Бэлчээрийн газрыг өнжөөх нь үр дүнгээ өгч ургамлын гарц, үржил шимийг хурдацтай нэмэгдүүлж байгааг Завхан аймгаас онцоллоо

 Аливаа бэлчээрийн доройтол нь богино хугацаанд илэрдэг гэнэтийн өөрчлөлт биш. Харин ч урт хугацаанд аажимдаа үргэлжилдэг үйл явц байдаг. Ерөөс бэлчээрийн доройтлыг дахин сэргэх чадавхаар нь таван түвшинд хуваан авч үздэг байна. Үүний эхний 3 түвшинд байгаа бэлчээрийн доройтол нь 1-10 жилийн хугацаанд дахин сэргээгдэх боломжтой байдаг бол дөрөв болон тавдугаар түвшний бэлчээрийн доройтол нь байгалийн унаган төрхөө алдаж, шим тэжээлгүй ургамлаар дүүрч,  хөрсний өнгөн хэсэг ус салхиар алдагдаж, гуу жалга үүсэж байгалийнхаа аясаар дахин сэргэх боломж маш бага болдог учраас хөрсний үндсэн сайжруулалтыг цаг алдалгүй шат дараатай авч хэрэгжүүлэх шаардлагатайг эрдэмтэд цохон тэмдэглэдэг. Энэхүү таван түвшний бэлчээрийн сэргэх чадавх нь аль түвшинд байгаагаас  хамаарч бэлчээр ашиглалтын хугацаа, горим, ачааллыг нарийн тооцон тохируулах нь хамгийн нарийн чимхлүүр ажил болдог. Учир нь бэлчээрийн доройтлыг цаг алдалгүй сэргээхгүй бол дахиж хэзээ  ч эргэн сэргэхгүй элсэн цөл болох аюул нүүрлэдэг аж. Иймд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжсэн Ногоон алт-Малын эрүүл мэнд /НАМЭМ/ төслийн хүрээнд бэлчээрийн доройтол, малын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлж, малчдын байгууллагуудыг чадавхжуулах олон ажлууд хийгдсэн бөгөөд Завхан аймгийн хэмжээнд ямар үр дүн ахиц гарсныг онцлон танилцуулья.

 

Манай улсын хувьд үндэсний аюулгүй байдлын  гурван тулгуур баганын нэгээр  бэлчээрийн мал аж ахуй нэрлэгддэг. Нийт газар нутгийн 80 орчим хувь нь бэлчээрийн нутаг дэвсгэр байдаг бол үүний 65 хувь нь доройтолд орсон тухай 2015 оны “Бэлчээрийн төлөв байдлын мониторингийн судалгаа”-нд өгүүлжээ. Тус судалгаанаас үзэхэд Завхан аймгийн 82.4 мянган  хавтгай дөрвөлжин километр газар нутгийн 84 хувь нь бэлчээрийн газар нутаг байдаг. Үүний дийлэнх буюу 74 хувь нь байгалийн унаган төрхөө алдаж, бэлчээр нь доройтож ургамлын төрөл зүйл цөөрч, чанар, ашиг шим нь буурсан нь тогтоогдсон байна.

2017 оны байдлаар Завхан аймагт 3.6 сая толгой мал тоологдсон нь аймгийн хэмжээнд бэлчээрийн даац 1.2-3.9 дахин хэтэрсэн байгаа аж. Төслийн хүрээнд Завхан аймагт “Бэлчээр ашиглагчдын холбоо” байгуулагдаж 22 суманд тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тус холбоо нь аймгийнхаа дээрх тооны сумдад бүтэцтэй байхын сацуу анхан шатандаа баг бүрд 183 хэсэгтэй гэнэ. Одоо эдгээр хэсэг нэгжүүд нь нэгэн зэрэг үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байна. Түүнчлэн малчны 20 хоршоо, Хадгаламж зээлийн 10 хоршоотой болж улам бүр өргөжин тэлсээр байна.

