“Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журмын төсөл боловсруулах” гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлангийн 2016 оны судалгаагаар манай орны нийт бэлчээрийн 57% унаган төлөв байдал нь өөрчлөгдөж доройтсоноос 13.5 % бага зэрэг, 21.1% дунд зэрэг, 12.8% хүчтэй, 10.3% бүрмөсөн цөлжих эрсдэлд орж, бэлчээрийн даац хэд дахин хэтэрсэн болохыг тогтоожээ. Тиймээс малын тоо толгойг бэлчээрийн даацтай уялдуулах зүй ёсны шаардлага тулгарсанаас гадна уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд анхаарал хандуулах цаг ирээд байна.

Гэвч нийтийн өмч болох бэлчээрийн газарт хувийн аж ахуй болон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх нь олон төрлийн зохицуулалт шаардах болсон. Тухайлбал, бэлчээрийн хил зааг, ашиглалтын хугацаа, нүүдэл сэлгээний давтамж, хугацааг бэлчээрийн менежментийн жил бүрийн төлөвлөгөөндөө оруулдаг ч тусгай зохицуулалт хэрэгтэй байна. Иймд бэлчээр ашиглалтыг төлөвлөх, хэрэгжилтийг хангах, үр дүнг тодорхой болгох, үүссэн зөрчил маргааныг багасгах, зохистой ашиглалтыг төлөвшүүлэх, ашиглагч талуудыг хариуцлагажуулах журам бий болгосноор бэлчээрийн төлөв байдлыг тогтвортой хадгалах, малын ашиг шим дээшилж, малчин өрхийн орлого нэмэгдэх бодит боломжууд бий болно гэж үзсэн тул Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг болон “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх” төслийн зохицуулагч Л.Мэнд-Амар нар “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журмын төсөл боловсруулах” гэрээнд гарын үсэг зурлаа.

Л.Мэнд-Амар:Хамтран ажилладаг бүх аймаг, сумдын ИТХ-д жишиг журам явуулснаар бүх аймаг сумдад бэлчээрийн менежментийг сайжруулах тогтоол шийдвэр гаргахад нөлөөлөхүйц үр дүнтэй ажил болох юм

/“Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх” төслийн зохицуулагч/

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх” төсөл нь Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа юм. Энэ төслийн үндсэн зорилго бол “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хууль”, “Малын тоо, толгойн албан татварын тухай хууль” зэрэг хуулиудын хэрэгжилтийг дэмжиж ажиллах, орон нутгийн бэлчээрийн менежмент, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсөв санхүү, хяналт, шинжилгээ болон орон нутгийн бусад үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт зэргийг сайжруулахад чиглэн ажиллах юм.

Манай төслийн баримт бичигт дурьдсан нэгэн  том зорилтын нэг болох Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих”, “Аймгуудын бэлчээрийн менежментийг сайжруулах”, мөн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 20.23-т заасны дагуу Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллаж орон нутгийн бэлчээр ашиглалтыг  сайжруулах чиглэлд жишиг журам хийлгэхээр гэрээ байгууллаа. Энэ гэрээ хэрэгжсэнээр манай төслийн хүрээнд хамтран ажилладаг бүх аймаг, сумдын ИТХ-д жишиг журам явуулах юм. Ингэснээр бүх аймаг сумдад бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлд тогтоол шийдвэр гаргахад нь нөлөөлөхүйц үр дүнтэй ажил болох юм.

Н.Ганхуяг: Бэлчээрт тулгамдаад байгаа асуудлыг орон нутагт шийдвэрлэх гол түлхүүр нь Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам болон Бэлчээр ашиглалтын гэрээ гэж үзэж байна

/Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал/

Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх төслөөс  бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь сум аймгийн түвшинд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг  боловсруулж хэрэгжүүлснээр бэлчээрт тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэх юм.

Тухайлбал, бэлчээрийн даацыг зохицуулах, бэлчээрийн маргааныг багасгах, бэлчээрийн сэргэх чадавхыг дэмжих чиглэлд тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ гэж үзээд энэ журмын төслийг боловсруулах ажлыг манай Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран хэрэгжүүлэхээр болсонд бид таатай хүлээж авсан. Бэлчээрт тулгамдаад байгаа асуудлыг орон нутагт шийдвэрлэх гол түлхүүр нь Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам болон Бэлчээр ашиглалтын гэрээ гэж үзэж байна.  Мэдээж  сум бүрт бэлчээрийн өөр өөр асуудалтай тул зохицуулах механизм нь харилцан адилгүй байдаг. Тиймээс орон нутгийнхан өөрсдийн бэлчээр ашиглалтын онцлогт тохирсон журмыг малчидтайгаа хамтарч боловсруулаад хэрэгжүүлвэл бэлчээрийн менежментийн тулгамдсан олон асуудлыг шийднэ гэж үзсэн тул манай холбоо төслийн багтай нягт хамтран ажиллаж, үр дүнг гаргах болно.

П.Нарандэлгэр