Ямаа өсгөөд л, малаа мотоциклоор хариулаад л байх уу?

Манайх Төв аймгийн нэгэн сумын уугуул айл. Наадмын өмнөхөн хөдөө аавындаа очоод найзууд ирэх болохоор хонь гаргах хэрэгтэйг хэлээд, аавын хонь голын цаана байдаг Даваа ахынд хэвээрээ эсэхийг асуутал ээж “Яах юм бэ. Түр зуур өөр айлаас аваад, дараа нь нөхөж өгье” гэв. Учрыг асуутал Даваа ахынх өвлөөс бусад улиралд нэг л газартаа нутагладаг болоод удаж байгаа, тийм болохоор мал нь таргалахаа байсан, туранхай аж.

Ээжийн ингэж хэлэхийг сонсмогцоо бодож эхэллээ. Гурван улиралд нэг л газартаа суурьшаад байхаар ямаа голдуу мал нь бэлчээрээ талхалдаг тул өвс ногоо олигтой ургахаа байж, мал нь шим тэжээлээр дутагдаж, тарга тэвээрэг авахгүй, мах нь гарц муутай, амт чанар тааруу байдаг байх нь.

Харин голын наана байдаг Сараагийн мал тарган, өнгөлөг. Саяхнаас ханилсан шинэхэн нөхөр нь ажилсаг, малд нүдтэй, бас хайртай гэнэ. Эднийх дөрвөн улиралдаа нүүж, бэлчээр сэлбэдэг. Зуслан, намаржаа, өвөлжөө, хаваржаагаа эгээ л өөрөө хашаа, пүнзэндээ амьдрах гэж буй мэт янзалж, юухныг ч дутуу юмгүй болтол засаж тохижуулдаг байна.

Нэгэн сум, багийн малчин хоёр айл ийм ялгаатай аж төрдөг. Өнгөц харахад ялгаа нь анзаарагдахгүй байж мэднэ. Жаал өнгийж ажваас малын тарга тэвээрэг, чанар, цаад утгаараа амьдрал ахуйгаа хөтөлж байгаа нь, нэг нь бэлчээр доройтуулж байхад, нөгөөх нь тэнцвэрт байдлыг хадгалж, сэргээж байдгаараа ялгаатай.

Уг нь энэ хоёр өрхийн тэргүүн, гэргий нар нь ч малчин удамтай. Мал яаж хариулдгийг, ашиг шимийг нь хэрхэн хүртэхээ ч мэддэг улс. Эдний хүүхэд нас социализмын үед өнгөрсөн бөгөөд аав, ээжийн хамт бүхий л ажлыг хийж ирсэн, сурсан болохоор малын ажилд түүртэх гэж үгүй. Харин өнөө цагт малын гаралтай бүтээгдэхүүн үнэгүйдэж, бүр хог болох шахаж байгаад харамсдаг. Эрхбиш ямааны ноолуур, хонины ноос, үхрийн хөөврийг мөнгө болгодог. Харин малын арьс, ширийг тушаах газар олдохгүй, дэмий өмхийрүүлж орхидогтоо сэтгэл нь өвддөг. Бас говийн бүсээс отроор ирээд буцахаа мэдэхгүй, бүр оршин суучихдаг болсон,  бэлчээр булаацалдах болдог “ирмэл” айлуудад дургүй. Нэг, хоёр удаа “ирмэл” нөхөдтэй бэлчээрээс болж муудалцсан ч удалгүй эвлэрсэн, өөр газруудад гарсан айхтар тохиолдлуудын тухай ч дуулсан.

Даваа ахынх уг нь хонь голдуу малтай байсан юм. Гэтэл сүүлийн арваад жил хонио цөөлсөөр, сүргээ дийлэнхийг нь ямаа болгочихсонд нь нутгийнхан нь таатай ханддаггүй. “Хэзээ монголчууд ямаа давамгай сүрэгтэй байлаа, бүтцээ ингэж эрс өөрчлөх нь нийт малчдад халгаатай, чухамдаа бэлчээрт муу. Танайх хувиа л бодлоо, одоо боль” гэж шаардах нь төвөгтэй. Гээд яалтай, ойролцоо насны хүүхдүүдээ бүгдийг нь дээд сургууль төгсгөхийн тулд эхнэр, нөхөр хоёр сонссон ч, сонсоогүй юм шиг ямаагаа л өсгөсөөр иржээ. Бас болоогүй эднийх мотоциклоор хонио хариулж, үхрээ ч тууж авчирдаг. Сараагийн нөхөр гадуурх ажлаа өөрөө л хийдэг. Хонио мориор хариулж, үхрээ тууж, авчрахдаа ч морь унана.

Даваа ахынхны мал зуны улиралд ч хол бэлчинэ. Өвс, ногооны сайныг хайж оддог. Эднийх заримдаа үхрээ нэлээд холоос мотоциклоор тууж ирэх бөгөөд том дэлэнтэй үнээнүүд хамраа сарталзуулан аахилан уухилсаар хашаа руугаа ирмэгцээ ногооны чацга харвуулж зогсдог юм. Сүүлээ баастай зуурсан үнээ саах хэнд ч хэцүү билээ. Бид мал амьтан ч гэсэн стресстдэг тухай орчин үеийнхэн хэвлэл мэдээллээс мэддэг болжээ. Сараагийнхны мал ийм зовлон үзээгүй байх. Сүүний гарц нь ч сайн болов уу. Тэднийх орой болгон үхрээ мориор тууж авчрахдаа малаа зөнгөөр нь аажуу алхуулдаг тул үнээнүүд нь аажуу тайвнаар хашаа руугаа ордог.

