МБАНХ-ны нэрэмжит “Ногоон Алт” шагналаар шагнаж, батламж гардууллаа

Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төсөл /2021.09.10/ "Байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйн хариуцлагатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьсан 17 жилийн түүчээ" нэртэй хаалтын арга хэмжээг МҮОНРТ-ээр шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн юм. Хаалтын арга хэмжээний дараа Скай төвд НАМЭМ-ийн төслийн багийн гишүүд, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны хамт олон, 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирлууд болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Н.Ганибал нар урилгаар оролцож, хаалтын хуралд мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

Энэ үеэр Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн үндэс суурь болсон бэлчээр нутгийг хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд нэгдэж, байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход сэтгэл оюунаа зориулан уриалж, үлгэрлэн манлайлж ажилласан хичээл зүтгэлийг үнэлж Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны нэрэмжит “Ногоон Алт” шагналаар шагнаж батламж гардууллаа. "Ногоон алт" нэрэмжит шагналыг УИХ-ын гишүүд, НАМЭМ төслийн багийнхан, Хуучин 7 Аймгийн Бэлчээр ашиглагчдын Гүйцэтгэх захирлуудад гардуулж өгсөн юм.  Мөн 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын Гүйцэтгэх захирлууд Ногоон алт малын эрүүл мэн төслийн багийнханд морин хуур,дурсгалын зүйлс гардуулан өглөө. 

П.Нарандэлгэр