Элчин сайд Бернардино Регаццони: Монгол Улс нь хамгийн дэвшилтэт бэлчээрийн хяналтын системтэй болсон

Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төслийн хаалтын арга хэмжээ болж байна. "Байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйн хариуцлагатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьсан 17 жилийн түүчээ" -г танилцуулсан энэхүү арга хэмжээг responsiblenomads.mn цахим сайтаар болон МҮОНРТ-ээр шууд дамжуулан олон нийтэд хүргэж байна. 

Нээлтийн арга хэмжээний үеэр БНХАУ-ын Бээжин хотод Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсыг хавсран суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хаалтын арга хэмжээнд зориулан мэндчилгээ дэвшүүлсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Монгол Улсын Засгийн газрын эрхэм хүндэт төлөөлөгчид,

Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хүндэт хамтрагчид,

Эрхэм хүндэт нөхөд, хатагтай ноёд оо,

Сүүлийн 17 жилийн хугацаанд Швейцар болон Монголын талууд “Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл”-ийн хүрээнд Монголын бэлчээрт тогтвортой менежментийг бий болгоход хувь нэмрээ оруулахаар түншлэн ажилласан.

Сайн сайхан бүхий л зүйлд төгсгөл байдгийн адилаар энэ төсөл маань одоо дуусахаар болж байна. Би өөрийн биеэр Монгол Улсад зочилж энэхүү чухал мөчийг та бүхэнтэй хамт тэмдэглэхийг хүсэж байсан ч цар тахлаас болж очих боломжгүй байна. Гэсэн хэдий ч цахимаар дамжуулан өөрийн сэтгэгдэл болон талархалыг та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсэж байна.

Манай хоёр улсын нийтлэг зүйлсийн нэг нь үзэсгэлэнт онгон дагшин байгаль юм. Байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн орлого олох, эдийн засгийн үр ашиг хүртэхийн зэрэгцээ түүнийг онгон дагшин хэвээр хадгалах асуудал том сорилт болж байгааг бид мэднэ.

Монголчууд бол тал хээрийн бэлчээрийн зохистой менежментийн суурь болохуйц өвөрмөц бөгөөд маш эртний нүүдлийн мал аж ахуйн уламжлалтай ард түмэн. Монголын бэлчээр бол мал болон зэрлэг амьтдад идэхэд тааламжтай 1000 гаруй байгалийн ургамлын төрөл зүйлийг агуулсан эмзэг нандин бөгөөд үнэхээр баялаг экосистем юм.

Бэлчээрийг байгалийн жамаар нөхөн сэргэх нөхцлийг хангахын тулд түүнийг амраах, сэлгэн ашиглах уламжлалт аргуудыг сэргээн ашиглахад Ногоон алт малын эрүүл мэнд төсөлийн хүрээнд  дэмжлэг үзүүллээ.  Шилжилтийн хүнд хэцүү жилүүдэд Швейцарын Холбооны Улс энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд малчид, орон нутгийн болон төрийн байгууллагуудтай хамтран бэлчээрийн үнэлгээ болон мониторингийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргуудыг нэвтрүүлж, бүх шатны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарч ажилласан билээ.

Бидний энэхүү түншлэл үнэхээр гайхалтай үр дүнд хүрсэн. Эдгээрээс ердөө дөрвийг нь энд онцолж дурдвал:

 

  1. Монгол Улс нь хамгийн дэвшилтэт бэлчээрийн хяналтын системтэй болсон. Өнөөдөр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар болон Цаг уур, орчны шинжилгээний газар улсын хэмжээнд байгаа зургаан мянга гаруй мониторингийн цэгт тулгуурлан бэлчээрийн байдлыг хянах, үнэлэх ажлыг жил бүр хийж гүйцэтгэх чадвартай болсон.

 

  1. Монголын малчин өрхийн талаас илүү хувь буюу ерэн мянган өрх Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны удирдлага дор бэлчээрийн менежментийн хамгийн сайн туршлагыг нутагшуулахын төлөө хичээн ажиллаж байна. Архангай, Завхан зэрэг 12 аймаг, 46 суманд Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журамтай боллоо. Үүний үр дүнд бэлчээр ашиглагчдын хэсгүүд болон орон нутгийн удирдлагын хооронд байгуулсан Бэлчээр ашиглалтын гэрээг хууль ёсны болгож, бэлчээрийн хариуцлагатай удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.

 

  1. Бодлогын түвшинд Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг УИХ баталсан ба татварын орлогыг Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан орон нутагт зарцуулах тусгай заалтуудыг хуульд тусгасан байгаа. Ингэснээр бэлчээрийн даацыг зохистой хэмжээнд тохируулах, сүргийн эргэлтийг оновчтой зөв зохион байгуулах талаар шийдвэр гаргахад малчид идэвхтэй оролцох хөшүүрэг бий болж байна. Эдгээр хүчин чармайлт нь өнгөрсөн жилүүдэд 20 сая га бэлчээрийг сэргээх боломжийг олгосон юм.

 

  1. Малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулахын тулд малчид Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл, Засгийн газрын агентлагуудтай хамтран нүүдлийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн зохистой дадлын стандартыг боловсруулан гаргахад маш идэвхтэй хамтран ажиллалаа. Үүний зэрэгцээгээр бүтээгдэхүүний гарал үүсэл, түүхий эдийн мөшгөх системтэй болсон нь илүү чанартай бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байгаа малчид илүү орлого олох боломжийг олгож байна.

Тогтвортой үйлдвэрлэлийн энэхүү стандартыг "Хариуцлагатай нүүдэлчид" гэж нэрлэсэн ба гадаад, дотоодын хэрэглэгчдээс асар их дэмжлэг авч байгааг мэдэхэд миний сэтгэл нэн тааламжтай байна. Энэ нь ирээдүйнхээ төлөө гар бие оролцвол малчид ямар ч том үр дүнд хүрч чадах нөөц боломж, хүчин чадал байгааг харуулсан зүйл боллоо.

Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайдын хувьд бидний хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж томоохон үр дүнд хүрсэнд сэтгэл хөдлөн бахархаж байна. Бидний хүчин чармайлт малчны гэр бүл болон тэдний үр хүүхэд, цаашлаад улс орны хувьд жинхэнэ нэмүү өртөг шингээж чадах өөрчлөлтийг хийсэн байна.

Миний зүгээс Монголын төр болон ард түмэнд баярласнаа илэрхийлж байна. Бид 17 жилийг хамтдаа туулсан. Энэ бол амжилт дурсамж дүүрэн аялал байлаа. Та бүхэнд цаашдын ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.