Засаглалыг дэмжсэн төслүүдийн үр дүнг хэлэлцэх уулзалтад оролцлоо

Швейцарын хөгжлийн агентлаг Засаглалыг дэмжих үндсэн зорилгынхоо хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж, төслийн үр дүнг хэлэлцэх уулзалтыг /2023.12.15/ Төрийн ордонд зохион байгуулав. Мөн тус байгууллагын дэмжлэгтэй төрийн байгууллагуудын чиг үүргийг оновчтой хуваарилах зорилго бүхий “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл хэрэгжиж дууслаа.

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх” төсөл нь Иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн төрийн тогтвортой үйлчилгээ үзүүлэх, чадавхажсан, ардчилсан, иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг засаг захиргааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах гол зорилго бүхий гурван дэд төслөөс бүрдсэн юм. Тодруулбал, Швейцарын хөгжийн агентлаг болон УИХ-ын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх” нь дэд төсөл, Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Ерөнхийлөгчийн Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх нь” дэд төсөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран хэрэгжүүлж байгаа "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” дэд төслүүд багтаж байна.

2021 оноос эхэлсэн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх" дэд төслийн хүрээнд МБАНХ-ны зүгээс бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлд хамтран ажилласан бөгөөд  орон нутгийн засаглал, нутгийн удирдлагын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж, сургалт зохион байгуулж,  “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжүүлэхэд оролцсон юм. Тухайлбал, орон нутаг, бүсийн сургалт зөвлөгөөнд оролцож, бэлчээрийн менежментийн сургалт, “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжиж эхэлсэнээс хойш гарсан үр дүн болон сургалтын видеог бэлтгэх зэргээр хамтран ажилласан билээ.

“Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн тухайд нийслэл болон 21 аймаг, 330 сумын хэмжээнд 2021-2023 оны хооронд шат дараатай олон үйл ажиллагааг хэрэгжүүлжээ. Ийнхүү хууль хэрэгжсэн эхний жилд буюу 2021 онд 15.3 тэрбум төгрөг, 2022 онд 19.9 тэрбум төгрөг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрсөн байна. Дэд төслийн бас нэг гол зорилго нь 2020 онд батлагдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх юм. Манай улсын хэмжээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын 8,000 гаруй төлөөлөгчийн 60 хувь нь орон нутгийн сонгуулиар 4 жил тутамд шинэчлэгддэг. Хурлын төлөөлөгчдийг иргэдийнхээ эрх ашигт нийцүүлж ажиллах, саналыг нь тусган, хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулах, түүнтэй уялдсан төсвөө гаргах,  Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих зэрэгт суралцах, чадавхыг сайжруулахад чиглэсэн цогц сургалт, судалгааг төслийн зүгээс зохион байгуулсан байна.