“Тэсийн голын нүүдэлчид 2023” өв соёлын наадам болж байна

Монголын минь тал нутаг амар амгалан байг

Мохошгүй дээдсийн минь туг сүлд өөдөө намиран байг

Хөвсгөлийн уул тайг хөхрөн униартаж байг

Хөгжил дэвшлийн уухайн түрлэг мөнхөд цуурайтан байг

Тэс мөрөн минь мөнхөд мяралзан урсаж байг

Тэнгэрлэг зон олон минь эвтэй эетэй байг хэмэсэн “Тэсийн голын нүүдэлчид 2023” өв соёлын наадам /2023.08.07/ Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг сумын заагт эхэллээ.

Энэхүү наадамд Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Мөнгөнхуяг, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, “Тэсийн голын нүүдэлчид 2023” соёлын наадмын ерөнхий зохион байгуулах комиссын дарга Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг дарга С.Гончигням, Цагаан-Уул сумын ИТХ-ын дарга Н.Алтанбаатар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга Н.Анхбаяр, Цэцэрлэг сумын ИТХ-ын дарга Б.Буд, Завхан аймгийн Асгат сумын Засаг дарга Ё.Нямрагчаа, Завхан аймгийн Баянтэс сумын Засаг дарга Х.Лүндээжанцан, Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга Б.Банзрагч, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Удаанжаргал, Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын орлогч Т.Мягмаржав, Увс аймгийн Тэс сумын Засаг дарга  С.Дагвасүрэн, Увс нуур, Тэс голын сав газрын захиргааны дарга М.Анхбаяр, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны төлөөлөл Ц.Энх-Амгалан, Н.Ганхуяг, С.Гүррагчаа, Завхан аймгийн Соёл урлагийн газрын дарга М.Нямдорж, Завхан аймгийн ХХҮГ-ын дарга н.Ренчиндорж тэргүүтэй гурван аймгийн найман сумын зочид төлөөлөгчид, Тува, Франц, АНУ, БНСУ-ын хүндэт зочид, жуулчид, сумдын төлөөлөл иргэд оролцож байна. Анх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү наадмын эхний өдөр “Хотгойд судлал” эрдэм шинжилгээний хурал болж, хотгойд ардын дууны наадам, эрийн гурван наадам зохиогдож, гурван аймгийн найман сумын төлөөллүүд оролцов.

Наадмыг нээж Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав хэлэхдээ “Монголд зочлох жилийн хүрээнд хоймор нутаг Хөвсгөл аймаг 2023 оныг “Хөвсгөлд зочлох жил болгон зарлаж, гадаад дотоодын жуулчдад зориулсан евэнт арга хэмжээнүүдийг зохион байгуулж буй. Эдгээр арга хэмжээний нэг болсон “Тэсийн голын нүүдэлчид 2023” өв соёлын наадам Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг сумын заагт эхэлж байна. Тэс голын дагууд амьдарч байгаа зон олон та бүхэн минь өвөг дээдсээс уламжлагдан ирсэн эх сайхан нутгаа хайрлан хамгаалж, өв соёлоо сурталчилан таниулах их үйлсэд сэтгэл, зүтгэл нэгтэйгээр энэ хоёр өдрийг өнгөрүүлээрэй” хэмээн онцолсон юм.

Энэхүү наадмыг зохион байгуулах болсон учир шалтгаан нь онцгой содон байлаа. Тодруулбал,  зуун зуун жилээр ундаалж ирсэн Тэсийн гол дагуу нутагладаг хотгойд, баяд, урианхай үндэстэн ястануудыг нэгтгэж, нүүдэлчин соёл, өв уламжлалыг гадаад дотоодын жуулчдад сурталчилан таниулж буй энэхүү наадмын зохион байгуулагчид “Нэгэн голын хүүхдүүд” нэгдэж байгааг онцоллоо. Учир нь наадамд оролцогчид гурван аймаг, найман сумаас ирсэн ч Тэс голынхоо уснаас хэдэн үеэрээ ундаалж ирсэн гэдгээрээ амь нэгтэй байж, ус голоо хамтын сэтгэлээр хайрлан хамгаалж, эцэг өвгөдийн сургаалийг дагаж, хойч ирээдүйдээ өвлүүлэн үлдээхийг зорьсон аж. Тиймээс наадмын нээлтийн үеэр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны төлөөлөл Ц.Энх-Амгалан, Н.Ганхуяг, С.Гүррагчаа нар гурван аймгийн найман сумын Засаг дарга нарт эвийн билгэдэл болгож, найман сум, нум гардуулан өгөхдөө Тэсийн голын нүүдэлчид наадмыг жил бүр өөр аймаг сумдад уламжлан зохион байгуулахдаа эв эеийн билгэдэл болгох зорилготой гэлээ. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны төлөөлөл болох  Н. Ганхуяг нь Хөвсгөл Цэцэрлэг сумын уугуул, С.Гүррагчаа нь Завхан аймгийн Тэс сумын уугуул, Ц.Энх-Амгалан нь Увс аймгийн Тэс сумын уугуул бөгөөд Тэсийн голоо хайрлан хамгаалах, нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Тэсийн голын Монголчууд” аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлж,  нутгийн иргэдийн амьдрал аж ахуй, соёл зан заншил, өв уламжлалийг гадаад дотоодын жуулчдад танилцуулсан баримтат кино зэргийг бүтээж байсан юм. Тиймээс Тэсийн голын эхэн, дунд, адагт төрж өссөн нутгийн хүний сэтгэлээр нэгдэж эхлүүлсэн ажил нь ийнхүү олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээ болон өргөжиж байгаад талархал илэрхийлэн хатан эхийн сургааль шингэсэн билгэдэлийг хүлээлгэн өгсөн аж.

Наадмын хоёр дахь өдөр буюу өнөөдөр ирсэн зочдод Чингүнжав, Жалханз хутагт, Хотгойд. Баяд, Урианхай ястаны музей үзүүлж, адуучин тэмцээн, хүчит бөхийн барилдаан, тэсийн хурдан хүлгүүдийн үзэсгэлэн худалдаа, Органик Хөвсгөл хөтөлбөрийн хүрээнд Цагаан-Уул үүлдэрийн хонь,мах, сүү, цагаан идээний үзэсгэлэн худалдаа зэрэг арга арга хэмжээ болно. Мөн Хотгойд, Урианхай, Баяд олон ястны өв соёл, заншил таниулах зорилгоор даахь үргээх ёс, хуримын ёс, унага тамгалах ёс, эсгий хийх ёс зэрэг олон сонирхолтой танин мэдэхүйн үйл ажиллагаануудаар үргэлжилэх юм.

П.Нарандэлгэр