НЭС Монгол Платформын хариуцагч байгууллагын чиг үүргийг Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо хүлээн авлаа

Олон Улсын Газрын Эвсэл (ОУГЭ) нь Хүн-Төвтэй Газрын Засаглалын төлөө хамтран ажиллаж буй иргэний нийгмийн болон засгийн газар хоорондын байгууллагуудын хүчирхэг эвсэл юм.

НЭС буюу “Үндэсний оролцоот стратеги” бол хүн-төвтэй газрын засаглалыг дэмжих зорилтын хүрээнд ОУГЭ-ээс санаачилсан олон талын оролцоо бүхий үйл ажиллагаа юм. Үндэсний оролцоот стратги нь ОУГЭ-ийн гишүүн ба гишүүн бус байгууллагуудын үйл ажиллагаагаар хэрэгжих бөгөөд иргэд, иргэний нийгмийнхэн, байгууллагууд /засгийн газар хоорондын, сургалт-судалгааны байгууллага, төрийн гэх мэт/ хариуцдаг тогтолцоотой. Газрын засаглалын асуудлаар төрийн ба иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллаж чадавхжих, цаашилбал өргөн хүрээтэй харилцааг төлөвшүүлэх явдал чухал зорилтын нэг мөн. НЭС-ийн үйл ажиллагаа нэлээд томоохон, шийдэл хүлээж буй асуудлууд, тухайлбал газрын мониторинг, орон зайн зураглал, газрын маргаан зөрчлийг шийдвэрлэх, эрхзүйн зөвлөгөө, чадавх бэхжүүлэх, бодлогын хэлэлцүүлэг, жендерийн мэдрэмж, нэн ялангуяа эмзэг бүлгийн иргэдийн газрын эрхийг хамгаалах, баталгаажуулах чиглэлд түлхүү чиглэгдэж байна.

Монгол улсын НЭС Монгол Платформ албан ёсоор 2019 оны 11 дүгээр сард нээлтээ хийсэн бөгөөд гишүүн байгууллагуудаар Жасыл холбоо, Бодлого Судлалын төв, Монголын Газар Зохион Байгуулагчдын Холбоо болон Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо ажиллаж байна. Платформыг хариуцагч байгууллагын чиг үүргийг Бодлого судлалын төв 2019-2020 онд амжилттай гүйцэтгэж, үйл ажиллагаааны тайланг Олон улсын газрын эвсэлд хүлээлгэн өгсөн.

НЭС Монгол платформын стратеги, 3 жилийн төлөвлөгөөний дагуу энэхүү чиг үүргийг Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо (МБАНХ) 2020 оны 9-р сарын 2-ний өдөр хүлээн авлаа. Чиг үүргийн дагуу МБАНХ нь Олон Улсын Газрын Эвсэл болон гишүүн байгууллагуудтай 2020-2022 онд хамтран ажиллах юм.