, дараа жил нь 870 гаруй саалийн үнээнд шинжилгээ хийсэн. Мөн малын сүүний шинжилгээг тогтмол хийж байна. Үр дүнд нь Төв аймгийн Борнуур сумаас зах зээл дээр антибиотиктой сүү нийлүүлэх боломжгүй болсон гэж ам бардам хэлнэ. 

Бруцеллёзын шинжилгээ хийж, саалийн үнээг ээмэгжүүлж, шинжилгээний зардлыг даасанд малчдын өмнөөс талархлаа илэрхийлье. Ээмгэн дээрх чипээр дамжуулан тухайн малын эрүүл мэндийг цахим системд оруулдаг, ингэснээр иргэд эрүүл баталгаатай хүнсээр хэрэглээгээ хангаж байна.

Манайхаас 2-3 удаа бруцеллёз болон бусад шинжилгээ хийдэг, тухайн бүсээс антибиотик илрээгүй тохиолдолд “Эрүүл Сүрэгтэн” гэрчилгээг хоёр дахь жилдээ олгож байна.

Уг гэрчилгээг одоогоор 48 малчин, фермер өрх авсан, энэ жилдээ 500 болгоно гэсэн төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Саахалт айл нь шинжилгээ өгч, гэрчилгээ аваад байхад өөрсдөө идэвхгүй хандахаас малчид санаа зовж аль болох шинжилгээгээ хийлгэхийг хичээдэг болсон. Мал эмнэлгийн нэгдсэн цахим сүлжээнд нэвтэрснээрээ отор нүүдлээр явж байгаа эсвэл манай сумаас гарч байгаа малын мэдээллийг шууд мэдчихдэг гээд олон давуу талтай.  Системээс уг мал ямар үйлчилгээнд хамрагдсан эсэхийг харна бас мал, амьтны халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломж нээгдсэн.

 

Малчид сүүний чанарт илүү хариуцлагатай ханддаг болсон

"Витафит милк” ХХК-ийн сүү бэлтгэлийн албаны дарга С.Ичинхорлоо:

“Витафит” компани 2016 оноос сүүний зах зээлд орж ажиллаж эхэлсэн. Анх Төв аймгийн гурван суманд хөргөлтийн цэг байгуулж байлаа. Яагаад гэвэл малчны хотноос авсан сүүгээ хөргөнө гэдэг сүүний чанар стандартыг хангах хамгийн эхний бас чухал алхам шүү дээ. Малчнаас сүүгээ авахаасаа өмнө гурван төрлийн шинжилгээ хийнэ. Үүнд сүүний шинэлэг байдал, сүүний хольц бүтцийн шинжилгээ зэргийг шинжлээд стандартын шаардлага хангасныг л авдаг. Хэрвээ эдгээр шаардлагыг хангахгүй бол тухайн сүүг авдаггүй. 

Чиглэл бүрээс малчдаас сүүгээ аваад ирэхэд нь найман төрлийн дэлгэрэнгүй шинжилгээ авч сүүний танк руугаа хийдэг юм.

Шинжилгээг ойрхон хугацаанд хийж үзээд байгаа нь сүүний шинэлэг байдлыг л хамгаалах арга юм. Халуун хүйтэн янз бүрийн хэмтэй сүү ирдэг учраас шууд Улаанбаатар руу сүүнийхээ машиндаа хийгээд гаргалгүйгээр эхлээд хүргэлтийн танканд хийж тодорхой хэм хүртэл нь хөргөдөг. Хөрсний дараа татан авалтын машинд ачдаг, машинаа PPS системээр хянаж байгаа учраас хаанаас хэдэн цагт гарсан нь, мөн үйлдвэрт хэдэн цагт ирэх нь тодорхой байдаг юм. Энэ хооронд үйлдвэр сүүгээ хүлээж авахад бэлдэж, ариутгал цэвэрлэгээгээ хийдэг.

Үйлдвэрт ирсэн хойно нь лабораторид нийт 3 давтамжтайгаар 12 төрлийн шинжилгээ авч байна. 

Манай компани эхний жилдээ антибиотикийн тест илрүүлгийг авахад жишээ нь 60 сая төгрөгийн зардал гаргаж байлаа. Энэ арга ажиллагааны хамгийн чухал ач холбогдол нь Монголчуудад эрүүл, аюулгүй сүүг нийлүүлэх. Эмийн үлдэгдэлтэй сүү хүний биед сөргөөр нөлөөлдөг. Малчдадаа энэ талын ойлголтыг өгөхөд бараг гурван жилийг зарцуулсан. Манайд сүү нийлүүлдэг малчид маань хотод байгаа хүүхдүүддээ “Витафит милк” ХХК-ийн сүүг л ав гэж захина аа гэж хэлдэг нь бидний ажлын үнэлгээ гэж боддог.

Үнэхээр чанартай сүү нийлүүлдэг малчдадаа 50 төгрөгийн урамшуулал өгдөг уламжлалыг таван жилийн өмнө тогтоосон. Таван жилийн дараа эргээд харахад аль аль талдаа антибиотикийг ойлгодог болж компаниа хүндэлдэг болжээ.  Өмнө үйлдвэрлэгчид сүүний чанар, аюулгүй байдалд санаа зовдог байсан бол Сүүний мөшгөх системийг хэрэгжүүлснээр энэ асуудал нэлээд цэгцэрч байна. Маш нарийн хяналттай тогтолцоо учраас хэрэглэгч сүүний чанарын асуудалд эргэлзэхгүйгээр авах боломж бүрдэж байна. QR уншуулаад л хэдэн цагийн өмнө малаа саагаад хэдэн цагийн дараа үйлдвэрт бүтээгдэхүүн болсныг ч хараад мэдчих боломжтой юм. Бид яг ийм систем бүрдүүлэхээр ажиллаж байна. Зургаан сарын дараа бол тухайн бүтээгдэхүүний мөшгөлтийн QR кодоор уншуулангуут эдгээр мэдээллийг гаргадаг болгохоор ажиллаж байна.

 

Сүүний урамшуулалд хамрагдан орлогоо нэмэгдүүлж, мал эмнэлгийн үйлчилгээгээ цаг хугацаандаа авч байна 

Борнуур сумын фермер малчин, 2017 оны аварга фермер Р.Бат-Эрдэнэ:

Малчид, малын эзний үүрэг хариуцлага өндөржиж, малын халдварт өвчнийг эрт илрүүлэн шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. 5-6 жилийн өмнө вакцин туулга одоогийнх шиг хийгддэг байсангүй. Тэр хэрээрээ малчин бид халдварт өвчинд санаа зовохоо больсонд олзуурхдаг. 

Манайх гэхэд сүүний урамшуулалд хамрагдсан, манайх төдийгүй бусад малчдад овоо нэмэр болж байна. Малаа эрүүлжүүлж, чанаржуулахын тулд малын эмчтэйгээ гэрээ байгуулж, малаа үзлэг шинжилгээнд тогтмол хамруулдаг болсон. Энэ ажлыг тогтмолжуулсан учраас Борнуур суманд халдвар гараад байдаггүй гэж хардаг. Сүүний урамшуулалд хамрагдсанаас хойш нийлүүлэх сүүндээ мал эмнэлгийн гэрчилгээг тогтмол авдаг болсон. Малчдын хувьд сүүний гэрчилгээний төлбөр 50-60 орчим мянган төгрөг төлж байна. Өмнө нь үйлдвэр малчдын өмнөөс төлдөг байсан юм. Энэ мэт олон зүйлээр малчдын үзэл сэтгэлгээ өөрчлөгдөж байна.

