Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн төлөө малчид нэгдэж байна

Малд тэжээл болохуйц өвс ургамал ус бүхий газрыг бэлчээр гэнэ. Бэлчээр нь уур амьсгал, амьтан, тэр дундаа хүн малын үйл ажиллагааны нөлөөнд байнга өртөж байдаг эмзэг нөөц юм. Тэгвэл байгалийн энэ эмзэг нөөцөө зөв зохистой ашиглаж, өөрөөр нь нөхөн сэргээж, МАА-н салбарт малчдын хариуцлагатай, хамтын манлайллыг бий болгосон сайн туршлагууд Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт – Малын эрүүл мэнд” төслийн үр дүнд олон гарчээ.

Монгол орны нэг онцлог нь бэлчээр нийтийн өмч, мал нь малчдын хувийн өмч байдаг. Тиймээс бэлчээрийн маргаан тасрахгүйгээс гадна бэлчээрийг хайр гамгүй хүнийрхүү сэтгэлээр ашиглах нь түгээмэл байлаа. Энэ тал дээр малчид төдийгүй төр болон төрийн бус, хувийн хэвшлийнхэн нэгдсэн ойлголт, нэг хандлагатай  болсноор зөв үр дүнд хүрч чадсан байна.  Малчин хүн мал дагаж мал шиг биш хүн шиг амьдрах боломж, загварыг гаргаж ирэх зорилгодоо хүрсэн нь МАА-н салбарын тогтвортой хөгжлийн эхлэлийг тавьж байна.  Хамтын ажиллагааны хамгийн чухал хэсэг нь хот айлын бэлчээрийн гэрээ. Малчдын бэлчээр эдлэх зүй ёсны эрхийг тодорхойлж, бүртгэлийн системийг бий болгон гэрчилгээ олгосноор малчид бэлчээр нутгаа уул уурхай, аялал жуулчлалын компани гэх мэт чиглэлээр бусдад алдахгүй байх эрх нь баталгаажсан аж.

Энэхүү хариуцлагын  систем нь бэлчээрийн маргааныг үгүй болгосон бөгөөд Сум дундын шүүх бэлчээрийн маргаан таслахдаа гол баримтлах бичиг баримт болгон хот айлын бэлчээрийн зургийг ашиглаж байна.

Аливаа төслийн үр шимийг хүртэгчид нь тодорхой нэг зорилтот бүлэг байж,  тухайн бүлгийн л асуудлыг шийдвэрлэдэг бол НАМЭМ төслийн хувьд малчин /иргэн/, төр, хувийн хэвшлийн тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх гарцыг нээж, хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлсэн бодит үр дүн, сайн жишээ олон гарсныг Баян-Өлгий аймгийн жишээгээр тодруулбал:

Малчдын байгууллагын 3 тулгуурт хөгжлийн нэг болох маркетингийн хоршоо төслийн дэмжлэгтэйгээр 2012 оноос тус аймагт байгуулагдаж эхэлжээ. Тус хоршоод нь үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, малчдыг тогтмол орлоготой болгохын хамт чадавхаа нэмэгдүүлэх, хөрөнгөө өсгөх үйл ажиллагаануудыг идэвхтэй зохион байгуулжээ. Үүний нэг тод жишээ нь Улаанхус сумын “Нүүдэлчдийн хөгжлийн гараа” хоршоо юм. 720 гаруй гишүүнтэй, гурван хүний байнгын ажлын байртай, 10-15 хүнийг түүхий эд цуглуулахад түр ажилтнаар ажиллуулж жилдээ 60-70 тонн хонины урт ноос, 5000 гаруй ширхэг арьс шир, нэг тонн сарлагийн хөөвөр, тэмээний ноос бусад мал мах, бүтээгдэхүүнүүдийг малчдаасаа цуглуулж, үндэсний үйлдвэрүүдэд тушааж малчдын орлогыг нэмэгдүүлдэг. Засгийн газраас олгож байгаа түүхий эдийн урамшуулалд малчдыг хүртээмжтэй хамруулахаас гадна алслагдсан нутагт буй малчдад өргөн хэрэглээний болон гэр ахуйн бараа, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, нарны толь зэргийг лизингээр болон түүхий эдээр солих/бартер/, зуд турхан болсон үед өвс тэжээлээр хангах зэрэг уян хатан үйлчилгээг үзүүлж, үйл ажиллагаа нь тогтворжжээ.  

