“Мал аж ахуй, бэлчээрийн менежментэд малын тоо толгойн албан татварын нөлөө” сэдэвт сургалтыг зохион байгуулав

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос “Мал аж ахуй, бэлчээрийн менежментэд малын тоо толгойн албан татварын нөлөө” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. ХХААХҮЯ, Малын удмын сангийн үндэсний төв, Аймаг дундын отрын бүс нутаг ашиглалтын захиргаа, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа  хөгжлийн төв, Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газар ШХА-ийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран зохион байгуулсан уг сургалтад Төв аймгийн Сүмбэр, Өндөрширээт сумдын ИТХ-ийн төлөөлөгчид, МАА-н мэргэжилтэн, газрын даамал, Багийн Засаг дарга нар, Сумын бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн, Сумын бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлгийн ахлагч нар болон Төв аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Х.Мягмарсүрэн нар хамрагдлаа.

Загвар сумдын төлөөлөл болгон Өндөрширээт, Сүмбэр сумын холбогдох албаныханд зориулсан энэхүү сургалтаар бэлчээрийн төлөв байдал, чанарын өөрчлөлт болон даац ачааллын одоогийн байдлыг тогтоох, явцыг хянах, цаг тухайд нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалт, мал маллагааны арга технологийг тохируулах, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаарх мэдлэг, ур чадварыг ИТХ-ийн төлөөлөгчид, ЗДТГ-ийн мэргэжилтэн, Багийн Засаг дарга нар, малчид, малчдын хэсэг бүлэг, холбооны төлөөлөлд олгохыг зорьсон юм.

Тухайлбал, Малын тоо толгойн албан татвараар бэлчээрийн менежментийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, "Орон нутгийн хөгжлийн сан"-ийн эх үүсвэр болгон мал аж ахуй, бэлчээрийн менежментийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах, Малын тоо толгойн албан татвар тогтооход баримтлах зарчим, Татварын бодлогоор мал сүргийг өсгөх зохистой байршил, хэмжээг зохицуулах, Экологийн бүс нутаг дах зонхилох төрлийн малын уламжлалт зохистой байршлыг хадгалах, Үржлийн малын заазлалт борлуулалтын зохистой хэмжээ, Бэлчээр ашиглах төлөвлөгөө боловсруулах (Бэлчээрийг улирлаар хуваарьтай ашиглах, сэлгэж ашиглах арга технологи ногоон конвейр байгуулах, хөрсгүй тариалалт), Малын гаралтай түүхий эдийн мөшгөх тогтолцоог хөгжүүлэх, ХХААХҮЯ-ны бодлого, шийдвэр, Салбарын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэргүүний туршлага зэрэг сэдвүүдээр мэдээлэл өглөө.

П.Нарандэлгэр