 

Улсаас сүүний нэмэгдэл урамшуулал олгосноор малчин, фермерүүд тэжээл худалдаж авч эсвэл өөрсдөө ногоон ургамал тарьж байна. Малын тэжээлийн үнэ нэмэгдсэн энэ үед энэ нь маш чухал арга хэмжээ болж байна. Өмнө нь бид ногоон ургамал тариалж байсангүй. Үнэнийг хэлэхэд энэ талаар мэдээлэлгүй байжээ. Харин “Ногоон алт” төслийнхөн бидэнд хэрхэн тариалахыг зааж өгснөөр өөрсдөө тариалах боломж бүрдсэн. Ногоон тэжээлийн тухайд манай нутгийн малчид ам сайтай байна. Энэ жил бид газраа амрааж, өөрсдөө ногоон тэжээл тарьсан. Ногоон ургамал наанадаж бэлчээрийн газрыг амраахын зэрэгцээ ногооны шим тэжээл нь илүү, малдаа тарга тэвээрэг сайн өгдөг юм билээ. Өвлийг ажралгүй давсан. Ер нь өөрсдөө ногоон ургамал тариалж, хадлангийн талбай үүсгэх нь өнөө цагийн малчдын сурах ёстой нэг чадвар болжээ. Малын холимог ногоон тэжээл нь байгалийн хадланг бодвол малд шингэх шингэц, шимт чанар сайтай учир малын ашиг шимийн гарцад сайнаар нөлөөлж байна.

 

Сүү бэлтгэлийн мөшгөх систем хэрэглэгчдийн эргэлзээг тайлна

ХХААХҮ-ийн Судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтэн Д.Батцэцэг:

Өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн учраас сүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдалд анхаарах маш чухал. Монгол малын сүү баталгаатай гэдгийг харуулахын тулд малчнаас эхлээд малын эмч, сүүний үйлдвэр гээд шат бүрт оролцогч талуудын гинжин хэлхээг үүсгэн бүртгэлжүүлж, цахимжуулах нь маш чухал. 

ШХА-ийн Ногоон алт-малын эрүүл мэнд төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг сүүний мөшгөх тогтолцооны системийн ажил 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Эхний ээлжинд бид Витафит милк ХХК-тай хамтарч технологийн үйл ажиллагаанд нь түшиглэн мөшгөлтийн системийн хөгжүүлэлтээ хийсэн. Ингэснээр үйлдвэрт түүхий эд болж ирж байгаа сүү ямар гарал үүсэлтэй, хэнийхээс ирсэн, тухайн айлын мал вакцинд хэзээ хэрхэн хамрагдсан зэрэг бүх мэдээлэл нь бүрэн тодорхой мэдээллийн сан болж хадгалагдаж байна. Мөшгөлтийн систем нь энэ салбарт чухал ажлын эхлэл гэж харж байгаа. 

Энэ ажлыг зохион байгуулахад талуудын ойлголцол, хамтын ажиллагаа чухал байсан. Энэ үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүст талархаж байна.

 

Хэрэглэгчдийн дунд малын сүү эмийн үлдэгдэлтэй эсэх дээр эргэлзээ байдаг шүү дээ. Хэн ч гэсэн гэр бүлдээ чанартай, баталгаатай сүү хэрэглэхийг л хүсдэг. Сүүний мөшгөх системийг бүрэн хэмжээнд хөгжүүлснээр хэрэглэгчдийн тэрхүү эргэлзээг тайлж чадна. Үйлдвэрийн зүгээс ч эрсдэлээ бууруулах боломж, нөгөө талаас зах зээлээ тэлэхэд туслах давуу тал үүснэ. Монголчууд гадаад зах зээлд сүү сүүн бүтээгдэхүүн экспортлоход тулгардаг асуудал ч үүний ард шийдэгдэх боломж бүрдэж байгаа юм. 

 

Сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдэж байна

“АПУ Дэйри” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Мөнхмаа:

Сүү бэлтгэлийн мөшгөх систем хэрэгжүүлснээр сүү үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлага хэрэглэгчдэд ил болж байна. Хэрэглэгчид өмнө нь зөвхөн тухайн компани, үйлдвэрийн нэрийг л мэддэг байсан шүү дээ. Харин мөшгөх системийг нэвтрүүлснээр таны ууж байгаа сүү анх аль аймгийн хэн гэдэг малчны хотноос, ямар үнээнээс саасан сүү вэ гэдгийг мэдэх боломжтой болсон. Үүгээр зогсохгүй сүүг хэрхэн тээвэрлэж, хэзээ, ямар дэлгүүрт ирсэн бэ зэрэг мэдээллийг цаг хугацаатай нь нарийн мэднэ гэсэн үг.

