card

Эрүүл мал

Эрүүл мал

МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МӨШГӨХ СИСТЕМИЙГ

УЛСЫН ХЭМЖЭЭНД НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, шинэ санаачилгын гол зорилго бол Монгол Улсын махны экспортын чадавхыг сайжруулах явдал юм. Олон улсын шаардлагад нийцсэн, вэбэд суурилсан Малын эрүүл мэндийн мөшгөх системийг хөгжүүлж нэвтрүүлэх ажлыг Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран 2017 онд Архангай аймгийн Тариат, Өндөр-Улаан сумдад туршиж эхэлсэн бөгөөд улсын хэмжээнд нэвтрүүлэх үйл ажиллагааг ХХААХҮЯ-ны дэмжлэгтэйгээр 2019 оны 11 сараас эхлэн зохион байгуулж байна.

Энэхүү систем нь малчид, малын эмч нарын хамтран хэрэгжүүлсэн мал эмнэлгийн үзлэг, оношилгоо, эмчилгээ, малын шилжилт хөдөлгөөн зэрэг тухайн малын төрсөн үеээс хойших түүхийг илэрхийлэх үнэн зөв, баталгаатай мэдээллийг бүртгэн авч худалдан авагч, хэрэглэгчдэд дэлгэн харуулах боломжийг олгодог. Энэ нь малын өвчний гаралт, тархалтыг тодорхойлох зорилгоор хийгдэж байгаа тархвар зүйн тандалт судалгааг боловсронгүй болгох зорилготой юм. Үүний зэрэгцээгээр МЭЕГ дээр цугларсан улсын хэмжээний мэдээллийн сан дээр тулгуурлан худалдааны хорио цээрт халдварт өвчингүй бүсийг тогтоон баталгаажуулах, малчны хотонд хүргэж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг хянах боломжийг олгож байгаа юм.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай шинэ хуульд нийцүүлэн боловсруулсан энэхүү систем нэвтэрснээр бэлтгэн нийлүүлэлтийн хэлхээний бүхий л шатны үйл ажиллагаанд эрс өөрчлөлт орж байгаа бөгөөд дундын зуучлагчид янз бүрийн сумдаас цуглуулсан гарал үүсэл тодорхойгүй, мал эмнэлгийн гэрчилгээгүй мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг төвлөрсөн зах зээл рүү нэвтрүүлэх боломжгүй болж байна. Энэхүү санаачилгын хүрээнд гар утасны аппликейшн зохион бүтээсэн ба энэ нь мах худалдан авч буй хэрэглэгчид малын гарал үүсэл, эрүүл мэндийн талаархи мэдээллийг харуулах зорилготой юм. Худалдан авагч утасныхаа бар код унших үйлдлийг ашиглан махны баглаа боодол дээрх бар кодыг уншуулаад тухайн махыг бэлтгэсэн малын гарал үүсэл, эрүүл мэндийн мэдээлэл, улмаар малчин, боловсруулах үйлдвэрийн талаарх мэдээллийг үзэх боломжтой.

Зөвхөн мал эмнэлгийн байгууллагуудад төдийгүй малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэгчдийн төлөө зохион бүтээж нэвтрүүлсэн энэхүү системийн үр өгөөжийг илүү олон хүнд хүртээхийн тулд хувийн бизнесийн салбарын үйл ажиллагаа руу холбох талаар төслийн хамт олон анхаарлаа хандуулан ажиллаж байна.