Г.Тэмүүлэн: Хамтаараа эзэмшдэг, ашигладаг, нөхөн сэргээдэг, гэрээгээр хариуцлага хүлээдэг тогтолцоо цоо шинэ зүйл биш

УИХ-ын нэр бүхий 21 гишүүн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /2023.06.20/ санаачлан боловсруулж, өргөн барьсан билээ. Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын 2023 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаа юм. Уг хуулийн төслийг хэлэлцэн батлахаас өмнө холбогдох төлөөллүүдийг оролцуулан бүсчилсэн хэлэлцүүлгүүд хийгдсэн. Энэ удаад /2023.10.25/ эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон хэлэцүүлгийг зохион байгуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Газрын тухай хуулийн гол ач холбогдлыг хэрхэн тодорхойлох вэ?

-Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ асуудал маань үндсэндээ бэлчээрийн харилцааг зохицуулах гол баримт бичиг болох юм. Үндсэндээ Монгол Улсын эдийн засгийн тулгуур мал аж ахуйн салбарын суурь болсон асуудал гэж болно. Монгол Улсын МАА-н салбарын гол амин сүнс нь бэлчээр. Бид цаашдаа МАА-н салбарын хүртээмжийг нэмэгдүүлж, малчдын амьжиргааг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулья гэвэл нэг талдаа бэлчээрийн асуудлаа цогцоор нь шийдвэрлэхээс өөр гарц бидэнд байхгүй.

Монгол Улсын нийт газар нутгийн 70 орчим хувь нь өнөөдөр доройтолд орсон. Үүнийг нөхөн сэргээх боломж нь хүнд байдалд орсон байна. Үүнээс улбаалаад Монгол Улсын нийт мал сүргийн дийлэнх нь тодорхой хэмжээнд жин, ашиг шим нь буурч, энэ салбарын бүтээмж буурсан үзүүлэлттэй гараад байдаг. Нэг хонины гулууз махаар аваад үзвэл 20 орчим хувиар амьдын жин нь буурсан. Мөн сүүний гаралт нь 10-15 орчим хувиар буурсан үзүүлэлт сүүлийн 10 орчим жилд гарч байна. Энэ юуг харуулж байна вэ гэвэл газрын харилцааг төрөөс зөв зохицуулалт хийж, эрх зүйн харилцааг нь зөв бүрдүүлээгүй, бэлчээрийн даац хэтэрсэнээс үүдээд бодит эдийн засгийн боломж асар ихээр буурч байгааг илтгэнэ.

Бидэнд алдагдсан боломж их байгааг судалгаагаар гаргаж ирсэн. Тэгэхээр энэ үүднээс бид Газрын тухай хуулин дээр бэлчээрийн асуудлыг тусгайлан оруулж байна. Тэр дундаа илүү хамтын оролцоотойгоор, гэрээгээр, багийнхаа түвшинд, анхан шатандаа малчид хамтарч ашигладаг болох, улирлын бэлчээрийг бий болгох шаардлагатай байна. Тухайлбал, зун, намар, өвөл. хаврын бэлчээрийн зааг ялгааг гаргаж, тэр дундаа өвөлжөө хаваржааны газрыг чөлөөлөх харилцааг багийн түвшинд гаргаж ирж байгаа. Багийн хурлаас гадна сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга нар хуулийн хүрээнд ямар асуудлыг хариуцах вэ гэдэг нь тодорхой болно.

Сум дундын отрын нөөц газар нутгийн харилцааг шинээр бий болгож, аймаг дундын отрын нөөц газрыг бий болгож байгаа юм. Өнөөдрийн зохицуулалтаар аваад үзвэл Монгол Улсын баруун талаас зүүн тийшээ нүүх шилжилт хөдөлгөөн асар их нэмэгдэж байна. Өнөөдөр хүнийрхүү сэтгэлээр гэдэг юм уу, тухайн  нийтийн бэлчээрийг зүгээр л ашиглаад өнгөрдөг, ямар нэг хариуцлага хүлээдэггүй тогтолцоо үргэлжилсээр баруун талаас зүүн тал хүртэлх бүх бэлчээр нутаг цөлжөөд үлдэж байгаа нөхцөл байдал үүсч байна. Монгол Улсын 330 сум, 1500 баг дээр ямар нэг бэлчээрийн маргаангүй, үл ойлголцолгүй бүс нутаг байхгүй болчихлоо. Бүх бүс нутагт бэлчээрийн даац хэтэрсэн. Тэр дундаа сүүлийн 5 жилийн хугацаанд асар хурдацтайгаар нэмэгдэж байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх зохицуулалт хийж бэлчээрийг өнжөөдэг, сэлгэдэг, амраадаг харилцаанд орохгүй бол эргээд Монгол Улсын бэлчээр цаашдаа нөхөн сэргээгдэхгүй байх эрсдэл тулгарч байна. Тиймээс бид бэлчээрийг хамгаалах үүднээс Газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын нэр бүхий гишүүд Хаврын чуулганаар өргөн барьсан. Одоо УИХ дээр ажлын хэсэг байгуулагдан миний бие ахлаад явж байна. Энэ удаагийн Намрын чуулганаар эцэслэн батална гэсэн төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

