Хөвсгөл аймаг “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-тай болно

Өвөг дээдсээс өвлөн ирсэн мал аж ахуйн уламжлалт арга барилыг орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж, байгаль орчиндоо ээлтэй, зөв зохистой ашиглаж, хайрлан хамгаалж, бэлчээрийн даацыг тохируулах нь манай улсын нэн чухал тулгамдсан асуудлын нэг гэж болно. Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас мал хувьд шилжиж, эдийн засгийн үр ашигтай, байгальд ээлтэй мал маллагааны уламжлалт арга барил алдагдаж, малчид малын чанарт бус тоо толгойд хэт их анхаарсан. Энэ нь бэлчээрийн даацыг хэтрүүлж, малын гаралтай түүхий эдийн үнэлэмжийг бууруулж, сүргийн бүтэц алдагдах зэрэг олон асуудал дагуулсан. Түүнчлэн байгаль цаг уурын тааламжгүй нөхцөл байдлаас үүдэн мал сүргээ хариулах бэлчээр хомсдож, нүүдэл сэлгээ хийж, сум орон нутаг, аймаг алгассан отор нүүдлийн цуваа жилийн жилд маргаан дэгдээж буй. Бэлчээрээс үүдсэн маргаан тэмцэл нь хэрэг зөрчилдөө хүрч, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, тэр ч бүү хэл эрдэнэт хүний амь хохирсон харамсалтай хэрэг ч гарсныг мартах учиргүй билээ.

Бэлчээр гэдэг нэг талаараа мал маллаж буй малчин хүний л асуудал мэт харагдавч, нарийн учигаар нь хөөвөл монгол хүн бүрийн зайлшгүй анхаарал хандуулах ёстой сэдэв. Учир нь зуун зуун жилээр өвөг дээдэс минь Монголынхоо өргөн уудам нутагт таван хошуу малаа маллаж, түүнийхээ ашиг шимийг хүртэж, үр хойчдоо уламжлуулан өвлүүлж үлдээсэн. Мал сүрэг гэдэг Монгол улсын оршин тогтнохын гол үндэс суурь. Дэлхийн олон улс оронд мах гэдэг хамгийн үнэ цэнэтэй “хүнс” гэгддэг. Гадаадын нэгэн эрдэмтэн судлаач нэгэнтээ манай улсад айлчлахдаа “Монголчууд та бүхэн үнэхээр азтай ард түмэн. Танай улсын түүхэнд хэзээ ч өлсөхийн, өлсгөлөнд нэрвэрдэхийн зовлон тохиогоогүй. Дэлхий дээр махыг зөвхөн баяраар л хааяа иддэг, огт идэж үзээгүй хүмүүс олон байдаг.  Та бүхэн таван хошуу малынхаа махыг идэж, түүнийгээ өсгөн үржүүлж, үр хойчдоо өвлүүлдэг. Үнэхээр монгол малын мах амт чанар сайтай, Байгалийн өвс ургамлыг өөрөө шилж сонгож иддэг. Зэрлэг амьтанаас ялгаагүй. Та бүхэн энэ их хувь заяагаа хайрлаж яваарай” хэмээн захиж хэлж байсан юм.  

Тиймээс Монголчууд бидний мөн чанар болсон мал сүргийг минь тэжээн тэтгэж, өсгөн үржүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй бэлчээр нутгаа хүн бүр хайрлан хамгаалж, анхаарал хандуулах учиртай. Мэдээж хамгийн эхэнд аймаг орон нутагт, сумдад, малчны хотонд бэлчээрээ хамгаалж, мал сүргээ жилийн дөрвөн улиралдаа тохируулан нүүдэл суудал хийдэг байх нь чухал. Бэлчээртэй холбоотой аливаа харилцааг зохицуулах тусгайлсан хуульгүй манай улсын хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Иргэний тухай хуулийн 481.1, Газрын тухай хуулийн 52.2 зүйл заалт зэрэг хэд хэдэн салангид хуулийн заалтуудыг үндэслэн ашиглалтын асуудлыг зохицуулж байна. Ингэхдээ нэг нутаг усны малчид нэгдэн Бэлчээр ашиглагчдын хэсэг /БАХ/ болж, дөрвөн улирлын бэлчээрээ хамтдаа эзэмших эрхээ баталгаажуулж, зөв зохистой хуваарилж, өнжөөж амраах цаг хугацаагаа тохирч, түүнийгээ Багийн иргэдийн нийтийн хурлаар баталгаажуулж, Сумын ИНХ-аар оруулж, журам батлуулан тухайн жилийнхээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулдаг. БАХ-ийн малчид бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг дээрхи хуулиудад нийцүүлэн журмаар зохицуулж, зөрчил дутагдлыг арилгахад иргэдийн эрх тэгш үүрэг, харилцааг хангах хэрэгтэй.  

Энэхүү зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлыг ажил хэрэг болгоход төрийн байгууллагын үүрэг оролцоо нэн  чухал. Тэгвэл Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэржавхлан мөрийн хөтөлбөртөө “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-тай болохоор тусгаж, ажил хэрэг болгож эхэллээ. Холбогдох хуулийн зүйл заалтуудыг үндэслэн аймгийн хэмжээний журам баталснаар малчдын дунд үүсээд буй бүхий л асуудлыг зөв зохистой аргаар шийдвэрлэж, бэлчээрээ хамгаалж, ашиглалтыг сайжруулж, улмаар малчдын орлогыг бууруулахгүйгээр малын тоонд бус чанарт анхаарах тогтолцоог бэхжүүлэх зэрэг олон асуудлыг эерэгээр шийдэх юм.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо энэхүү “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам” -тай болоход нь Хөвсгөл аймагт Зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь 2016 оноос ШХА-ийн “Ногоон Алт, малын эрүүл мэнд” төслийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Арбулаг, Улаан-Уул, Цэцэрлэг, Цагаан-Уул сумдад амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Тиймээс Хөвсгөл аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан “Бэлчээр ашиглалтыг хариуцлагжуулах журам, Хариуцлагатай нүүдэлчин стандартыг нэвтрүүлэх төлөвлөгөө”-ний хүрээнд энэ удаагийн уулзалт, арга хэмжээнүүдийг /2021.08.19-24/ зохион байгуулж байгаа юм.

Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын холбогдох албаныхан, сумдын удирдлагуудтай уулзаж, малчдын саналыг авах ажил эхэлсэн бөгөөд оролцогч талуудын саналыг журмын төсөлд тусгахаар зорьж байна. Аймгийн хэмжээнд “Бэлчээр ашиглалтыг хариуцлагжуулах журам”-тай болох, Хариуцлагатай нүүдэлчин стандартыг нэвтрүүлэх төлөвлөгөөний хүрээнд Аймгийн ИТХ-д оролцож танилцуулга мэдээлэл хийж, Хатгал тосгон, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Баянзүрх сумын удирдлагууд, малчдын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлж, санал асуулга хийгээд байна.

Өмнө нь ШХА-ын НАМЭМ төслийн санхүүжилтээр тус аймгийн таван суманд чиглэсэн ажлууд хийгдэж байсан бол энэ удаад орон нутаг өөрсдийн санал санаачилга, хөрөнгө оруулалтаар бэлэн туршлага дээр үндэслэн бусад сумдыг хөгжүүлэх, бэлчээрийн асуудлыг шийдвэрлэхээр болсон. Энэ жилийн хувьд ганцхан Баянзүрх сумыг сонгосон бөгөөд ирэх онуудад төсөл хэрэгжээгүй бусад сумдыг хөгжүүлэх, бэлчээрийг зохистой ашиглах чиглэлд анхаарахаар тогтсон билээ.

Хөвсгөл аймгийн хувьд улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газар, өндөр уулс, ой тайг бүхий бүс нутагт аялал жуулчлал дагаж малчид улирлын чанартайгаар нүүдэл хийдэг гэдгээрээ онцлог. Тэр ч утгаараа бэлчээр нутгийн хэмжээ нь харьцангуй хязгаарлагдмал тул малчид нь дөрвөн улирлын нүүдэл суудал хийхэд багагүй асуудал тулгардаг. Бэлчээрийн хүрэлцээ хангамж хязгаарлагдмал, малын тоо толгой их байдгаас болж малчид, сум дамжин нүүдэл суудал хийж, түүнээс үүдэлтэй маргаан үл ойлголцол гарах нь сүүлийн жилүүдэд илүү нэмэгдсэн гэдгийг тус аймгийн холбогдох албаныхан онцолж байна. Түүнчлэн малчид бэлчээрээс үүдэн гарах маргаан хүндэрч олон таагүй асуудал үүсэх нөхцөл болдог гэдгийг ч хэлж байна.

Энэ жилийн төлөвлөгөөний дагуу Зөвлөх багийнхан Баянзүрх сумыг зорин замд гарсан ч хур бороо ихээр орж очих боломжгүй болсон тул 18 км-ын наана байх Эвт багт цуглаж, мэдээлэл танилцуулга хийсэн. Гадаа хүйтэн, жавартай өдөр байсан ч Баянзүрх сумын удирдлагууд, Багийн дарга, газрын даамал, малчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Тэд “Бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, зөв зохистой ашиглаж, байгаль орчиндоо ээлтэйгээр аж төрөх нь нэн чухал шаардлага болоод байна. Манай сумын  дийлэнх хэсэг нь Тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг, хөвч тайга тул бэлчээр нь маш бага. Тиймээс бэлчээрээ зөв хуваарилж, нүүдэл суудал хийхэд малчид хэсэг бүлгээрээ нэгдэж, хамтрах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлголоо” хэмээн онцолж байсан юм. Мөн уулзалт хэлэлцүүлгийн төгсгөлд малчдын хэсэг бүлэг болон хуваахад тохиромжтой газар орны байршил тогтоох урьдчилсан санал солилцох ажилд идэвхитэй оролцсон билээ.  

Зөвлөх баг өнөөдөр “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-тай холбоотой хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох төрийн байгууллагуудын саналыг нэгтгэж, Тосонцэнгэл суманд дөрвөн сумын төлөөллүүдэд зориулан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.

П.Нарандэлгэр