17 жилийн турш хэрэгжсэн хөдөө аж ахуйн жишиг төсөл үр дүнгээ хүлээлгэн өглөө

Хориод жилийн өмнө Монгол оронд минь нүүрлэсэн зудын их гамшгийн үеэр малчдад өгөөмөр гараа сунгасан Швейцарын хөгжлийн агентлаг зөвхөн нэг удаагийн тусламж үзүүлээд орхисонгүй. 2005 оноос эхлэн Монголын уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг байгальд ээлтэй, малчдадаа ашигтай, улс орны эдийн засагт нөөлөгтэй байх ирээдүйн хөгжлийн гарц болох төсөл эхлүүлсэн нь “Ногоон алт - Малын эрүүл мэнд” билээ.

Бэлчээрийн мал аж ахуй, нүүдэлчин соёлын амин сүнс нь мал сүрэг тааваараа идээшлэх тал нутгийн соргог бэлчээр юм. Гэхдээ байгалийн энэхүү нөөцөө ухаалаг, зохистой ашиглан, сэргээн хамгаалахад судалгаа, зохион байгуулалтын бодлого, төлөвлөлт, хамтын хүчин чармайлт хэрэгтэй. Энэ бүхнийг өнгөрсөн 17 жилийн хугацаанд “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төслийн баг хамт олон бэлчээрийн доройтлын үндсэн шалтгааныг тодорхойлох мониторингийн судалгаа, бэлчээрийг хариуцлагатайгаар ашиглах менежмент, иргэд малчид хамтран дэлхийн жишиг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжоор хангах үндэсний хэмжээний сүлжээг бий болгохыг зорин ажилласаар өдгөө олон амжилттай сайн туршлагуудыг бий болгожээ. Энэхүү үр дүн, сайн туршлагуудыг хадгалан цаашид улам хөгжүүлэн ажиллах эрхэм үүргийг Монгол Улсад хүлээлгэн өгч, төслийн хаалтыг 2021/9/10-ны өдөр цахимаар хийлээ. Үйл ажиллагааг www.responsiblenomads.mn  -с цахимаар одоо ч үзэх боломжтой юм байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн төслийн хаалтын үйл ажиллагаанд оролцон онцлон хэлэхдээ “Цаашдаа бид бүхэн тэр дундаа, төр Засгийн зүгээс “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төслийн олон жилийн хугацаанд, Монгол Улсад бий болгосон арвин их туршлага, сургамж, бүтэц, чадавхыг алдахгүйгээр улам цааш бэхжүүлэх, хөгжүүлэх, хийж амжаагүй зүйлсийг нь үргэлжлүүлэн хөгжүүлэх шаардлагатайг чухалчлан энд хэлье... Тэр дундаа энэ төсөл Мал аж ахуйн салбарын хамгийн гол хүчин зүйл болсон Бэлчээр хамгаалах асуудлаар төр, засаг бидний олон жил хэлэхийг хүсээгүй бодит үнэн, хэрэгжүүлэхийг хүсээгүй тэр шийдлийг хамгийн чангаар дуугарч байсанд талархах ёстой”  хэмээсэн нь төр засгийн хэмжээнд хийх ёстой ч хийж чадаагүй олон чухал асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа, арга замуудыг бидэнд бүтээж өгсөнийг онцолжээ.  

Төслийн хүрээнд Геодези газар зүйн алба болон Цаг уур орчны шинжилгээний газрууд Монгол орныхоо бүх бэлчээрийг оношлох арга зүйтэй боллоо. Иргэд малчид нь хоршоолон орон нутгийнхаа Бэлчээр ашиглагчдын холбоонд нэгдэн хамтдаа соргог бэлчээрээ хадгалдаг, хамгаалдаг, доройтсоноо сэргээж нутаг орондоо жинхэнэ эзний ёсоор аж төрөн тооноос илүү чанартай мал аж ахуйгаа хөтлөн явуулах хэрэгтэй гэдгээ ойлгодог боллоо.

Мал эмнэлгийн байгууллагууд нь дэлхийн жишиг стандартаар малыг эрүүл мэндийн нэгдсэн цахим сантай болж иргэд, малчдыг малын эрүүл мэндийн талаар зохих мэдлэг мэдээллээр хангаж малын гаралтай бүтээгдэхүүний найдвартай байдал, эцсийн бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулах чадамжтай боллоо.

2018 оноос эхлэн тодорхой стандарт шалгуур бүхий “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай бүтээгдэхүүний мөшгөх системд бүртгэгдсэн чанартай, гарал үүслийн баталгаатай эцсийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлж цаашлаад дэлхийн тавцанд трэнд болоод буй онгон байгаль, цэвэр экологийн гаралтай Монгол нэрийн бүтээгдэхүүнийг  нийлүүлж эхэлснээр малчдын ажлын бүтээмж, амьдралын чанар, орлого дээшилэх нөхцөл бүрдлээ.

Хэдийгээр төслийн үйл ажиллагаа зогссон ч бидэнд өв болгон үлдээж буй энэхүү цогц системийг цаашид тогтвортой үргэлжлүүлж, хэрхэн үр дүнтэй ашиглах нь гагцхүү Монголчууд бидний үүрэг хариуцлага болон үлдэж байна. Төрийн эрхэм зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, мал аж ахуйн бизнес эрхлэгчид, малчид болон энгийн хэрэглэгч хэн бүхэн цаашид ч төслөөс үлдээсэн өвүүдийг улам бүр баяжуулан сайжруулж өөрсдийн ахуй амьдрал, эдийн засагтаа тус нэмэр болохоор ашиглана гэдэгт ч төслийн багийнхан ч итгэлтэй байгаа билээ.

М.Энхчимэг