Ченжид биш хоршоондоо түүхий эдээ өгч хамтран ажиллах нь илүү ашигтай байдаг тухай малчид ч сэтгэл хангалуун ярьж байна. Нөгөө талаас Файн ноос компанийн захирал н.Тулга ярихдаа “Аймагтаа жил бүр 200-300 тонн ноос авч анхан шатны боловсруулалт хийж, түүхий эд бэлддэг. Энэ дундаа Баян-Өлгий аймагтаа идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг малчны байгууллагатай сүүлийн гурван жил тасралтгүй, нягт холбоотой хамтран ажилласан. Малчдын байгууллагатай хамтрахын давуу тал нь чанартай бүтээгдэхүүн юм. Цаашид ч бид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх маш олон төлөвлөгөөнүүд яригдаж байна” хэмээн онцолжээ.   

Мөн малчдын хадгаламж зээлийн хоршоо ч тус аймагт амжилттай ажиллаж байна. Хадгаламж зээлийн хоршоо нь Зээл, Хадгаламж, Лизинг, Даатгал, Санхүүгийн боловсрол олгох гэсэн малчдад чиглэсэн 5 төрлийн үйл ажиллагааг явуулдаг.  Мөн хоршоонд түшиглэн түүхий эдийн сүлжээ бий болгосон байна. Нэг өгүүлбэрээр бол мал, малын гаралтай түүхий эд, малчидтай холбоотой экосистемийг бий болгож мал аж ахуйн тогтвортой хөгжлийн эхлэлийг тавьж чаджээ. Нэг онцлууштай нь малчид ч хадгаламжийн талаар эерэг ойлголттой болсон байна. Тодруулбал, бэлчээрийн даацаас илүү байгаа малыг ХАА-н тасагтай хамтран айл тус бүрээр тогтоож М6 загвар буюу Мөнгөн малыг бий болгожээ. “Мянган малтай байснаас Мөнгөн малтай байх сонголтыг хийх нь зөв. Мөнгөн мал нь бэлчээр хэрэглэхгүй, зудад нэрвэгдэхгүй, үхэж үрэгдэхгүй, хулгай авч чоно идэхгүй, зардалгүйгээр цэвэр өсдөг учраас маш ашигтай” хэмээн малчид сэтгэл хангалуун байна.

Нэг үе Улаанбаатар руу чиглэх орон нутгийн их нүүдлийг бууруулахаас үүдэн эхлүүлсэн Мянгат малчин тодруулах, банкнаас малаа барьцаалан зээл авах зэрэг нь малчдыг малын чанарт бус тоонд илүү ач холбогдол өгөхөд хүргэжээ. Олон малтайгаа онцлох биш хэн хариуцлагатайгаа малчид өөрсдөө хэлэлцэн алдаршуулдаг “Эко малчин гэрчилгээ”-н дээр шалгарсан өрхийн тэргүүн болон эхнэрийн зураг хамт байдаг нь мал аж ахуйн салбарт үргэлж орхигддог жендерийн тэгш эрхийг хангасан сайн жишээ  болжээ.  

Байхгүй зүйлийг бий болгох гэж гаднаас эрснээс байгаагаа өнгөлөн сэргээж ашиглах, хайрлан хамгаалах хэрэгтэйг малчдад ойлгуулж, бэлчээр нутгаа зөв ашиглахын зэрэгцээ амьжиргаагаа дээшлүүлж, малаас авах ашиг шимээ нэмэгдүүлэх оновчтой шийдлүүдийг  НАМЭМ төслийн 17 жилийн турш 18 аймгийн  малчдад хүлээлгэн өгсөн өв дээрх жишээнүүдээс авахуулаад олон билээ. Та бүхэн www.repsonsiblenomads.mn хуудсаар зочлон төслийн үр дүн, үлдээсэн өвүүдийн талаарх мэдээллүүд болох хөдөө аж ахуйн сайн туршлагуудтай танилцах боломжтой.

Э.Саранчимэг