МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ТАЙЛАН 2018

Харьцангуй эрүүл, өргөн уудам бэлчээртээ байгалийн унаган төрхийг нь алдагдуулалгүй өнө удаан жил бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн цөөхөн орны нэг Монгол улсын хувьд өөрийн орныхоо иргэдэд төдийгүй тогтвортой бүтээгдэхүүнд өндөр үнэ өгөх хилийн чанад дахь хэрэглэгчдэд байгалийн бэлчээрт тулгуурласан бараа, үйлчилгээг тогтвортой нийлүүлэх сайхан боломж байгаа юм. Монгол улсад мал аж ахуйг тогтвортой эрхлэхэд тулгарч буй үндсэн асуудал бол бэлчээрийн бүтээмж, биологийн олон янз байдлыг тэтгэдэг бэлчээрийн экосистемийн төлөв байдал, орчны нөхцлүүд олон газар буурч байгаа явдал юм.

Үндэсний Статистикийн хорооны мэдээлж байгаагаар 2018 онд малын тоо 110.8 сая хонин толгой болж түүхэнд урьд өмнө тэмдэглэгдээгүй түвшинд хүрчээ. Бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх анхны алхмыг хийсэн Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөл холбогдох яам, агентлаг, их сургуулиудтай хамтран Монгол улсын хэмжээнд бэлчээрийн төлөв байдлыг тогтоох, сайжруулахад чиглэсэн үнэлгээ, мониторинг болон менежментийн аргачлал, ажиллагааг шинээр боловсруулсан билээ. Үндэсний хэмжээнд стандарчлагдсан бэлчээрийн мониторингийн арга зүй нь бэлчээрийн төлөв байдлын урт хугацааны өөрчлөлтийг бодитой үнэлэх боломжийг олгож байгаа юм.

Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) нь бэлчээрийн мониторингийн шинэчилсэн аргачлал, ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төдийгүй бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн талаар үндэсний хэмжээнд мэдээллээр хангах бүрэн чадавхитай боллоо. Бэлчээрийн төлөв байдлыг үнэлж тодорхойлох, бэлчээр ашиглалтын бүс нутаг, орон нутгийн нөхцөлд тохируулсан орон зайн иж бүрэн менежментийн зөвлөмжийг боловсруулах онолын үндэслэл, экологийн талбарын тодорхойлолт хэмээн эдүгээ нэрлэх шинэ аргачлалуудыг их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ), ЦУОШГ-ын мэргэжилтнүүд хамтран боловсруулав.

Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээн дээр 2011 оноос эхлэн бэлчээрийн мониторингийн нэгдсэн арга зүй, дүн мэдээ боловсруулан тайлагнах шинэчилсэн аргачлалыг ашиглан бэлчээрийн төлөв байдлыг засаг захиргааны анхан шатны нэгж багийг төлөөлсөн 1516 цэг дээр хянаж байна. Бэлчээрийн мониторингийн 2016 оны мэдээллээр, мониторингийн бүх цэгийн 42 хувь нь төлөв байдлын хувьд “соргог” буюу “талхлагдаагүй”, 13.5 хувь нь сул, 21.1 хувь нь дунд зэрэг, 12.8 хувь хүчтэй талхлагдсан, харин 10.3 хувь нь сэргэлтгүй талхлагдсан хэмээн тогтоогджээ. Өмнөх тайлангийн суурь он буюу 2014 оныхтой харьцуулбал, бэлчээрийн талхлагдлын түвшин сүүлийн 2 жилд өссөн дүнтэй, талхлагдаагүй болон сул талхлагдсан гэж ангилагдсан цэгийн тоо 10 хувь буурч, хүчтэй болон сэргэлтгүй талхлагдсан цэг 4.3-5.9 хувиар тус тус нэмэгджээ.

Энд дарж ҮНДЭСНИЙ ТАЙЛАН -г үзнэ үү.