Өнөөдөр тус аймгийн малчид малын гаралтай түүхий эд болох арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүнээ дундын хөрөнгийн хоршоогоороо дамжуулан Эрдэнэт хивс, Дархан нэхий гэх мэт үндэсний томоохон үйлдвэрүүдэд гэрээгээр нийлүүлдэг болжээ. Гэрээ байгуулан ажиллах нь малчдад ихээхэн ач тустай байдаг аж. Учир нь ноос ноолуур арьс шир дамлан зардаг /ченж/ худалдаачдад зах зээлийн ханшнаас хамаагүй бага үнээр өгөхөө больж шууд үйлдвэрт нийлүүлэхээс гадна түүхий эдийн урамшуулалд хамрагдах боломжтой болсон байна. Түүнчлэн тус аймгийн малчид сум орон нутгийнхаа Хадгаламж зээлийн хоршооноос хоёр хувийн хүүтэй зээл авдаг болсон нь гэнэтийн санхүүгийн эрсдэлд орохгүй байх боломжийг бүрдүүлжээ. Энэ нь малчдын хувьд ахуй амьдралаа дэмнэж өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болж байгаа талаар тус аймгийн малчид онцолж байсан.

Мөн энэхүү төслийн хүрээнд жил бүр малчдад олон удаагийн давтамжтай бэлчээрийн зохистой ашиглалтын тухай сургалтыг өгч байсан нь малчдын хандлагыг өөрчлөхөд түлхэц үзүүлжээ. Тухайлбал сум бүрд байх “Бэлчээр ашиглагчдын холбоо” түүний хэсэг нэгжүүд хариуцлагатай ажиллаж малчид өөрсдөө байгальдаа ээлтэй хандаж, төлөвлөлтөд туссан бэлчээрээ амрааж, малын тоо толгойг хэт ихсэхээс тогтмол сэргийлж, менежменттэй ажилласан нь бодит бас мэдрэгдэхүйц үд дүн дагуулаад байгаа юм.

Энэ тухай Завхан аймгийн ГХБХБГ-ын Мониторингийн мэргэжилтэн Ц.Мэндээ “Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 6.7 сая га талбайд бэлчээрийн 440 цэгт зурган судалгаа хийж, үр дүнг нь Багийн иргэдийн нийтийн хурал, сумын ИТХ, Засаг даргад танилцуулж, ирэх жил бэлчээрийг сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авахыг бүтэц зохион байгуулалтынхаа төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Малчдын нэгдэл болох Бэлчээр ашиглагчдын холбооны гишүүдийн хамтын шийдвэрээр жил бүр хэд хэдэн багийн нутаг дэвсгэрт бэлчээрийн газрыг өнжөөж, малын хөл оруулахгүй байхаар зохицуулалт хийж ажилласан нь үр дүнгээ өгч ургамлын гарц, үржил шим хурдацтай нэмэгдэж байгаа" гэдгийг онцолж байна.

Мөн 2019 онд Завхан аймгийн орон нутгийн хөгжлийн сан, Ногоон алт хөтөлбөрийн санхүүжилттэйгээр Малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцоог улсын хэмжээнд анх удаа “Эрдэнэ Хайрхан”, “Сант”, “Түдэвтэй” сумдуудад нэвтрүүлжээ. Энэхүү тогтолцоог хэрэгжүүлж эхэлснээр малын гарал үүсэл тодорхой болж, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн чанарт ахиц гарч, Мал эмнэлгүүдийн орлого өссөн байна. Өдгөө дээрх сумдад төслийн хүрээнд мал эмнэлгийн тасгийн нэгдсэн байр баригдсан нь малчны хотноос малын мах, түүхий эд бүтээгдэхүүнийг зах зээлд үнэд хүргэн нийлүүлэх, гарал үүслийг тодорхойлох, мал эмнэлгийн ажилтнуудыг чадавхжуулж мэргэшүүлэх сургалт зөвлөгөөнд тогтмол хамруулах болон малын гоц халдварт өвчин гарах үед авах арга хэмжээнд ашиглах гарын доорх хэрэглэгдэхүүнээр тоноглогдсон зэрэг олон давуу талыг бий болгоод байгаа гэнэ.

НАМЭМ төсөл хэдийгээр үр дүнгээ хүлээлгэн өгсөн ч орон нутгууд гаргасан сайн үр дүнгүүдээ бататган улам сайжруулан ажиллана гэдэгт төслийн багийнхан итгэлтэй байгаагаа ч мөн уламжилж байлаа. 

Э.Саранчимэг