-Эрдэмтэн судлаачидтай хийсэн хэлэлцүүлгээр оролцогчид яг ямар асуудлыг дэвшүүлж байна?

-Эрдэмтэн, доктор судлаачдын хэлж байгаа зүйл бол боловсруулсан хуулийн төсөлтэй холбоотой тодорхой саналууд, магадгүй орхигдуулсан саналуудыг нэмж тусгах асуудлыг ярилцсан. Нөгөө талаар бидний зохицуулж байгаа хуулийн харилцаа бол цэвэр бэлчээртэй холбоотой. Баг, сум, аймгийн түвшинд зохицуулах харилцааг тодорхой болгох нь маш чухал байна. Түүнчлэн өнөөдөр бэлчээрийн мал аж ахуйгаас гадна эрчимжсэн МАА-н асуудал анхаарал татаж байгаа. Тухайн аймаг, сумын сүү махны хэрэгцээг хангая, эрчимжсэн мал аж ахуй эрхлэе гэхээр газар олдохгүй асуудлууд гардаг. Энэ асуудлыг зохицуулах тодорхой журмыг хийж, аймгийн Засаг дарга нь газар олгодог эрхийг бий болгох, тухайн багийн түвшинд нэмэлт халдан тэжээл бий болгох ганц гарц маань ногоон тэжээл тариалах юм. Гэтэл одоогийн хуулинд ямар нэгэн зохицуулалт алга байна. Тэгэхээр нэмэлт өөрчлөлт оруулж байгаа хуулин дээр нэг га газрыг тухайн багийн иргэдийн саналын үндсэн дээр тухайн малчинд эзэмшүүлж, ногоон тэжээл тариалах эрхийг олгох юм.

-Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүх шатанд хэлэлцээд эцэслэн шийдвэрлэх нь тодорхой боллоо. Гэхдээ нөгөө талаар малчид бэлчээрийн асуудлаас үүдэн нүүдэллэсээр байгаа нь нутаг орон эзэнгүйдэж үлдэх, талхлагдаж үлдсэн газрыг хэн нөхөн сэргээх нь тодорхойгүй байсаар л байна. Магадгүй Монголчуудын оршин тогтнох үндэс болсон бэлчээр нутагт эзэн нь болж төрсөн малчин таны сэтгэл хэрэгтэй гэж хэлмээр санагддаг. Энэ талаар таны бодол?

-Тэгэлгүй яахав. Өнөөдрийг хүртэл буюу зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш хувийн өмчийн малыг нийтийн эзэмшлийн газар нутаг дээр эзэмшүүлдэг хууль эрх зүйн тогтолцоо тогтсон байна. Энэ асуудлыг өөрчилж хамтаараа эзэмшдэг, хамтаараа ашигладаг, хамтаараа нөхөн сэргээдэг, хамтаараа гэрээгээр хариуцлага хүлээдэг тогтолцоог бүрдүүлэхийн тулд л энэ хуулийн төслийг гаргасан. Тэгэхдээ энэ нь цоо шинэ, шинэлэг зүйл биш. Социализмын үед буюу сум, сангийн аж ахуй нэгдлийн үед хамтдаа бэлчээрээ ашиглах, эзэмших, хариуцлагажуулдаг тогтолцоо бүрэлдсэн байсан. Сум орон нутгийн хүрээнд улирлын чанартай газар нутгийг ашигладаг тогтолцоо байсан. Энэ талаарх сайн туршлагыг судалж, орчин цагийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан, Монгол орны төдийгүй МАА-н салбарын онцлогт тохируулан хуульчилж байгаа юм.

 П.Нарандэлгэр