Өнгөрсөн жилээс эхлээд сүү нийлүүлж байгаа малчин бүрд “А данс” нээж, бүртгэл үүсгэсэн. Тухайн айлаас сүү авахдаа л дээжээс нь шинжилгээ авдаг. Шинжилсэн сүүнээс антибиотик, бактер зэргийн шинжилгээ хийснээр цаг алдалгүй асуудлыг илрүүлэх боломжтой. Хэрвээ ямар нэг асуудал гарлаа гэхэд хурдан хугацаанд малчинд мэдэгдэж, тухайн орон нутгийн малын эмчтэй хамтран шаардлагатай арга хэмжээ авна гэсэн үг. 

Манай үйлдвэрийн хувьд нийт 1200 гаруй малчдаас зуны улиралд 70-80 тн сүү, өвлийн улиралд өдөрт дундажаар 30-41 тн-ыг авч боловсруулдаг. Байнгын шинжилгээ хийж хяналт тавьж ажилласнаар малчдын хариуцлага ч нэмэгдэж байна. Сүүний мөшгөх системд амжилттай шилжихэд улсаас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүд, өвлийн улиралд олгож буй сүүний урамшуулал ч их тус дэм болж байна. 

“Хариуцлагатай Нүүдэлчид”- Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих систем” хэрэгжиж эхэлснээр үйлдвэрлэгчдээс гадна хэрэглэгчид ч мөн чанартай бараа бүтээгдэхүүнийг өөрсдөө сонгож авах боломж нээгдэж байна.

Үйлдвэрт сүү нийлүүлж буй малчид гарал үүслийн баталгаатай сүүг нийлүүлэх үүрэгтэй, гарал үүслийн баталгааг тухайн бүс нутаг дахь гэрээт малын эмч нар, мал эмнэлгийн газар хяналтаа тавьсны дагуу тухай бүр олгож байна. Үйлдвэр аль бүс нутгийн сүүг хэзээ, хэрхэн хүлээн авч ямар дамжлагаар боловсруулалт хийгдсэн талаарх тайланг өдөр тутам гаргах учраас хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг найдвартай баталгаатай мөн эсэхийг хүссэн үедээ мөшгөж мэдэх боломжтой юм. 

Малчид, фермерүүд маань эрүүл ахуйн зөв зохистой дадлыг хэрэгжүүлэхээр олон сургалт дээр хамтран ажиллаж байна. Тухайлбал сүүний соматик эсийн шинжилгээг хийснээр саалийн үнээний дэлэнгийн үрэвслтэй эсэхийг мэддэг.

Антибиотикийн шинжилгээг хийснээр саалийн үнээндээ антибиотик тарьсан тохиолдолд тухайн үнээнийхээ сүүг тусад нь авч тугалд нь өгөхгүй байхаас гадна өөрсдөө бас хэрэглэхгүй байх тал дээр зөвлөдөг. Энэ мэтээр малчдад сургалт хийж хүн амыг эрүүл аюулгүй сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахад тэдний оролцоо маш чухал гэсэн ойлголтыг нь батжуулдаг.

Манай үйлдвэрийн зорилго бол сүү, сүүн бүтээгдэхүүнүүдээр дотоодын зах зээлийн хэрэгцээг хангах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цаашид сүү, сүүн бүтээгдэхүүнийг экспортлох юм. Ингэхийн тулд олон улсын стандарт чанарыг баримталж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх төдийгүй үндсэн түүхий эд болох сүүгээ чанартай бэлтгэх нь чухал юм.  Энэхүү сүү бэлтгэлийн мөшгөх цахим систем бидэнд энэ боломжийг олгоно гэж харж байгаа. 

Ц.ЦЭРЭНДОЛГОР

 Эх сурвалж: Peak.mn