(Зураг Д.Энхтүвшин)

Ойрын хамаатных болон нутгийн, ах дүүгээс ялгаагүй дотно бас нэгэн айл мал, ахуй, бэлчээр, нутаг, бусад малчдад хэрхэн хандаж, яаж амьдардаг талаар дээр цухас зураглав. Энэ сумынхан Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөлд хамрагдаагүй ч ийм төсөл байдаг, олон аймаг, суманд хүрч ажилласан гэдэг талаар дуулсан байна лээ. Уг төслийн талаар мэдээлэл, ойлголттой болж буйн хувьд үүнийг тэрлэсэн би энэ хоёр айл төсөлд хамрагдсан ч байсан болоосой, тэгсэн бол харах өнцөг, хандлага нь эрс өөрчлөгдсөн байх байлаа гэж бодсон.

“Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн өгөөж их, үлдэц ч арвин. Бэлээхэн туршлагуудыг шууд хуулбарлан хэрэглэж болохоор ч санагдах. Энэ төслийн талаар мэдэхгүй малчдад мэдээлж, төслийг хүргэвэл сүргийнхээ бүтцэд анхаарч, малынхаа тоо толгойг бэлчээрийнхээ даацад нийцүүлэн тохируулах, бэлчээрийн доройтлоос сэргийлсэн хариуцлагатай үйлдвэрлэл, малын гаралтай хариуцлагатай бүтээгдэхүүнийг дээдлэх үзэлтэй болох сон. Шаардлага өндөртэй өнөөгийн хэрэглэгчдийн сонирхлыг ч мэдэрч, мал маллах арга ухаандаа өөрчлөлт оруулах ч байх.

Орон нутагт бэлчээрийн мал аж ахуй эрхлэх зохистой загвар байдаг талаар мэдэж авч, уг төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлсэн Архангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Их Тамир сумын бэлчээр ашиглагчдын холбоо, мөн Бэлчээр ашиглагчдын хэсгүүдийн гээд таниуштай, судалж байгаад нэвтрүүлүүштэй туршлага олон аж.

“Монгол хүн байна даа” гэж үг бий. Даваа ахынх мотициклоор малаа хариулахаа болиосой. Монгол малчин монгол малаа морио унаж хариулдаг байгаасай. Ахмад малчид “Залуус залхуурахдаа, бэл бэнчингээр бие биеэсээ дутахгүй гэдгээ харуулах гэж, бусдыг дуурайж, бас илүү харагдах гэж малаа техникээр хариулдаг болсон. Монголоо алдана гэдэг чинь энэ” гэж ярьж байхыг олонтоо сонссон, үнэн ч болов уу. 2000 оноос өмнө, урд хөршид, Өвөр Монголд зорчихдоо анх удаа малаа мотоциклоор хариулж яваа хүн хараад ихэд гайхаж билээ. Зохисгүй, эвгүй харагдаж байлаа. Гэтэл түүнээс хойш нэг их удалгүй Монгол Улсад ч ингэж эхэлсэн нь өнөө хэр амь бөхтэй байна. Техникээр мал хариулах нь цаг хэмнэдэг байж болох ч бэлчээрийг малаас дутахгүй талхалдгийг бодолцсон ч энэ хэв маягаас татгалзах цаг болжээ.

Нэгэн үе малын хулгай дийлдэхгүй, халширмаар байсан нь үнэн. Тэр үеийг бодвол өдгөө харьцангуй багассан. Дээрх төслийн хүрээнд мал эмнэлгийн нэгдсэн, цахим систем бий болгон нэвтрүүлснээр малын хулгай эрс багассан хэмээн Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэлд дурдсан байсан. Малын хулгай бүрмөсөн устах хүртэл хуулийг чангатгах хэрэгтэй. Тэгэхээр малчид цаашдаа малаа аль болох морио унаж хариулах нөхцөл бүрдэх байх.

Байгаль хамгаалах үүднээс ч, дэлхийд хосгүй нүүдэлчин уламжлалаа хадгалан дээдэлж, улсын нэр нүүр, аялал жуулчлалын бодлогоо бодолцсон ч малчид малаа морио унаж хариулж байх нь онцлог соёлынхоо үнэт зүйлсийн нэгийг хайрлан, хамгаалж, авч үлдэн, сэргээн дэлгэрүүлэх боломж юм. Уг соёлыг сэргээн дэлгэрүүлэхийг төрийн зүгээс бодлогоор дэмжих шаардлага байна.

Мөн төр засгаас арга хэмжээ авахыг хүлээлгүй, төсөлд хамрагдаж, үр шимийг хүртсэн аймаг, сумынхан энэхүү хосгүй соёлоо эргүүлэн сэргээхэд манлайлан оролцож өөрсдийн туршлагаас хуваалцахыг уриалж байна.

Холын аян нэг алхмаас эхэлдэг лүгээ адил мал аж ахуй эрхлэхдээ бэлчээрийг зохистой ашиглах алсын аянд гарахдаа нэг ч гэсэн таагүй зуршлыг халах нь хот, хөдөөний бид бүгдийн амьдралын чанарт тэр хэрээр нэмэр болох буй за.

Эх сурвалж: educated.mn