Бугат суманд “Арвин хадлан” төсөл хэрэгжүүлэв

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Хатуу багийн Хужирт Бэлчээр ашиглагчдын хэсэг /БАХ/ Хар усын голын эрэгт  хадлан усжуулан, хашиж хамгаалах “Арвин хадлан” жижиг төслийг хэрэгжүүлсэн байна. Уг төслийг бэлчээр нутагаа сэлгээн, өнжөөхийн тул хугацаандаа зусланд нүүдэг, бэлчээрийн даацыг таруулахын тул отор нүүдэл хийдэг БАХ-ын малчдын  өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, хөдөлмөрийг хөнгөвчлөх, илүү зарлагыг багасгаж, амжиргааг сайжруулах , цаашид БАХ-ын малчдын амжиргааны  эх үүсвэр болсон бэлчээр нутагаа хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлжээ. 

Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Төсөл хэрэгжсэнээр Малчдын хэсэг, бүлгүүдийн малчид  үнэн  сэтгэлээсээ нийлж чадвал, төслөөс дэмжлэг авч  их ажил бүтээн байгуулж үр шимийг хүртэж чаддагийг харуулсан, бусад малчдад үлгэр дуурайлал болсон ажил боллоо хэмээн оролцогчид дүгнэж байна. 

Бугат сум  Хатуу багийн Хужирт  БАХ-ын малчин М.Болысбай: Бугат сумын Хатуу багийн Хужирт БАХ нь уул, хадтай хадлангийн талбай маш хомс БАХ-ийн нэг юм. Малчин өрхүүд намар Хатуу, Харусын голын эргээс бага хэмжээний өвс тэжээл бэлтгэн авдаг, голдуу аймгийн зах дээрээс худалдан авч их зарлага гаргадаг юм. Бэлчээрийн хүрэлцээ муу тул малаа онд мэнд оруулахын тулд отор, нүүдэл их хийдэг уламжлалтай. Мал төллөх үеэр өвс тэжээл маш их шаардагдана. Иймд хэсгийн малчид санал гарган Сумын малчдын байгууллагад хүсэлт гаргаж, төсөл оруулсан байсан. Манай төслийг хүлэн авч хөрөнгө мөнгөөр тусалсан Аймаг, сумын бэлчээр ашиглагчдын холбоо, Ногоон алт, малын эрүүл мэндийн төслийн хамт олонд баярлаж байна.

Хатуу багийн Хужирт  БАХ-ын ахлагч Каусар Орынбай: Манай багийн 15 гаруй малчид хөрөнгө хүчээ нэгэтгэн 5 га хадлангийн талбайгаа 5,500,000 төгрөгөөр хашиж хамгаалж авсандаа маш их баярлаж байна. Тус хадлангийн талбайд хашаалаагүй байхад ойрхон зусдаг зарим айлуудын бод, адуу мал байнга орж идэж, сүйтгэдэг байлаа. Тус БАХ, бүлгийн малчид бэлчээр, хадлан хамгаалахад дагаж мөрдөх журамаа сайн биелүүлдэг зусланд эрт гарч, намар оторт байж орой бууж бэлчээр нутгаа хамгаалах сайн талтай. Иймд Малчдыг хэсэг, бүлгийн зохион байгуулалтанд оруулж хамтарч ажилласаны ачаар малчин өрхөд чухал хэрэгтэй ажлыг хийж чадлаа гэж бодож байна. Тус ажлыг хийж гүйцэтгэхэд мөнгөн хөрөнгийн болон малчидыг нэгтгэн зохион байгуулалтанд оруулах талаар тусалсан аймаг, сумын малчдын байгууллага, Ногоон алт, малын эрүүл мэнд төслийнхэнд маш их баярлалаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай.