Нэг хонины ноосыг нэг минутанд хяргадаг Шинэ Зеландын технологиос суралцав

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос аймаг, сумдын Бэлчээр ашиглагчдын холбоод болон малчдын хоршоодын гишүүдээ чадавхижуулах чиглэлээр олон төрлийн сургалтуудыг зохион байгуулдаг уламжлалттай. Энэ удаад Шинэ Зеланд улсад ажиллаж амьдардаг мэргэшсэн хонь хяргагч Булган аймгийн харъяат Ч.Энхнасан, түүний гэргий мэргэшсэн ангилан ялгагч Зое Лийч нартай хамтран “Хонины ноос хяргах сургалт”-ыг /2021.07.08/ зохион байгууллаа.

Сургалтад Ховд аймгийн Дарви сумын “Баялаг сутайн хөгжил” хоршоо болон МБАНХ-ны “Малчдын ногоон-Алт Дундын хоршоо”-ны гишүүд  хамрагдлаа. Сургалтыг удирдагч багш Ч.Энхнасан нь “Share Mongolia” Ашгийн бус байгууллагын зааварлагч бөгөөд 2017 онд хонь хяргах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байсан аж. Тэрбээр Монголын малчид, тариаланчдыг илүү үр өгөөжтэй, ашиг орлоготой, тогтвортой байдлаар аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг бөгөөд цахимаар ноос хяргах сургалтыг явууллаа.

“Хонины хяргах онлайн танилцуулга сургалт”-ын үеэр сургагч багш Ч.Энхнасан  “Хонины ноосыг гэмтээхгүй хяргах нь үйлдвэрлэгч илүү өндөр чанартай ноос, ноосон эдлэл үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ноос боловсруулагчдын зүгээс малчдад тавьдаг гол шаардлага нь хяргасан ноосны урт нь жигд, хээл зооны хэсгээр нь ялгасан байх, сайтар угаасан байх зэргийг онцлон үздэг. Тэгвэл цахилгаан машинаар ноос хяргах нь цаг хугацааг хэмнэж, ноосыг илүү тэгш хэмтэй хяргаж, шууд үйлдвэрлэлд нийлүүлэх боломжийг бүрдүүлдэг. Хонины ноосыг гар аргаар 10 гаруй минутад хяргадаг бол цахилгаан машинаар 1-3 минутын хугацаанд хяргадаг нь малчны хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа хэрэг юм. Түүнчлэн хог болон өтөг бууцтай нь холихгүйгээр ноосоо ялган ангилж ялгахад амар байдаг тул үйлдвэрүүдэд нийлүүлэхэд илүү хялбар болдог. Миний хувьд ажлын 8 цагт өдөрт дунджаар 250-300 орчим хонины ноос хяргадаг. Түүнчлэн Дэлхийн улс орнуудад энэ технологийн дагуу хонины ноос хяргах тэмцээн уралдаан ч зохиогддог. Зарим хүмүүс өдөртөө 400 орчим хонь хяргадаг” хэмээн онцолсон юм.

Сургагч багш Ч.Энхнасан сургалтын үеэр нэг хонины ноосыг нэг минутанд хяргадаг гэдгээ үлгэрлэн харууллаа. Хонины ноосыг цахилгаан машинаар хяргах энэ технологи нь цаг хугацааг маш сайн хэмнэдэг давуу талтай гэдгийг онцолж байв.

Сургалтын үеэр “Баялаг сутайн хөгжил” хоршооны гишүүд цахилгаан машинаар хонины ноос хяргах технологийн онцлог, давуу талыг сайтар сонсож, сургагч багшийн зааварчилгаагаар нэгэн зэрэг хийж, гүйцэтгэлээ. Мөн зориулалтын ирлэгч машинтай ажиллах, ноос хяргахад шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, зориулалтын өмсдөг гутал нь ямар байдаг зэрэг мэдээллүүдийг авсан юм. Цаашид цахилгаан машинаар хонь хяргахтай холбоотой асуудлаар талууд харилцан санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.

П.Нарандэлгэр